Дарьганга нутаг, хилчдээ  нар зөв тойрсон тэмдэглэл
2018.03.23

Дарьганга нутаг, хилчдээ нар зөв тойрсон тэмдэглэл

Талын алдарт уул, домогт Шилийн богд, Алтан овоонд гарна гэхээс сэтгэл баахан тэмүүлж явсан ч аяны дөрөө харшуулсан баг хамт олны маань цаад зорилго өөр байсныг дорно тэнгэрийн хаяатай цас мөсний уур манангаар  нийлэн цайвалзах их талд нэгэнт гарсан хойно мэдэв. Учир нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилладаг учраас хилчин дайчдаа эргэж, эх орны зүүн хил хязгаарын байдалтай танилцахаар чуулганы завсарлагааг ашигласан нь энэ байжээ.

Ийнхүү нүд алдам талд чиг зүг заан зурайх замаар довтолгосоор Сүхбаатар аймагт аян дөрөө чилээхэд аймгийн төв нам гүмхэн.

Тус аймаг нь Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон учраас орчин цагийн хүчит техник юу юугүй л тэнгэрийн одод газарт асгарсан мэт өнгө өнгийн гэрэл цацрах Баруун-Урт хотын төвд авчирсан нь энэ. Зам харгуй хөгжил гэдэг сайхан. Биднийг нутаг орны удирдлагууд угтан авч ажил үйлээ танилцуулж, өвлийн өнгө, цагийн байдлыг ярих зуурт бодлого тодорхойлдог дээд байгууллагын төлөөлөл яваа учраас улс орныхоо ирээдүйн бодлого чиглэлийг ч сонирхоод авахаа бас мартсангүй.

Манай багт Төрийн түшээгээс гадна түүний гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн зөвлөхүүд, урлаг соёлын томоохон төлөөлөл яваа болохоор орон нутгийнханд ярьж хэлэх, лавлах сонирхох зүйл багагүй байсан бололтой. Улс орны эдийн засаг, гадаад дотоод байдал, соёл урлаг гээд өргөн хүрээг хамарсан ярианд автсаар талын тэнгэрт одод түгэхтэй зэрэгцээд амарцгаалаа. Сүхбаатар аймаг бол хойшоо Дорнод аймаг, Урд талаараа Дорноговь аймаг, зүүн талаараа БНХАУ-тай хиллэн эх орныхоо аюулгүй дархан байдлыг ханган оршдог онцлогтой нутаг.

Маргааш өглөө нь үүр цайхын үед бид аймгийн төвөөс алдарт Шилийн богд, Алтан овоог зорьсон нь хилчдээ эргэж, тэдний ажил байдалтай танилцахын нэгэн том шалтгаан билээ.  Сүхбаатар аймаг бол эртнээсээ хил хязгаараа хамгаалж, газар нутагтаа сүслэн ирсэн түмэн. Энэ аймгийн Түвшинширээ сумын унаган хүү нэрт зохиолч Д.Маамын “Газар шороо” романд бичигдсэн эх оронч хөвгүүд бүгд л энэ нутагт төрж өсөөд энэ л нутгийнхаа төлөө амь биеэ зориулсан нь цөөнгүй. Бидний хэдэн нөхөд энэ л “Газар шороо” романд бичигдсэн алдарт Дарьгангын нутагт данстай Алтан-Овоо, Шилийн Богд, цаашлаад Онгон сумын отряд орох маршруттай. Бидний хэдэн нөхөд гэснээс Соёлын гавьят зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо, "Их Хүннү" уран бүтээлийн нэгдлийн захирал О.Батсүх, Х.Лүндэнбазар, “Хаан Хүнс” ХХК-ийн захирал н.Эрдэнэбат,Хурандаа Б.Амарсайхан нар зам, сэтгэл нийлсэн хэрэг.

