Лүндээжанцан.Д 2018.04.19 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүний гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол эгүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ

УИХ-ын гишүүний гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол эгүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Энэхүү хуулийн төсөл нь одоо тулгамдаад байгаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх тухай асуудлыг хуулийн хүрээнд шийдэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чиглэжээ.

2006 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9 дэх хэсгийн заалтууд энэ асуудлыг тусгасан боловч 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 6.9.2-т заасан “гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын Ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолд” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 6.9.1 дэх заалт буюу зөвхөн “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилсан” гэсэн заалт үлдсэн байна.

Харин  Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2012, 2017 онуудад хуралдаж, тус заалт нь Монгол Үндсэн хуулийн 14.1, 14.2, 29.3-т заасныг зөрчсөн хэмээн үзсэнээр хүчингүй болгосон юм.  

Энэ удаагийн хуулийн төслөөр Монгол Улсын Их  Хурлын тухай хуулийн 6.9.1 болон 6.9.2 дахь заалтуудыг хамтад нь сэргээснээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаархи Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ гэж хууль санаачлагч үзэж байна.