Б.Жавхлан: 2021 он гэхэд дүрмийн сангаа 100 тэрбум болгоогүй банкуудыг хаана
2018.01.19

Б.Жавхлан: 2021 он гэхэд дүрмийн сангаа 100 тэрбум болгоогүй банкуудыг хаана

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Банкны тухай хуулийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсаны дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлантай цөөн хором ярилцлаа.

-Банкны тухай хуулийг чуулганаар эцэслэн баталлаа. Банкны,. тухай хуульд орсон хамгийн том өөрчлөлт юу байв?

-УИХ банк, санхүүгийн системийн үндсэн суурь хоёр хуулийг баталлаа. Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль. Банкны тухай хуульд орсон хамгийн гол агуулгын том өөрчлөлт бол төв банкнаас банкуудад тавих цоо шинэ хяналт шалгалтын тогтолцоотой болж байгаа хэрэг. Өмнө нь төв банкнаас арилжааны банкуудын гүйцэтгэлд хяналт, шалгалт хийдэг байсан.

Харин Банкны хууль хэрэгжсэнээр урьдчилсан буюу эрсдэлд суурилсан хяналт, шалгалтын тогтолцоо руу шилжиж байгаа юм. Ингэснээр арилжааны банкуудад гарч болзошгүй хүндрэлийг урьдчилж тогтоож, сэргийлэх арга хэмжээ авах бүрэн боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, банк дампуурах.

Дампуурлаас болж хадгаламж эзэмшигч, иргэдийн мөнгө эрсдэлд орох, үүнээс улбаалж татвар төлөгчдийн хөрөнгө рүү халдах тохиолдол өмнө нь гардаг байсан. Тэгвэл Банкны хууль батлагдсанаар энэ эрсдэлүүдийг урьдчилж хаах боломжтой боллоо.

-Хараат болон охин компани байгуулахыг хуулиар хориглочихлоо. Өмнө нь ийм үйл ажиллагаа явуулж байсан банк байгаа бол одоо яах вэ?

-Хараат болон охин компанитай холбоотой зохицуулалт энэ хуульд 2010 онд орж байсан. Тухайн үеийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор санхүү, хөрөнгийн зах зээлд банкуудыг ажиллах боломжийг нээж өгөх зорилготойгоор оруулсан өөрчлөлт байсан. Найман жилийн хугацаанд энэ заалт үүргээ гүйцэтгэсэн. 

Харин одоо бол банк өөрөө хараат болон охин компани байгуулахыг хязгаарлаж байна. Одоо нэгэнт байгуулчихсан бизнесийн загваруудыг шууд огцом эвдэх нь банкиндаа эрсдэлтэй. Гиймээс бизнесийн нэг жилийн сугацаа өгч байгаа. 2018 оны аванхоёрдугаар 31-ний өдрөөр хараат болон охин компанитай холбоотой бизнесээ зогсоох ёстой.

Гэхдээ банк охин компани байгуулахыг л хориглож байгаа юм шүү. Түүнээс биш банкны нэгдэл буюу толгой компаниас байгуулдаг, банктай зэрэгцээохин компанийн санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх боломж нь нээлттэй.

-УИХ-ын гишүүд лоббид өртөөд зээлийн хүүтэй холбоотой заалтыг унагачихлаа гэж зарим гишүүн хэлээд байсан. Төв банк зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтооно гэсэн заалт яагаад уначихав?

-Энэ удаагийн Банкны тухай хуульд 150 гаруй өөрчлөлт орсон. Тэр дунд шууд утгаараа зээлийн хүүтэй холбоотой нэг ч заалт байхгүй. Хууль санаачлагчдын санаачилгаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Түүний хажуугаар банк болон хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” ганц заалт орж ирсэн. Байнгын хорооны хурлын үеэр энэ хуулийг санаачлагчдад нь буцаасан. Энэ талаар нэмэлт тайлбар хийх зайлшгүй шаардлагатай байна. УИХ, төр ард түмнээ хуурч болохгүй. Зээлийн хүү бууруулахыг бид бүгдээрээ л хүсч байгаа. Хуульд нэг өгүүлбэр оруулж өгөөд, ард түмний хүлээлтийг дараад өнгөрнө гэж хуурч болохгүй.