Эх орны зүүн их талыг хэгжин явах зуурт малчдынхаа хотонд буухгүй өнгөрөх нь Төр түмний аль ч ёсонд хазгай биз ээ. Тиймээс мал төллөх дөхөж буй энэ цаг дор зарим малчид хаваржаагаа бараадсан нь ч байна, өвөлжөөндөө нүүхээр зэхэж буй нь ч байна. Манай багийнхан  малчидтай хөөрөг зөрүүлэн тамхилж, цагийн байдлаас эхлээд улс орны байдал гээд малчны хотонд өрнүүлэхгүй яриа гэж үгүй. Энэ үеэр “өнөө жил цас их унасан болохоор зарим зам харгуй хаагдсан. Ер нь эх орны өнцөг булан бүхэнд хатуухан өвөл болж” байгааг малчид хэлж байлаа.

Цагийн хатууг цас мөстэй нь мэрж гарч буй малчдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрөөс явуулж буй бодлого болон багийн хамт олон сэтгэл санааны дэмжлэг үзүүлээд  мордоход малчид маань аяны дөрөөнд сэтгэлийн сүү дусаан нүд дүүрэн хөөртэй үдэж байгааг би анзаарч явав.

Цагийн хатууг гэтэлж ядан суугаа малчид маань аяны дөрөө чилээж сэтгэл санааны дэмжлэг үзүүлээд мордож байгаа Төрийн түшээ болон түүний багт талархаж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Төрд хүргэх үгээ ч давхар дайж байгаа нь тэдний овсгоо гэлтэй. Ийм л цагийн хатууг гэтэлж байгаа цагт малчиддаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь юу юунаас чухал юм байна даа гэдгийг ойлгож явлаа.  

Зүүн хязгаарын нутагт зам мөрөө гаргаж байгаа бидэнд  Онгоны отярадийнхан буюу Онгон сумын хилийн цэргийн дугаар ангийн захирагч хурандаа Х.Гантулга зам зааж, мөр гаргаж өгч явлаа. Хилчид бол аргагүй л газар нутгаа арван хуруу шигээ мэддэг хүмүүс аж. Ийнхүү бид давхисаар Шилийн богд уулын хормойд ирлээ. Эцэг дээдсээс шүтэгдэж ирсэн энэ уулыг баруун талаас нь харахад хүүгээ тосон завилаж суугаа эцэг хүн шиг санагдсанд сүсэглэж, хүндлэх сэтгэлийг илүү төрүүлж байлаа. Уулынхаа бэлд бууж эргэн тойрныг ажин биеийнхээ чилээг тайлах зуур уугуул нутгийн хүү Д.Маамын “Газар шороо” романд гардаг газар нутаг, дүр зураг тэр чигтээ сэтгэлийн толиноо бууна.

Энэ зуурт Г.Мэнд-Ооёо найрагч “Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь “Шилийн Богд” уул аж. Богд уул гэх нэршил нь сүүлд Буддын шашны нөлөөгөөр нэмэгдэж нэрлэгдсэн нэршил бөгөөд эрт дээр үеэс Монголчууд "Шивээт шил", "Агшуун" хэмээн нэрийддэг байсан ба тал нутгийн их хайрхан хэмээн тахин шүтэж иржээ. Мөн бидний эцэг дээдсийн өв соёлыг илтгэсэн олон хүн чулуутай. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь хоёр км орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засч янзлан зүсэж авсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан галт уул бий.  Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Эрхиний бөөр шиг ерөөлийн тоо гэж билэгдмээр 108 зүйлийн ургамал энэ ууланд ургадаг юм байна. Эрт цагийн өвөг дээдсүүд, Шилийн сайн эрчүүд өглөөний нарнаар оройд нь гарч, сан сэржим өргөж, хийморио сэргээн, эр зоригоо чангалж эх орон, Төрийн сүлдэндээ залбирч сэтгэлийн их эрч хүчийг биедээ шингээж, ядарч зүдэрсэн ард олноо хайрлан, ивээн тэтгэх ухааныг өдөөж өгдөг, бишрэл хүндэтгэлтэй уул гэцгээдэг. Мөн Чингисийн гүүн зэлний гадас, Чингисийн морины уяа зэрэг олон дурсгалт газрууд бий” хэмээн бидэнд төрж өссөн нутгийнхаа сонин хачинг дэлгэж явав.

