Л..Болд: Ерөнхийлөгчид хамаарах бүрэн эрхийг булааж, урьдчилан эдэлж болохгүй
УИХ-ын гишүүн Л.Болд
2018.05.09

Л..Болд: Ерөнхийлөгчид хамаарах бүрэн эрхийг булааж, урьдчилан эдэлж болохгүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргыг шинээр томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн. Харин МАН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хорооны хурлаар эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй учраас уг саналыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Үүнд АН-ын бүлгийн гишүүд ямар байр суурьтай байна вэ?

-АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалд томилуулах саналаа өргөн барих бүрэн эрх Ерөнхийлөгчид байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол сонгуулийн дараа эрхийнхээ дагуу нэр дэвшигчийн нэрийг оруулж ирэх ёстой биз дээ. Гэтэл сонгуульд хэн ч гарч ирж магадгүй гээд сонгуулиас өмнө өөрийн хүнээ томилдог, байр суурийг нь баталгаажуулдаг. Дараа нь хэн ч гарсан өмнөх тогтолцоонд томилогдсон хүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно. Ийм муухай жишиг практикт тогтох гэж байна. Өөрөөр хэлбэл одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг томилогдохоос нь өмнө булааж аваад, урьдчилсан эдэлж байна. Хэрэв бид одоо л энэ муухай жишгийг засахгүй бол хэзээ ч дуусахгүй чөтгөрийн тойрог эхэлнэ. Ажлаа өгч байгаа хүн нь дараагийн хүнээ томилоод явна гэдэг ёс суртахуунгүй явдал.

-Танай бүлэг энэ асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?

-Хуулийн дагуу санал оруулсан учраас энэ бол ярих ёстой сэдэв. Ямар ч байсан цаг гаргаж байгаад хэлэлцэх ёстой. АТГ-ын даргаар хэн томилогдох нь чухал биш. Харин ард түмний сонголтоор, сонгуулиар гарч ирсэн дараагийн хүн нь бүрэн эрхээ эдэлж чадахгүй ийм тогтолцооруу явах нь. “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж зээл авсан, хуурамчаар гарын үсэг зурсан зэрэг муу арга төрд яваад байна. Ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй байхаар энэ ардчилсан тогтолцоо чинь ажиллах уу, үгүй юу гэдэг талаас нь би харж байна.

-Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо С.Зориг агсны хэргийн талаар хаалттай хуралдсан. Ямар шийдвэр, чиглэл гарсан бэ?

-Байнгын хорооны дэргэд хоёр долоо хоногийн өмнө Ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг таван гишүүнтэй, Х.Нямбаатар гишүүн ахалж байгаа. Гэхдээ энэ Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлаа эхэлж чадаагүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаагүй учраас Ажлын хэсэгтээ тодорхой чиглэл өгч чадаагүй. Мөн УИХ-ын 40 гишүүн энэ асуудлаар УИХ-ын дэргэд түр хороо байгуулъя гэсэн шийдвэр гаргасан. Ингээд цаг хугацаа их алдаж байгаа. Энэ хооронд ажлын хэсэгт орсон хоёр гишүүнийг УЕПГ-аас С.Зоригийн хэрэгт холбоотойгоор шалгаж байгаа гэсэн мэдээлэл хийлээ. Үүнээс болж гишүүдийн зүгээс маш олон асуулт тавьж байгаа. Энэ талаар хаалттай хуралдаж, тайлбар өгсөн. Хурлаар нэгдүгээрт өмгөөлөгч нарыг ил тод сонсъё гэсэн шийдвэр гарлаа. Хоёрдугаарт прокурорын байгууллага хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байгаа юм бол дараагийн удаа Хууль зүйн байн­ гын хорооны гишүүд мэдээлэл авъя гэж шийдсэн. Хуулийнхан олон түмний нүдэнд ил ярьчихаад хуурна гэвэл хэцүү.