Харин УИХ, Засгийн газар, Монголбанк зээлийн хүү өндөр байгаа оношоо зөв харж, түүнтэйгээ тэмцэх хэрэгтэй. Гэтэл зөв оношлохоосоо халгаад, хуульд ганц өгүүлбэр оруулаад л зээлийн хүү одоо буурна гэж хийрхэж болохгүй. Ганцхан өгүүлбэр хуульд оруулаад төв банк зээлийн хүүг буулгаж чадахгүй. Тийм боломж ч байхгүй.

Зээлийн хүү өндөр байгаа чинь 1990 оноос хойш бидний 30 жил босгосон төр нийгэм, эдийн засгийн тусгал. Бид ийм өндөр өртөгтэй нийгмийг бий болгочихжээ. Хүү бууруулна гэж худлаа ярьж байхаар Монгол орныг хүндрэлтэй байдалд оруулчихаад байгаа гадаад өрийнхөө менежментийг сайжруулах хэрэгтэй. 

Зээлжих зэрэглэлээ сайжруулж, ард түмнийхээ мөнгөн хуримтлалыг дэмжих шаардаагатай байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах ёстой. Ийм асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр, гол асууддаасаа халгаж, хуульд ганц өгүүлбэр оруулж ирээд, одоо зээлийн хүү буурах ёстой. Монголбанкны ажил л үлдлээ гэж хуурч болохгүй.

-Цаашид зээлийн хүүг бууруулах асуудлыг яриад хэрэггүй гэсэн үг үү?

-Зээлийн хүүг бууруулах асуудлыг УИХ, Засгийн газар үеийн үед ярьж байгаа. Маш зөв, байгаа оносон арга хэмжээг авч, шийдвэртэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Миний мэдэхийн Засгийн газар, Монголбанкнаас хэд хэдэн удаа зээлийн хүүг бууруулах дунд болон хугацааны хөтөлбөр гээд тунхаглалын шинжтэй олон бичиг, баримт боловсруулж гаргасан. Байгаа оносон нь маш ховор. Харин одоо ажил хэрэгчээр, зээлийн хүү өндөр байгаа эдийн засгийн шалтгаан, нөхцлүүдээ ширхэг бүрчлэн тодорхойлох хэрэгтэй. Тэгээд Засгийн газар, Монголбанк цаад эдийн засгийн шалтгаан, агуулгатай нь тулж ажиллаж, зорилгоо зөв тодорхойлох нь чухал.

-Банкны тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор арилжааны банкуудад ямар нэг байдлаар дахин шалгалт оруулах уу. ТУЗ-ийн гишүүдээ өөрчлөх шаардлага тавих юм уу. Хуульд ТУЗ-ийн гишүүнээр ажиллах хувьцаа эзэмшигчдэд шалгуур тавих заалт орсон шүү дээ?

-Хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор арилжааны банкуудад ямар нэг нэмэлт шалгалт орохгүй байх. Төв банкны зүгээс хийдэг ээлжит хяналт, шалгалтууд явдаг журмаараа л явах болов уу. Харин хяналт, шалгалт хийх чанар нь илүү сайжирсан гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш банкуудын удирдаагад өөрчөлт оруулах, нааш цааш нь сольж холих асуудал гарахгүй. ТУЗ-д мэргэжлийн шаардлага тавих асуудалд гишүүд ч шүүмжлэлтэй хандаж, асууж байсан. Зайлшгүй шаардлага тавих ёстой. Харин хөрөнгө оруулагчдад ямар шаардаага тавих хэрэггүй.

Нэг, хоёр настай хүүхэд өв залгамжлалаар банкны эзэн болж болно. Банкинд байдаг 10 төгрөг тутмын ес нь олон нийтийн мөнгөн хөрөнгө байдаг. Түүнийг удирддаг, өдөр тумын үйл ажиллагааг нь хянаж байдаг удирддагууд. Мөн хувь нийлүүлэгчдийг төлөөлж банкийг удирддаг ТУЗ илүү мэргэжлийн байх ёстой. Яагаад гэвэл олон нийтийн хөрөнгөнд менежмент хийж байгаа учраас мэргэжлийн хүн байснаар иргэдийн хадгаламж, мөнгө эдийн засгийн илүү аюулгүй байна.