Монголын зүүн хил хязгаарын харуул хэмээн нэрлэдэг Шилийн богдын оройд гарахад салхи тогтон нам гүм болсноо эргэн тойрныг битүү манан татаж Шилийн богд уулын орой дээрээс бидэнд тэнгэрээс өөр зүйл харагдахгүй хэсэгхэн хугацаа өнгөрснөө эргэн цэлмэж  ойр тойрны уул, идээшлэж яваа адуу мал харагдах үест түүхч О.Батсүх Шилийн богдын оройд төрийн далбаагаа намируулан зогссон нь бас л бахдууштай.

Ийнхүү эр зоригийн шүтээн болсон Шилийн Богд уулаасаа буух зуур Хурандаа Х.Гантулгатай ажил үйлийнх нь тухай яриа дэлгэлээ. Сүхбаатар аймгийн Онгон сум дээр байрлах хилийн 0184 дүгээр анги 1936 онд анх Наран сумын “Наран булаг”-ийн дэнж дээр байгуулагдаж байжээ. Тэр цагаас өнөөг хүртэл торгон хилийнхээ алтан зурвасыг хамгаалж яваа ууган отеродуудын нэг. Мэдээж албан хаагчдын нийгмийн асуудалд нэлээд хүндрэлтэй. Ялангуяа залуу гэр бүл их хэцүү. Ханиа дагаж ирсэн хилчний гэргий ямар ч мэргэжилтэй байсан түүнийгээ орхиж анги нэгтгэлд ажил үүрэг гүйцэтгэдэг. Үр хүүхэд нь хил дээр төрж, хилчний амьдралаар өснө.  Ийн ярилцаж явахад өргөсөн тангарагтаа үнэнч байж чаддаг нь тодхон мэдрэгдэж байлаа. Мэдээлэл соёл сурталчилгааны алба гэж цэргийн ангиудад байдаг. Тиймээс ангийн үйл ажиллагаа бие бүрэлдэхүүн сэтгэл зүйг судлах соён гэгээрүүлэх ажлыг энэ алба зохион байгуулж бие бүрэлдэхүүнийг уран сайхны үйл ажиллагаагаар хангадаг аж. Мэдээж хил дээр болохоор тэр бүр урлагийн тоглолт хүрдэггүй. Тиймээс анги өөрсдөө тоглолт үзүүлэх бие даасан хамтлаг байгуулж ойролцоох сумдад ч соёл түгээдэг аж.

Хурандаа бид хоёр ийн хөөрөлдсөөр уулын бэлд бууж ирэхэд түүхч, судлаач О.Батсүх нэгэн яриа өрнүүлсэн нь сонирхол татсан юм. Тэрбээр “монголд эмзэглэл байхгүй. Ядуурал, хэцүү зүйл ч байхгүй” гэж хэлсэн нь уул уснаас харъяат мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Манай багийн хамгийн ахмад нь Х.Лүндэнбазар гуай байлаа. Амьдралынхаа он жилүүдийн ихэнхийг эдийн засгийн тогтвортой байдлын төлөө зүтгэсээр өнгөрүүлсэн энэ буурал Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Цагтаа эх орны эдийн засгийн тулгуур төв болох Эрдэнэт,, Дархан гээд олон олон бүтээн байгуулалт сүндэрлэсэн он жилүүдэд Х.Лүндэнбазар гуай Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байсан гол хүн.

Ийнхүү аяны дөрөө нийлж яваа эрдэмтэн, мэргэдийн яриа сонсч хааяа ярианд нь өөрөө оролцож инээд наадам болгосоор Шилийн богдынхоо өврөөс хөдөлсөн бид Алтан овооны өвөрт орших Оргихын булгын хөвөөнд хоноглохоор ирлээ. Тэнд биднийг Онгоны заставынхан угтаж авлаа. Угтах ёслол хүндлэл цаанаа л нэг дотно санагдана. Тэр бүү хэл бидэнд зориулаад бэсрэг урлагын тоглолтоос эхлээд бүхий зүйл жин тан. Цэрэг арми гэдэг хэзээд бүх зүйл бэлэн, яв цав байдаг хойно доо.

