Н.Цэрэнбат 2018.05.15 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Тува улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Тува улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Тува улсын тэргүүн Ш.В.Кара-Оолыг хүлээн авч уулзлаа. Бүгд найрамдах Тув улсын тэргүүнийг дагалдан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, Бүгд найрамдах Тува улсын Засгийн газрын тэргүүний эдийн засгийн асуудал хариуцсан орлогч А.В.Брокерт, Бүгд найрамдах Тува улсын Түлш, эрчим хүчний сайд Кажин-Оол тэргүүтэй төлөөлөгчид дагалдаж ирсэн юм.

Уулзалтаар Увс аймгийн нисэх онгоцны буудал болон хилийн боомтуудыг олон улсын статустай болгох саналыг Тува улсын тэргүүн Ш.В.Кара-Оол тавьсан юм. Түүний энэхүү саналын хариуд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын Засгийн газар хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор хил орчмын боомтуудыг олон улсын статустай болгох ажлыг эхлүүлсэн. Ерөнхий сайд саяхан баруун аймгуудад ажиллах үеэрээ Увс аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болгох асуудалд анхаарч ажиллах үүрэг өгсөн. Тиймээс энэ асуудал удахгүй шийдэгднэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Мөн энэ үеэр хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, ан агнуурын асуудлаар туршлага солилцох зэрэг асуудлаар хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа 2 тал харилцан санал солилцлоо.