Шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршлаа
Орхон аймагт шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршлаа
2018.04.04

Шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршлаа

Орхон аймагт “Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад болж, шалгалтын дүнг шууд засах шилэн технологийг амжилттай туршлаа

БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв, Орхон аймгийн ЗДТГ, "Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн" ТББ-аас хамтран зохион байгуулсан тус олимпиадад нийт 105 сурагч бүртгүүлснээс 102 сурагч олимпиадад ирж оролцсон. Математик, хими, физик, биологи, газарзүйн хичээлүүдээс бүрдсэн байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиадын тестийн нууцлалыг хадгалах үүднээс интернет орчингүй, гар утасны сүлжээ барьдаггүй газарт тусгайлсан мэргэжлийн баг хамт олон боловсруулан, битүүмжилж лацдан цагдаагийн хамгаалалт доор Орхон аймагт хүргэн ирж хянагч багш нарыг байлцуулан олимпиадын материалыг 9 цаг 00 минутад оролцогч сурагчдын өмнө задалсан юм. 

Олимпиадын явцыг фэйсбүүкийн LIVE-аар нийтэд ил тод хүргэснээс гадна "Хангарьд" спорт цогцолборын спорт заалнаас шууд дамжуулан "Уурхайчин" соёлын ордны өмнөх дэлгэцээр эцэг эхчүүд, Эрдэнэтийн иргэдэд харуулсан нь олимпиадын хэр нээлттэй, шударга зохион байгуулагдаж буйг харуулсан юм. Олимпиадын дүн гарснаар шагнал гардуулах ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, Орхон аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан гэх мэт албаны хүмүүс оролцов. 

Нийт оролцсон суралцагчдыг программын тусламжтайгаар онооны дарааллаар байр эзлүүлэн хамгийн өндөр оноо авсан 20 сурагчийг шалгаруулахад Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагчид эхний гурван байрыг эзэлсэн . Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагч С.Уранчимэг 114 оноогоор тэргүүн байр, Т.Цэлмэг 87 оноогоор 2-р байр, А.Мөнхзаяа 84 оноогоор 3-р байр эзэлсэн бол "Орхон Эмпати" сургууль, 14-р сургууль, 13-р сургууль гэх мэт бусад сургуулийн сурагчид онооны дарааллаар 20 хүртэлх байруудыг эзэлсэн. 

Өмнө нь нийслэлд энэхүү цахим программаар зохион байгуулагдсан олимпиадад хамгийн дээд тал нь 97 оноог авч байсан бол энэхүү цахим засалтын программ нэвтэрснээс хойших хамгийн өндөр буюу 114 оноогоор Эрдэнэтийн хүүхэд рекордыг мөн шинэчлэн тогтоож байна.

Цаашид боловсролын салбарын цахим шилжилтийг улам эрчимжүүлж, хаврын ЭЕШ-ыг мөн багш нар гараар засч цаг хугацаа алддагийг халж, 2 минутын дотор бүх сурагчдын оноог гаргахаар зорьж ажиллаж байна.