Ийнхүү Онгоны заставын хамт олонтой ярьж хөөрч бас хоорондоо дуулж, нутаг усны домог хүүрнэж нэгэн үдшийг өнгөрөөлөө. Ангийн захирагч Х.Гантулга “Шилийн богд уул”, “Гэгээнтэн” гээд манай багийн гишүүн  Г.Мэнд-Ооёогийн романуудыг бүгдийг нь уншиснаас харвал номонд дуртайгаас гадна хамгаалж, түшиж яваа нутаг орныхоо үүх түүхийг сайтар мэддэг нь анзаарагдана.

Энэ үеэр хилчдээ эргэж яваа Б.Энх-Амгалан гишүүн, “Хаан хүнс” ХХК-ийн захирал н.Эрдэнэбат нар аяны богцоо задалж тус ангид урлаг соёлын үрийг илүү их түгээн дэлгэрүүлэхийг хүсээд гурван сая төгрөгийн үнэ бүхий хөгжим, аппартурын асуудлыг шийдэж өгсөн юм. Улаанбаатар, их хүрээнд удтал суудал чилээсэн хүмүүс хилчдийн аж байдалтай танилцаж, тэдэнтэй ахан дүүс шиг харилцсаар өглөөний шаргал нар мандахтай уралдан Оргихын булаг дээр ирлээ.

Тал нутгийн тас хийсэн хүйтэн өдөр ч Оргихын дагшин булгын эхэнд тус ангийн Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны ахлах офицер Б.Ганзориг “Оргихын булаг” дуугаа өргөлөө.   

Оргихын булаг оргилоорой

Оргилох тусамаа омогшоорой

Дагшин булаг даргилаарай

Даргилах тусамаа дааллагашаарай..энэ булын дэргэд хүүхэд инээх, хүн сэтгэл уяруулан дуулахад оргилон, даргилан ундардаг гэдэг юм билээ.

Энэ үеэр Б.Энх-Амгалан гишүүний зөвлөх хурандаа Б.Амарсайхан өөрийгөө алдарт Хар азаргын нурууны хүүхэд хэмээн тодотгоод “Төрөө даатгалаа. Эх оронч хүн аль ч нутгийн овоо сүлдэнд хүрсэн эх ороноо л даатгадаг.  Миний аав хоёр дайнд оролцсон хүн. Би аавынхаа эх оронч алтан үйлийг хэрэгжүүлэхийн тулд цэрэгт ирээд хилчин болсон. Хилчид бол мөнгө хардаггүй, зовлон тоочдоггүй хоёргүй сэтгэлээр эх орондоо зүттгэдэг. Хилийн цэрэгт ухрах эрх байхгүй. Ухарвал эх орноо алдана. Бас давших ч эрх байдаггүй. Учир нь нэг алхамын цаана залгаа орны нутаг дэвсгэр байдаг. Энэ бол хилийн цэргийн нэг онцлог. Хилчдийн ар гэр мөн л цайз. Хил дагуу нутаг орны ард иргэд ч бүгд хилчид” хэмээн хэлсэн.

Ийнхүү хурандаагийн үгээр аяныхаа жолоог эгшин зуур эвхэж Оргихын булаг сэтгэлд минь оргилон даргилах өглөөгүүр Алтан дарь овоондоо хүндэтгэл үзүүлэхээр хөдөлсөн юм. Мөнгөн цагаан суврага нь нарны саанд гэрэлтэх Алтан овооны бэлд ирэхэд ажил хэргийн шугамаар эх орныхоо зүүн хилийг эргэж яваа Төрийн түшээгээ нутаг орны удирдлагууд угтан авлаа.