-Ц.Нямдорж сайд С.Зоригийн хавтаст хэрэгтэй танилцах ямар ч боломжгүй. Хэрэв танилцсан бол хууль зөрчсөн үйлдэл болно гэж тайлбарлаж байгаа. Ер нь гишүүд С.Зоригийн хэргийн талаар ямар мэдээлэлтэй, мэдээллийг хэрхэн авч байна вэ?

-Үүнийг Ц.Нямдорж сайд өөрөө тайлбарлах байх. Хууль зүйн байнгын хороонд яригдаж байгаа бүх асуудлыг харахад энэ хэрэгтэй танилцсан, мэдээлэл авсан нэг ч УИХ-ын гишүүн алга. Бүгд л хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байгаа. Ажлаа өгч байгаа нь дараагийн хүнээ томилоод явах нь ёс суртахуунгүй явдал

Харин УИХ-ын гишүүдээс хэд дахин их мэдээлэл сэтгүүлчдэд байгааг телевизээр харлаа. Бидний сонсож байгаагүй маш их шинэ мэдээлэл байсан.

-АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан та хоёрыг дуудсан. Энэ хэрэг юу болж байна вэ?

-Б.Хурцыг томилоход гомдол гаргасан иргэдтэй УИХ-ын зургаан гишүүн уулзсан. Тэр гомдлын тухайд хэрэг үүсгэж байна гэж бодсон, үгүй юм билээ. Харин иргэдийг сонссон нь эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг гэж шалгаж байгаа юм байна. УИХ-ын гишүүдэд хууль санаачлах гэх зэрэг хэд хэдэн эрх бий. Харин энэ дунд иргэдээ сонсох эрх гэж алга. Тиймээс хуульд заагаагүй эрх эдэлсэн гээд хэрэгт татаж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж харж байна. Тухайлбал, Үндсэн хуульд амьд явах эрхтэй гэж бий. Харин агаар амьсгалах эрхтэй гэж байхгүй. Гэтэл агаар амьсгалах эрх нь хуульд бичигдээгүй учраас амьсгалж болохгүй гэсэн үг биш шүү дээ. Агаар амьсгалахгүй яах юм бэ. Үүн шиг УИХ-ын гишүүн иргэдээ сонсохгүй юм бол яаж иргэдээ төлөөлөх вэ.

-Б.Хурцын гэрийн хаягтай холбоотой асуудал нэг тийш болж чадсан уу?

-Зайсан дахь хаягт нь очихоор байхгүй гээд намайг зургаан сар гүйлгэлээ. Тэгсэн атлаа яг тэр хаягаараа Ж.Батзандан гишүүнийг хоёр шатны шүүхээр ялчихсан байдаг. Нөгөө АСЕМ хотхон дахь хаягаар нь бичиг өгөхөд Баянзүрх дүүргийн шүүхээс буцаасан. Дахиад Зайсан дахь хаягаар нь өгөөд өчигдөр анх удаа тайлбар авлаа. Тэр талаас дуртай хаягаа өгөхөөр нь шүүх, прокурор нь зөвшөөрөөд байдаг. Харин энэ талд нь Зайсан дахь гэрийнх нь хаягаас болж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөдөл гацсан байгаа. Надаас гадна хоёр, гурван хүний гомдол хаягаас болж гацсан. Эндээс харахад нэг хүн бусдаасаа илүү нөлөө, эрх мэдэлтэй байна гэсэн үг.

-Танай хамын гишүүн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорьж байна. АН-ын бүлгийн зүгээс ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?

-Энэ бол зөвхөн намын биш улсын асуудал. Монгол Улсын нэр хүнд, хууль тогтоомж хэрэгжих эсэх асуудал. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг маш тодорхой үндэслэлийг захидалдаа дурдсан байсан. Хуулийн байгууллагууд тэр бүх үндэслэлийг нягталж үзэх байх. Үүний цаана улс төрийн захиалга байх ёсгүй. Ерөнхий сайд, жирийн иргэн, хэн ч байсан улс төрийн захиалгаар хуулийн байгууллагын буруу хайчинд орж болохгүй. Хэрэв тийм бол бид эцсээ хүртэл явна.