Содбилэг.О Баделхан.Х 2018.04.10 | Сайт: Vip76.mn

БНХАУ-д 70 жилийн хугацаатай, хоёр га газар ашиглуулна

Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын 54 тогтоол эцэслэн баталсны нэг нь Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ тогтоол юм.

БНХАУ-ын зүгээс Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газарт 2012 онд Ерөнхий консулын газраа нээхэд зориулан 3-4 га газар өгөх хүсэлт тавьсан байдаг. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас холбогдох байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр 2 га газар болгон багасгаж олгохоор шийдвэрлэжээ.

Харин  энэ газрыг олгохын тулд Газрын тухай хуулийн 16.1.4-т заасанчлан консулын газрыг УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД авж, УИХ-аар тогтоолын төсөл батлуулах шаардлагатай байдаг. Үүний дагуу Засгийн газраас Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д 2018 оны 1 сарын 04-ний өдөр өргөн мэдүүлжээ.

УИХ тогтоолын төслийг 2018 оны 1 сарын 25-ны өдөр эцэслэн баталснаар Дорноговь аймгийн Замын Үүд сумын Сүлд багийн хоёр га газрыг 70 жилийн хугацаатай БНХАУ-д эзэмшүүлэхээр болсон юм.

Монгол Улсын хувьд БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын Эрээн хотод 2002 оноос эхлэн 70 жилийн хугацаатай 1200 м.кв газар эзэмшдэг. Харин Замын-Үүдэд БНХАУ-д зориулж 2 га газар өгөөд хариуд нь Эрээн хотод дахин 1.6 га газар авах асуудал яригдаж байгаа гэдгийг УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр БХБ-ын сайд Х.Баделхан мэдэгдсэн юм.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг улстөржүүлэн гадны улсад газар худалдах гэж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл болон сошиал орчноор цацагдсан. Энэ талаар ард иргэдэд зөв ойлголт өгөхийг УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга О.Содбилэг болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар холбогдох яаманд анхааруулж байсан.

Харин Гадаад харилцааны яамнаас: “Монгол улс нэгдэн орсон Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай консулын конвенцийн дагуу улс орнууд нөгөө улсынхаа дипломат болон консулын төлөөлөгчийн газарт үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь ашиглагдах газар болон барилга байгууламж барихад нь бүх талын дэмжлэг  туслалцаа үзүүлнэ гэсэн ОУ-ын эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ дагуу манай Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтаар 16-р зүйлийн дагуу гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчид олгох газар нь улсын тусгай хэрэгцээнд байна гэж заасан. Үүнийг Барилга хот байгуулалтын яам саналаа боловсруулж оруулдаг” гэсэн тайлбар өгсөн юм. Өөрөөр хэлбэл газар олгоно гэхээс илүү ашиглуулна гэж ойлгох хэрэгтэйг анхааруулж байлаа. 

Дашрамд дурдахад, Монгол Улсад АНУ, БНХАУ, БНСУ, БНКазУ, БНАЛАУ, БНТУ, БНЭУ, ХБНГУ, БНФУ, Япон зэрэг нийт 14 улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Европын холбооны Төлөөлөгчийн газар зэрэг оон улсын байгууллагуудын газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn