Д.Тэрбишдагва: Шүүмжилсэн гишүүдээ Н.Энхбаяр, Н.Удвал, Ц.Шинэбаярын талын хүн болгож хардаад, гадуурхаад байж болохгүй ээ
0
2011.09.12

Д.Тэрбишдагва: Шүүмжилсэн гишүүдээ Н.Энхбаяр, Н.Удвал, Ц.Шинэбаярын талын хүн болгож хардаад, гадуурхаад байж болохгүй ээ

 
- Хоёр нам холимог тогтолцоог сонгохоор санал нэгдсэн ч тоон дээрээ тохирч чадахгүй, нам, хүнийг  дугуйлна  гэж маргалдсаар хаврын чуулган завсарласан. Ойлголцолд хүрвэл ээлжит бус чуулган зарлахаар яригдаж байсан.   Энэ талаар  ямар байр суурьтай байгаа  вэ?
- Чуулган завсарласан ч цагийн шаардлагаар гарч ирсэн чухал асуудлыг шийдэхээр   ээлжит бус чуулган  хуралдуулж болно. Сонгуулийн тухай  хуульд өөрчлөлт оруулах, төсвийн тодотгол, Таван толгойн ордыг ашиглах төсөл зэрэг  хэлэлцэж   шийдэх олон чухал асуудал хүлээгдсээр байна. 2012 оны УИХ-ын сонгууль  болоход жил хүрэхгүй хугацаа үлдээд байдаг.  Ийм үед Сонгуулийн хуультай зууралдаад, бусад олон чухал асуудлыг шийдэх хугацаанаас хумслаад байх юм. Өөрөөр хэлбэл  хоёр нам хатуу байр сууринаасаа буцахгүй гэдийгээд баймааргүй л байна.  Эцэс төгсгөлгүй найр наадмаа хойш тавьж, ард түмэн, улс орны өмнө тавигдаж байгаа олон асуудалд ажил хэрэгчээр эргэж буцалтгүйгээр хандмаар байна. Улс орны хувьд хоосон өнгөрсөн нэг сар магадгүй таван жилийн уршиг тарьж чадна.

Ээлжит бус чуулган хуралдуулж үл ойлголцсон асуудлаа шийдэх талаар чармайлт гаргахгүй байсаар одоо нэгэнт намрын чуулган эхлэх болчихлоо.
- Улстөрчид  өөртөө, намдаа ашигтай хувилбараар Сонгуулийн хуулийг батлуулах гээд байгаа нь нууц биш байх аа?
- Сонгууль ойртох тусам хүмүүсийн хувийн эрх ашиг, сонирхол хурцаар мэдэгдэх юм. Улс орноо гэхээсээ илүү намд, хувь хүнд ээлтэй, ашигтай  байх талаас нь харж, явцуу сонирхлын үүднээс хандаад байна.  Энэ нь бие биедээ тээг болох гол зүйл болж хувирч байна л даа. 
- МАН мажоритар нь, АН пропорциональ хэлбэр нь  давамгайлна гээд маргаад байх юм. Та аль хувилбар нь манай орны нөхцөлд тохиромжтой гэж боддог вэ?
- Миний хувьд аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандахгүйг хичээдэг. Аливааг тал талаас нь харвал олон гарц харагддаг. Гэхдээ голч нь гэж байдаг. Бодож тунгааж, судалгаа тооцоонд тулгуурлаж, эрдэмтэн мэргэд, иргэд сонгогчдоос саналыг нь сонсч байж шийдсэн зүйл нэг их алдаад, бодит байдлаас хэт зөрөөд байдаггүй. Үүнийгээ би олон жилийн туршлагаасаа  харж ойлгосон.  Энэ ч үүднээс мажоритар, пропорциональ тогтолцооны талаар чамгүй судалсан, олон хүмүүстэй ч ярилцаж, бусад орнуудын туршлагыг судалсан. Энэ хоёр тогтолцооны нэг нь  төгс төгөлдөр, нөгөөх нь  учир дутагдалтай гэж туйлширч боломгүй  юм.  Хоёулаа  давуу болон сул талтай. Тогтолцоо тийм байна, 52:24, 26:50 байна гэж тооны хойноос хөөцөлдөхөөсөө илүү хуулиа мөрддөг,  түүнийг ягштал хэрэгжүүлдэг болмоор байгаа юм. Сонгуулийн тухай хуульд  сонгуулийг луйвардаж, хулгай хийж болохгүй, худлаа амалж болохгүй гээд тов тодорхой заагаад өгчихсөн. Гэвч хуулиа тоодоггүй, юу ч биш гэж үздэг хүмүүс бий. Худлаа үнэнч царай гаргаж, биелэгдэшгүй их  зүйл амлаж, мөнгө бэлэг сэлт тарааж, архидуулж, гүтгэн дайрч есөн шидийн арга хэрэглэдэг нь илт байдаг шүү дээ.
Хууль гэдэг ганцхан “дарангуйлал” байх ёстой. Харамсалтай нь хууль ерөөсөө үйлчилдэггүй нь Монголын онцлог юм даа. Үүнээс болоод сонгууль шударга сайхан боллоо гэсэн үг гарахгүй байна.
Заавал маргаан, хэл ам, хардлага дагуулдаг. Далдыг хардаг далай лам гэдэг шиг “Миний төлөө гарцаагүй олон хүн санал өгсөн” гэж ярьцгаадаг шүү дээ. Тиймээс ямар ч сайн хуультай байлаа ч түүнийг хэрэгжүүлдэггүй, хууль зөрчигчид болон хуулийг сахиулахгүй байгаа албан тушаалтнуудтай тооцох хариуцлагыг чангатгахгүй бол байдал өөрчлөгдөхгүй.  Иргэд  “Тухайн нэр дэвшигч надад төдөн төгрөг өгсөн, үнэмлэхийг  маань  авч яваад санал өгүүлсэн” гээд ярьцгаадаг. Үүнийг таслан зогсоож, ингэж илэрхий хууль зөрчсөн зүйлтэй хатуу тэмцэх хэрэгтэй.  Хуулийг ягштал биелүүлдэг, хуулийг дээдэлдэг байхад анхаарч,  хууль бус нэг  л алхам хийвэл дэвшигчийн нэрийг  нь татах гэдэг ч юм уу, хүчингүйд тооцох зэргээр хариуцлагыг чангатгах шаардлагатай гэж бодож байна. Буруу аргаар сонгогдох гэж оролдсон хэнд ч парламентын үүд хаалга хаалттай байх ёстой.
- Тан шиг ингэж ярьж байгаа хүмүүс парламентад олон бий. Тогтолцоо чухал биш. Сонгуулиа шударга  явуулъя гэж. Гэхдээ можаритар тогтолцоо нь жалга довны үзэл, тойргоо л тойгдох гэсэн зүйл  рүү түлхдэг байх шүү?
- Ямар  тогтолцоог сонгох  нь   хамаагүй, харин хуулийг хэрэгжүүлэх ёстой л гэсэн байр суурин дээр зогсч байгаа. Парламентын гишүүдийн олонхи нь  улс орон, ард түмний эрх  ашигт тустай учраас сонгуулийг ийм  тогтолцоогоор явуулна гээд шийдвэл би  хүндэтгэлтэй хандана. Асуудлыг хэлэлцэхэд  тухайн  хүн байр сууриа илэрхийлж, бүр эсэргүүцэж ч  болно, харин олонхиороо шийдсэн шийдвэрийг дагаж  мөрдөх нь  ардчиллын зарчим шүү дээ. Гарсан хуулийг хүн бүр ягштал биелүүлэх ёстой гэдгийг онцолж хэлмээр байна.
- Та Сонгинохайрхан дүүргээс хоёр удаа дараалан сонгогдсон. Тойрогтоо олон уулзалт хийдэг, байнгын эргэх холбоотой ажилладаг. Тийм болохоор сонгуулийн ямар ч тогтолцоо  байсан хамаагүй  дээ гэж  бодож байгаа  байх л даа?
- Төр түшилцэж байгаа хүнд асуудалд хандах эрэмбэ дараа, эрх ашиг гэж байх учиртай. Улс орон, ард түмний төлөөх эрх  ашгийг хамгийн  дээгүүрт тавьж, хоёргүй сэтгэлээр зүтгэхийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хүн эхлээд улс орныхоо хэмжээний асуудалд анхаарч, зөв зүйтэй шийдвэр гаргахад манлайлан оролцох нь маргашгүй зүйл. Харин дараагаар нь тойрогтоо анхаарлаа хандуулж, сонгогч иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, санаа бодлыг нь төрийн шийдвэрт тусгуулахын  төлөө ажиллах нь миний үүрэг. УИХ-ын гишүүн гэдэг дарга биш, сайд биш төрийн л зарц. Улс орны хөгжлийн бодлого зөв явахад тухайн бүс нутаг, тойргийн ажил ч угаасаа урагштай, иргэдийн сэтгэлд нийцэх нь мэдээж.   Би  2008 оны УИХ-ын сонгуульд Сонгионхайрхан дүүрэгт  нэр дэвшиж сонгогдсон.Энэ хугацаанд  тойрогтоо 368  удаа уулзалт хийсэн байх юм.

Энэ дүүргийн ард иргэдийн өмнө хүлээсэн  үүрэг маань энэ учраас “ажлаа хийж байна” гэж боддог. Амьдрал баян болохоор нэг хашаанд ч үй түмэн зовлон жаргал зэрэгцэн оршдог. Болдогсон бол бүгдийг нь шийдэж туслах юмсан гэж боддог. Түүнээс биш сонгууль дөхөхөөр ард түмэндээ хайртай болчихдог улстөрчидтэй адилгүй гэж үздэг. 
- Тэгэхээр энэ дүүргийн иргэдийг төрд төлөөлж суусан энэ хугацаанд хийсэн ажил их бий биз...
- Монгол төрийн бодлогыг тодорхойлох , бичиг баримт  боловсруулах, хууль батлах, хяналт тавих  ажилд өөрийн чадлаараа идэвхтэй оролцохыг зорьдог.  Ийм байр сууринаас ажилласаар ирлээ. Иргэдийн дэмжлэгийг авч  сонгогдсон УИХ-ын гишүүн өөрийгөө намын гэхээсээ илүү “ард түмний элч” гэж бодох хэрэгтэй юм болов уу. 
- