“Хаягдал ус-Нөөц баялаг” форум боллоо
“Хаягдал ус-Нөөц баялаг” усны форум
2017.03.23

“Хаягдал ус-Нөөц баялаг” форум боллоо

“Хаягдал ус-Нөөц баялаг” усны форум өчигдөр МҮХАҮТ-д боллоо. Уг форумыг БОАЖЯ, МҮХАҮТ, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, WWF, JCI, МБОИЗ зэрэг байгууллагаас  хамтран зохион байгуулав. 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол форумыг нээн хэлэхдээ “1993 онд Юнескогийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийн “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан. Монгол Улсын хувьд усны нөөцийн хамгаалах, зүй зохистой ашиглахад төр хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлж, усны үнэ цэнэ, түүнийг арвилан хэмнэх ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилан таниулах хүрээнд өргөнөөр тэмдэглэсээр өнөөг хүрсэн.

2017 оны Дэлхийн усны өдрийн уриаг НҮБ-аас “Хаягдал ус” хэмээн зарласан бөгөөд бидний хувьд энэ өдрийг “Хаягдал ус-Нөөц баялаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Бидний өвөг дээдэс үеийн үед усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэж, түүний үнэ цэнийг юугаар ч солишгүй баялаг хэмээн тодорхойлж ирсэн түүхтэй.

Тэгвэл “Чандмань эрдэнэ”-ийг хүмүүс бид “хаягдал ус” болгодог. Угтаа бол хаягдал ус нь өөрөө дахин ашиглагдах боломж бүхий нөөц баялаг юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, илтгэгчид, үзэсгэлэнд оролцож байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад хувийнхаа болон БОАЖЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлье.  Дэлхий нийтийн чиг хандлага нь  “Хаягдал ус”-ыг  алдагдсан боломж гэж үзэн усны нөөцийн хомсдол гачигдлаас гарах арга зам гэж тодорхойлох болсон. Дэлхий дээр 5.5 тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир усыг гаргаж байна. Иймээс бид “Чандмань эрдэнэ” болсон усаа хайрлан хамгаалж, зүй зохистой хэрэглэх, хаягдал усаа дахин ашиглаж цэвэршүүлсэн ус гарган авч ашиглах шаардлагатай” хэмээлээ. 

Улаанбаатар хот болон говийн бүсийн томоохон орнуудад усны нөөц дутагдах хандлагатай байна

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас шалтгаалан мөнх цас, мөсөн голын усны нөөц ихээхэн буурч байна. хотжилт, үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэглээ эрс нэмэгдэж байгаагаас Улаанбаатар хот болон говийн бүсийн томоохон орнуудад усны нөөц дутагдах хандлагатай байна. Иймээс бид үерийн усаа хуримтлуулан, усны нөөцөө нэмэгдүүлж ирээдүйн усны хэрэгцээг гадаргын усаар хангах, шилжүүлэн ашиглах шаардлагатай байна.

Усаа зүй зохистой ашиглах, хаягдал усаа дахин боловсруулах, стандартад нийцсэн цэвэрлэх байгууламжтай болох шаардлагатай байгаа билээ. Хэрвээ усыг зүй зохисгүй хэрэглэвэл 2021 он гэхэд усны нөөцийн хомсдолд орно гэж судлаачид дүгнэсэн хэмээн БОАЖЯ-ны ГЗБУГБЗГ-ын мэргэжилтэн Л.Эрдэнэбулган илтгэлдээ онцоллоо. 

Шинэ цэвэрлэх байгууламж нэн даруй барих шаардлагатай

Улаанбаатар хотод ахуйн бохир усыг цэвэршүүлэх зургаан цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх нэг цэвэрлэх байгууламж үйл ажиллагаагаа явуулдаг. Төв цэвэрлэх байгууламж нь хоногт 190,000-210,000 метр куб бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт яагаан туяагаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлдэг аж. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд хүлээн авч байгаа бохир усны хэмжээ болон бохирдолт эрс нэмэгдэх, лаг бүрэн цэвэрлэх процессгүй гэх мэт асуудлууд тулгарч байгаа учраас шинэ цэвэрлэх байгууламж нэн даруй барих шаардлагатайг УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү илтгэлдээ дурьдсан.  

Уг форумын үеэр хаягдал усыг дахин ашигладаг 18 орчим аж ахуйн нэгж байгууллагын “Усыг  хэмнэлттэй ашиглах, хамгаалах –техник технологи” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд форумд оролцсон хүмүүс үзэсгэлэнтэй танилцаж байлаа. Мөн дэлхийн усны өдрийг тохиолдуулан Байгаль орчин, усны нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, усны зүй зохистой ашиглалтыг бий болгосон “М-Си-Эс Кока Кола” ХХК, “Эн Эс Ти” ХХК, “Лора-Пиана Монголиа” ХХК, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Фучер холдинг” ХХК зэрэг таван аж ахуйн нэгжид БОАЖЯ-ны талархал гардууллаа. 

Эх сурвалж: БОАЖЯ