Аюултай бохирдуулах бодисын грамм тутамд 5000 хүртэлх төгрөгийн төлбөр ногдуулж байна
2017.03.22

Аюултай бохирдуулах бодисын грамм тутамд 5000 хүртэлх төгрөгийн төлбөр ногдуулж байна

УИХ-аас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиудыг баталсан байдаг. Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байгаа, тэр тусмаа энэ жилийн уриа нь “Хаягдал ус” учраас дээрх хууль тогтоомжийн онцлох зүйл, заалтаас эшлэн мэдээлэл бэлтгэв.

Засгийн газар, БОАЖЯ-наас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  болж, хуулийн төсөл боловсруулж, 4 дүгээр сард эхлэх хаврын чуулганаар өргөн барихаар зэхэж байна. Мөн төв цэвэрлэх байгууламж барих ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр болсон. Одоогоор гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа гэж салбарын яамнаас мэдээллээ. 

Харин өнөөдөр хаягдал ус ба түүний эргэн тойронд хууль эрх зүйн орчин ямар байдаг талаар дээрх хуулиудыг эх сурвалжаа болгон хүргэж байна. 

Хаягдал ус гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдал юм. Харин бохирдуулагч бодис гэж хаягдал усанд агуулагддаг, хүрээлэн буй орчныг бохирдуулж байгаа бодис, хольцыг хэлдэг байна.

Ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагыг ус бохирдуулагчид тооцдог бөгөөд тэднээс ус бохирдуулсных нь төлөө улиралд нэг удаа төлбөр авдаг.

Ус бохирдуулагчаас авдаг төлбөрийн хэмжээ:

Эх сурвалж: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, 7,1

Ус бохирдуулсны төлбөрийг тооцохдоо дараах аргачлалыг баримталдаг байна. Үүнд,

  • Хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг эсвэл аюултай бохирдуулах бодис гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар
  • Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар
  • Хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар

Хүснэгтээс харахад аюултай бохирдуулах бодисын грамм тутамд 1000-5000 төгрөгөөр тооцон төлбөр авдаг бол хүнд металлын тухайд кг тутамд мөн энэ хэмжээний төлбөр ногдуулдаг байна. Эрдэс бодисоос кг тутамд 50-200 төгрөг ногдуулдаг нь эдгээрээс хамгийн багад тооцогдож байгааг хүснэгтээс харж болно. Харин жинлэгдэх болоод органик бодисын тухайд кг тутамд 100-500 төгрөгийн төлбөр тус тус ногдуулж байна.

Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн Засгийн газар тогтооно. Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усыг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулдаг.

Ус бохирдуулагчийг төлбөрөөс чөлөөлөх хэд хэдэн нөхцөл бий. Үүнд,
  • Хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр
  • Хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр
  • Хот, суурин газраас бусад газар оршин суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг тус тус төлбөрөөс чөлөөлнө.

Харин улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллага хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно гэж заажээ.

Хэрэв ус бохирдуулагчийн тухай болон хаягдал усны хэмжээ, найрлага, бохирдуулах бодисын тухай мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл өгсөн, зөвшөөрөлгүйгээр буюу зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн бол

  • Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
  • Албан тушаалтныг 10-30 дахин
  • АН, байгууллагыг 30-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнийн төгрөгөөр торгож байна.