У.Хүрэлсүх: Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжид хамруулахаар төлөвлөж байна
2018.05.04

У.Хүрэлсүх: Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийх төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжид хамруулахаар төлөвлөж байна

Өнөөдөр /2018.05.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад "Ус" үндэсний хөтөлбөр, "Монгол Улсын үндэснийаюулгүй байдлын үзэл баримтлал", "Төрөөс экологийн талаар баримтлах бодлого", "Монгол Улсын тогтвотой хөгжлийн үзэл баримтлал - 2030", "Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө" зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд олон жилийн дунджаар 608,300 сая м куб усны нөөц бүрэлдэн бий болдог бөгөөд сүүлийн жилүүдэд болж байгаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор мөнх цас, мөсөн голын эзлэх талбай, зузаан нимгэрч 564,800 м куб болж багасаад байгаа аж. Нийт нөөцийн 34,600 сая м куб нь гол, мөрний, 500,000 сая м куб нь нуурын, 62,900 сая м куб (19,400 сая м куб болж буурсан) нь мөнх цас, мөсөн голын, 10,800 сая м куб нь газрын доорх ус байна.

Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 л байдаг бөгөөд манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 1.5-2.0 дахин их байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага ус хэрэглэж байна.

Цаашид шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлын талаар

Усны бодлогын талаар төрөөс баримтлах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тулгамдаж байгаа дараах асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна. Үүнд: 

Гадаргын усыг хуримтлуулсан усны нөөцийг нэмэгдүүлэх

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон түүнийг дагалдан гарах журмыг яаралтай батлуулж, мөрдүүлэх

Орхон гол, Туул гол болон бусад голуудын бохирдолтой холбоотой цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн асуудлуудыг шйидвэрлэх

Цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааны доголдлыг арилгаж, шинэчлэх

Хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх