АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив
2018.05.09

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм. АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь (МСК) Монгол Улстай Компакт гэрээ байгуулах мэдэгдлийг АНУ-ын Конгресст 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн ба мөн сарын 19-ний өдөр МСК-ийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороогоор Компакт гэрээгээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн саналыг хэлэлцэн дэмжиж,  төслийн саналаа Монголын талд ирүүлжээ. Компакт гэрээний төслийг УИХ, холбогдох Байнгын хороотой зөвшилцсөний дараа гэрээний төслийг МСК-д хүргүүлэх юм. Энэхүү Компакт гэрээний хүрээнд нийт 350 сая хүртэл ам.долларын буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм байна. Тухайлбал, Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах, усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж, холбогдох бусад ажлыг гүйцэтгэх аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Ч.Улаан нар асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Ус цэвэрлэх үйлдвэрийн тооцооллыг сайн хийх хэрэгтэй" гэсэн санал хэллээ.

 

Гишүүдийн зүгээс хөтөлбөрийн нийт санхүүжилт урьдчилсан байдлаар 461 сая ам.доллар болж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хариуцах 111.7  сая ам.долларын хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргахаар төлөвлөсөн, худаг ус гаргах газрын асуудлыг бүрэн шийдсэн эсэхийг илүүтэй тодруулав.

АНУ-ын Мянганы сорилтын тухай хуулийн дагуу хоёр дахь Компакт гэрээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар нийт хөрөнгө оруулалтын 15 хувиас багагүй хэмжээний хөрөнгийг хариуцан гаргана. Хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон бусад олон улсын банк санхүүгийн байгуулагатай яриа хэлэлцээр хийх замаар шийдвэрлэнэ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав. Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариултдаа, энэ удаагийн буцалтгүй тусламжийг Улаанбаатар хотын ундны усны хангамжийг сайжруулахад чиглүүлсэн. ТЭЗҮ судлагаа бэлэн, усны шинэ эх үүсвэр гаргах худаг барихад газрын маргаантай асуудал байхгүй гэдгийг онцолж байлаа.

Ингээд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Компакт гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн тул Байнгын хороо санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болсон.