-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хуулийг хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлыг хангасан уу?
-Банкны тухай хуулийг ирэх дөрөвдүгээр сарын 01-ээс эхэлж мөрдөнө. Хууль мөрдөгдөж эхлэх бэлтгэл ажлыг Монголбанк хангах ёстой. Тиймээс хуулийг дагаж мөрдөх журмуудыг ч бас төв банкнаас өөрчилж байгаа. Шинэ хууль гарлаа гээд бүх зүйл цоо шинээр өөрчлөгдөх юм биш. Хянапт, шалгалтын орчныг сайжруулж, олон улсын жишигт илүүтэй нийцүүлсэн. Тиймээс банкны үйл ажиллагаатай холбоотой бүхий л зүйл хэвийн явдгаараа л явна. Дөрөвдүгээр сарын 01-ий өдрөөс хууль хэрэгжээд эхлэхээр бүх банк руу шууд шалгалт оруулна гэсэн юм байхгүй.
-Төв банк хяналт, шалгалтынхаа эрх мэдлийг хэтэрхий нэмлээ гэсэн шүүмжлэл гарсан. Хэрвээ төв банк хяналт, шалгалтаа хэтрүүлэх, ямар нэг буруутай үйл ажиллагаа явуулснаас болоод арилжааны банк доголдвол яах вэ?

-Төв банкиндаа итгэх хэрэгтэй. Төв банкинд итгэхгүй бол түүнээс цааш институц байхгүй.Тийм учраас Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиар Монголбацкны чадамжийг нэгдүүлж, илүү их итгэл хүлээлгэж, боломж олгосон. Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс өнөөг хүртэлх хугацаанд 10 гаруй банкны үйл ажиллагаа зогссон байдаг. Дампуурсан тохиолдол бүрийг эргээд судлахад төв банк хяналт шалгалтаа буруу хийсэн, түүнээс нь болоод эздэд нь хохирол учирсан гэж шүүхээр тогтоогдсон зүйл байхгүй. Харин банк дампуурснаас болоод хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад татвар төлөгчдийн мөнгө рүү халдсан гашуун түүх бий. Цаашид энэ алдааг дахин давтахгүйн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой. Үүний төлөө хуулийн өөрчлөлтийг хийж байна.

-Банкуудын дүрмийн санг 100 тэрбум болгох шаардлага тавьсан. 2021 он гэхэд арилжааны банкууд дүрмийн сангаар 100 тэрбум болгох шаардлагатай болсон. Заасан хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлж чадахгүй бол яах вэ?

-Манай эдийн засаг маш хурдтай өсч байгаа. Үүний тусгал нь банкны системд байдаг. Дүрмийн сан гэдэг бол машинаар зүйрлэвэл даац юм. Банкны үйл ажиллагаа нь тэлээд байдаг. Ард иргэд итгээд, мөнгөн хөрөнгөө хадгалуулдаг. Түүнийг даах чадвараа л нэмэгдүүлэх ёстой. Одоо банкуудын дүрмийн сан 50 тэрбум төгрөг байгаа. Үүнийг 100 тэрбум болгож өсгөх шаардлагыг Төв банкнаас гаргасан. 2021 он гэхэд банкууд дүрмийн сангаа 100 тэрбум болгох ёстой.

Шинээр банк байгуулахаар болбол босго дүрмийн сан нь 100 тэрбум байна. Хэрвээ арилжааны банкууд заасан хугацаанд дүрмийн сангаа 100 тэрбум болгож чадахгүй бол байхгүй болно л гэсэн үг. Даацаа нэмж чадаагүй учраас тийм чадваргүй банк байх ёсгүй гээд хаана. Дүрмийн сангийн түүхийг харах юм бол анх 400 сая төгрөг байсан юм. Дараа нь дөрвөн тэрбум, цаашлаад найм, 16, 50 гээд нэмэгдүүлээд явж байгаа. Ингэх болгонд банкуудын тоо цөөрч ирсэн. 

Сэтгүүлч Н.Пунцагболд