Үүнээс гадна манай багийн нэг санаа зорилго бол соёлын өвийг тээсэн түүх, домогт нутаг орноор явж өвийг хамгаалах их үйлд сэтгэл тавьж явлаа.

Ер нь Төрийн түшээд бол монголын хууль тогтоох, уламжлал хадгалах, соёлын өвийг бүрэн бүтэн үлдээхэд шийдвэр  гаргах гол хүмүүс.

Тийм ч учраас соёл уламжлалын үнэт зүйлс юу байдаг, юуг бид хадгалаж хайрлаж үлдэх ёстой вэ гэдэг талаас нь иргэд бид болон номын мэргэд мэдээллээр хангаж байх ёстой. Үүний үр дүнд зөв хууль санаачлан боловсоруулах ажил явагдана. Монголын түүх соёлын үнэт зүйлс ганц монголд биш хилийн чанадад бий. Энэ бүхнийг очиж үзэж судлах эх орондоо авчрах тал дээр анхаарч явдаг хүнийн нэг  бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан.

Тиймдээ ч эх орныхоо үнэн түүх домогт үлдсэн бүхнийг хамгаалан сахих үүднээс Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэн-Ооёотой соёлыг хамгаалах үнэт өвийг судлан сурвалжилж яваагийн нэгэн хэсэг нь Сүхбаатар аймагт зорчсон явдал байв.

Бидний баг тэнгэрт торойх ч үүлгүй агаарын тунгалагт Алтан овооны оргилд хүрлээ. Ганга нуур, Оргихын булаг, Дарьганга сум гээд эргэн тойрон алган дээр тавьсан мэт тодхон үзэгдэнэ. Нүдний өмнө бадамлах алдарт Дарьгангын түүхийг сөхвөл 300 гаруй жилийн  туршид мөнгөн урлал их хүчтэй хөгжсөн хийгээд Дарьганга хийц хэмээн олон зуун жил яригдах болсон шалтгаантай. Дашрамд дурдахад Дарьганга орчмыг “Сүрэг хошуу” гэж нэрлэж байжээ. Яагаад энэ нутгийг “Сүрэг хошуу” болгож сонгосон юм бэ гэхээр 13 дугаар зууны үед манай их эзэнт гүрний мал байжээ.  Хаадын хишигтэнгүүд цалин цагаан мөнгөөр цалинждаг байсан. Энэ нь Дарьганга нутагт урчууд олноороо бий болох суурь болсон гэдэг. Мөн шилмэл адуу мал сүрэг энд агуулагдаж байсан нь өнөө цагийн хурдан буян төрөхийн үндэс болсон буй за.

Хүсэл зорилгоо биелүүлж, ажил үйлээ гүйцэтгэсэн бид Алтан овоондоо хүндлэл үзүүлээд их холын замдаа хүлгийн жолоо заллаа. Ингээд Баруун-Урт хотыг нар зөв тойрон эргэн ирэхэд 0338 дугаар ангийн хамт олон тосон авсан юм. Тус ангийн ажил байдалтай танилцаж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэднийг эргэж тойрч яваа зочны ёсоор мөнхүү аяны богцоо задалж гал тогооны тоног төхөөрөмж бэлэглэсэн нь тулгамдаж буй гол асуудлын нэгийг газар дээр нь шийдсэн үйл явдал боллоо. Тус анги нь барилгын анги бөгөөд гадны ямар нэгэн тусламжгүйгээр өөрсдөө ангийн ойр орчиноо тохижуулан хэнээс ч дутахааргүй тохижилтод хүрч чаджээ. Ийнхүү зорьсон ажил үүргээ биелүүлээд  Сүхбаатар аймгийн төвөөс хөдөллөө. Нүдний аяга дүүрэн мэлтэлзэх сүү мэт их цасан харгуй дунд дэл, сүүлээ намируулах адуун сүрэг үе үехэн таарна. Бүлээн хошуут энэ амьтан бүтэх үйлийн их билэгдэл билээ. Тиймээс бидний аяны харгуй ганзага дүүрэн ухааны олзтой ирлээ.

 В.Нэргүй