“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” мод тарих үйлсэд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд нэгдлээ
2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарлагдсан билээ.
Энэ жилийн хаврын мод тарилт “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдаж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тариалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад хүмүүс, нийслэлийн төр, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд оролцов.
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр голт бор, улиас, шар хуайс гэсэн 3 төрлийн 60 ширхэг мод, бут тарихын сацуу өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа.
Энэ жилийн хаврын мод тариалтаар төр болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага, иргэд оролцож, нийтдээ хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн 8 төрлийн 5000 орчим мод тарих аж. Өнгөрсөн жилээс 3-р ээлжийн 50 га талбайд ногоон байгууламж тохижолтын ажил эхэлсэн бөгөөд энэ жилийн мод тарилт Ус сувгийн удирдах газрын гүний худгийг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдаж байгаа юм байна