Өгчигдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ААН байгууллага, холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг хийлээ.
Нийслэлчүүдийн эрүүл цэвэр агаарт гарах боломжтой газрыг албан тушаалаа ашигласан хэсэг бүлгийнхний авилгын томоохон сүлжээ болсон гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцлов.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ асуудлыг авилгатай холбоотой гэж миний хувьд үзэж байна. Өнөөдөр энэ газруудын нилээн хэд нь зарагдана, арилжана гээд Нэг га нь нэг тэрбум төгрөгөөс доошгүй үнэ хэлж байна. Энэ нөхцөл байдлаа өөрчилмөөр байна. Байгаль дэлхийдээ ингэж хайр найргүй, эрээ цээргүй хандаж болохгүй. Улаанбаатар хотын Усан хангамж 2030 он гэхэд дуусах тооцоо гарсан. Хүүхдүүдээ аваад агаарт гарах газар олдохгүй байна. Ганц очдог Богд уулыг нь байгаль орчны яам хуваагаад дууслаа.
УИХ-ын гишүүн А.Сүхбат: Бид хуулиа хэрэгжүүлдэггүй үнэхээр арчаагүй байна. Усны тухай хуулинд том луйвар орсон. Тухайлбал, голоос 50 метрт онцгой хамгаалалтын бүсэд уул уурхай, говийн компаниуд бүгд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.