Өнөөдөр /2017.01.25/ Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариултаа авч байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 4 га газрын асуудал яригдаж байгаа 2 га болсон байна. Сумын иргэдийн хурлын шийдвэр гараад 2 га болгосон гэж танилцуулж байсан. Гэтэл Хятадын талаас 2 га газар л өгөх боломжтой гэсэн мэдээлэл байна. Энэ хоёрын аль нь зөв юм бэ? Бид УИХ-аар шийдвэр гаргаад 2 га газар өгнө. Гэтэл БНХАУ-ын талтай тохиролцсон юм байхгүй гэсэн яриа байна. Энэ тал дээр тохиролцсон зүйл байна уу? УИХ, Засгийн газар шийдвэр гаргаад Эрээн дээр консулын газар байгууллаа гэж бодоход нөгөө талд 2 га-г яг баталгаатай авах вэ гэсэн мэдээлэл байгаа юу? Засгийн газар Хятадын Тяньжиньд бараг 10 га-гийн асуудал яригдаад, сүүлийн 3, 4 жил дуугүй болсон. Үүний ашиглалтын асуудал нь хэзээ шийдэгдэх вэ? Энэ бол Монгол Улсын хувьд маш их ач холбогдолтой. Бид бол далайд гарцгүй орон. Тяньжинд 10 га газрыг онц хөнгөлөлттэй нөхцлөөр ашиглавал тэр газрыг ашиглаад нефтийн үйлдвэрлэлээ явуулж, бензин ч хүртэл явуулах боломжтой болно. Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр : 2 га газрын асуудал дээр Хятадын талтай тохиролцсон. Бид Хөх хотод газар авах хүсэлтээ нөгөө талдаа дипломат шугамаар тавьсан. Шийдвэр нь гараагүй байхад урьдчилж хариулах нь зохимжгүй. Ер нь бол харилцан адил байх зарчим нь газрын хэмжээ, төлбөр болон бусад зүйл дээр тулгуурладаг. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Монгол Улсад Тяньжины чөлөөт бүсэд 10 га олгох асуудал 2010 оноос хойш яригдсан. Энэ ажлын хэсгийг тухайн үед дэд сайд Т.Пүрэвдорж ахалж байсан. Хэлэлцээрийн түвшинд их олон яриа яригдаад, гүн боловсруулах, нефть боловсруулах нефть барина гэдэг анхны концепц гарч байсан. Хятадын талаас 50 жилийн хугацаатай, газрын төлбөрөө урьдчилж өг гэсэн асуудал яригдсан. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцэж, шийдэх ёстой. Энэ асуудал дахин сөхөгдвөл төлбөрийн асуудал яригдана. Энэ асуудлыг хөнгөлөх, эсвэл хувааж төлөх боломж байвал Монгол Улсад олгогдох 10 газар бэлэн байгаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнөөдөр Замын-Үүд дээр 2 га газрын асуудал яригдаж байна. Гэхдээ Н.Анхбаяр даргын ярианаас ойлголоо. Тяньжины асуудлыг би өмнө нь Хятадын талтай Засгийн газрын хоорондын комиссын дарга байж байхдаа их ярьж байсан. Гэрээ хэлэлцээр хийвэл тэр 50 жилийг нааш нь татах боломж байгаа учраас Засгийн газрын гишүүдэд Тяньжины газрыг шийдвэрлэх хэрэгтэй. Айлын тал боломжийг нь гаргаад, гарц бий болгоод байхад онцгойлон анхаарах ёстой.
Өнөөдөр /2017.01.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Олон улсын гэрээгээр хоёр улсын нутаг дэвсгэр дээр тухайн улс өөрийнхөө консулын газрыг барьдаг тодорхой хугацаагаар ашигладаг талаар ард түмэнд зөв мэдээллийг Гадаад харилцааны яам өгөх хэрэгтэй. Иргэд буруу ойлголттой байна гэсэн санал хэлж, асуулт асуулаа. Газрыг тусгай хэрэгцээнд авах Байнгын хорооны саналыг дэмжиж байна. Эхлээд 4 га байснаа 2 га болсон. Гадаад яамныхан зөв тайлбар өгөхгүй бол, Монголын газар нутгийг худалдчихлаа гэсэн ташаа мэдээлэл гараад байна. Олон улсын гэрээгээр хоёр улсын нутаг дэвсгэр дээр өөрийнхөө консулын газрыг барьдаг тодорхой хугацаагаар ашигладаг талаар ард түмэнд зөв мэдээллийг гадаад яам өгөх хэрэгтэй. Замын Үүдэд Хятад улсын Консулын газар байгуулагдаад 4 жил болж байна. Бас үр дүнгээ өгч байгаа. Газар ашиглагдах асуудал хууль журмын дагуу шийдэгдвэл Консулын газрын байраа барья гэж байгаа. Зарчмын хувьд зөв талаас нь тайлбар өгөөч ээ. Энд газар олгоно гэхээс илүү ашиглуулна гэж ойлгох хэрэгтэй. Гадаад харилцааны яамны төлөөлөл: Монгол улс нэгдэн орсон Дипломат харилцааны тухай Венийн конвенц, Дипломат харилцааны тухай консулын конвенцийн дагуу улс орнууд нөгөө улсынхаа дипломат болон консулын төлөөлөгчийн газарт үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь ашиглагдах газар болон барилга байгууламж барихад нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэсэн ОУ-ын эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ дагуу манай Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтаар 16-р зүйлийн дагуу гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчид олгох газар нь улсын тусгай хэрэгцээнд байна гэж заасан. Үүнийг Барилга хот байгуулалтын яам саналаа боловсруулж оруулдаг. Энд газар олгоно гэхээс илүү ашиглуулна гэж ойлгох хэрэгтэй. Улсын их хурлын тогтоолын төсөл батлагдвал газрыг ашиглуулах тал дээр гэрээ хэлэлцээрийг Хятадын талтай дипломат харилцаагаар тохиролцож шийдэх ажил явагдана.
Өнөөдөр /2017.01.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. О.Баасанхүү: АБГББ-ын хороогоос асууя. Нэгэнт л энэ асуудал яригдаж байгаа юм чинь ОХУ-ын өмчлөлийн гэж яриад байдаг орон сууц байдаг. Тэр энэ асуудлаар дамжуулан нэг мөсөн шийдэгдэх боломж байгаа юу? Баянзүрх дүүрэгт хэдэн орон сууц байдаг. Дээрээс нь Оросод байгаа манайхан өмчөө авч чадахгүй байгаа. Өмчиллийн гэрчилгээ зэрэгт нь асуудал үүсч байгаа гэж ойлгож байна. Мөн Ленин клуб, Орос 3 зэрэг газруудад асуудал яригддаг. Тиймээс гадаадад байгаа өмч хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? О.Содбилэг: Энэ асуудлаар байнгын хороогоор авч хэлэлцье. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуудал биш болохоор бэлтгэлгүй байна. Х.Бадельхан: Хоёр талын газар адил хэмжээнд байх ёстой. Хятадын тал 3-4 га газар хүсэлт тавьсан. Гэхдээ манайхаас хоёр га газрыг өгөхөөр УИХ-д өргөн барьж байгаа. Нөгөө талаар ӨМӨЗО-ны Хөх хотын ерөнхий консулын харъяа, Замын-Үүдийн консулын газар 1.2 га газар өгсөн. Гэхдээ энэ асуудлыг цаашдаа адил түвшинд болгоно. Манжуур хотод бас консулын газрыг байгуулна гэсэн санал явж байгаа. Ажлын хэсэг: Хилийн чанадад байгаа Монгол Улсын төрийн өмчийг тоолох ажлын хэсэг байгуулагдсан. Бид энэ жил бүх үл хөдлөх хөрөнгө, өмчийн жагсаалтыг гаргаад, шаардлагатай төсөв, хөрөнгө зэргийг бүгдийг тооцоолж Засгийн газарт танилцуулна. О.Баасанхүү: Миний асууж байгаа зүйл хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой. Адил тэгш байх зарчмаар манайх 2 га гэж байгаа бол тэд бас 2 га байгаа юу? Тэд яг хэдийг өмчилж байна? Бид бас адилханг өмчлүүлнэ. Үүнийг тодорхой хэлээч. Нэгэнт газрын асуудал яригдаж байгаа учир манайд ОХУ-тай холбоотой барилгуудын маргаан олон жил явж байна. Энэ асуудал ямар түвшинд байгаа талаар ард түмэнд мэдээлэл өгөх хэрэгтэй. О.Баасанхүү: Би 3 жил хуулийн зөвлөх хийж байсан. Дипломат ёс жаягийг мэднэ. Ялангуяа олон улсын хуулиар хэрвээ ижил төстэй газар өмчилж авбал нөгөө оронд бас ижил байх ёстой. Та нарын оруулж ирж байгаа хуулийг харахаар Хятадын талд 1.2-ыг, өөрсдөдөө 2-ыг өгье гэж байна. Үүнийг түр хойшлуулаад, нөгөө талд асуудлыг шийдсэний дараа ижил түвшнээр нь оруулж ирмээр байна. 3, 4 гэснийг аймгийн удирдлагууд орон нутгийн газрын байдлыг харж байгаад 2-с дээш өгөх ямар ч бололцоогүй гээд шийддэг. Ингэж пялдагаддагаа боль. Том гүрэн гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ бид яг адилхан зэрэгцсэн зарчмаар явна шүү. Аль ч орон байсан тусгаар улсын хувьд тусгаар бодлогоо бариад явах ёстой.
УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Манайх 2га газар өгөөд, эргүүлээд БНХАУ-аас Хөх хот, Эрээнд 2га газар өгөх юм байна гэж би ойлголоо. Ингэж байгаа бол харилцан тэгш байх зарчим үйлчлэж байна зөв байна. Гэхдээ харилцан адилхан байх зарчим хугацаа дээр ч гэсэн үйлчлэх ёстой шүү. Үүнд дээр Засгийн газар анхаараарай" гэсэн юм. Мөн БНХАУ-ын Тежин байгаа 10 га газрын асуудлыг хөндсөн юм. Тэрээр "Шадар сайд Ө.Энхтүвшин энэ асуудлыг эргэж сэргээж хөндөж ярьж, ажил хэрэг болгож байгаад талархлаа" гэв.