НИТХ-ын төлөөлөгч Б.Саранчимэг: Дэлхийн Усны өдөр буюу үнэгүйдсэн усны минь бодлого
Өнөөдөр буюу 3-р сарын 22-ны өдөр “Дэлхийн Усны өдөр” тохиож байна.
Энэ өдрийг дэлхийн улс орнууд усны талаарх бодлогоо дахин авч үзэж, нэгдсэн бодлоготойгоор зэрэгцэн хөгжих, хөгжлийн чиглэлээ тодорхойлж байх зорилгоор 20 жилийн өмнө НҮБ-аас зарлаж байсан. Мөн цаашид ус нь нефть, байгалийн хийгээс үнэтэй болж улс орнуудыг амьд үлдэхийн төлөөх онцгой хэрцгий дайнд хүргэнэ гэж зарим судлаачид хэлж байна.
МУ-ын хүн амын тал орчим хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр болох Туулын сав газрын усны нөөц хангамж, хүрэлцээ, усны экосистемийн төлөв байдлын талаар мэдээллийн хэрэгслээр бичигдэж, яригдсаар удлаа. Гэвч энэ бүгдэд нэг зүйл хөндөгдөлгүй орхигддог…
Байгаль дахь усыг ерөнхийд нь “өнгөгүй, үнэргүй, амтгүй” гэж ерөнхийлөн ангилдаг бол манай улсад “үнэгүй” хэмээх нэгэн нэр томъёо нэмэгддэг. Үнэндээ бидний хамгаалж, гамнахыг хүсээд буй цэвэр УС хэмээх зүйл маань өнөөг хүртэл манай улсад өөрийн гэсэн үнэ цэнэгүй байсааар байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний усны үнэ хэмээн төлж буй тэр зүйл маань нэг литр усыг олзворлон түгээхэд зарцуулж буй зардал бөгөөд усны өөрийн үнэ нь үүнд шингээгүй байдаг.
Харин өнгөрсөн онуудад Улаанбаатар хотын захиргаанаас энэ асуудлаар холбогдох байгууллагуудад удаа дараа саналаа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл Усны суурь үнийг тогтоох ажил хийгдээгүй хэвээр байсаар байна. Иймд бид өнөөдөр улсын хэмжээнд усны үнийг 0 төгрөг буюу үнэгүй хэмээн тооцон хэрэглэдэг.
Дээр дурьдсанчлан дэлхий нийтийн чиг хандлага усны төлөөх, (амь үлдэхийн төлөөх) тэмцэлд чимээгүйхэн чиглэж байхад манай шийдвэр гаргагчид усны бодлогоо эргэн нэг харж, түүн дундаа Усны суурь үнийг тогтоох ажлыг дахин яаралтай авч хэлэлцэн, ажил хэрэг болгох цаг нь болжээ.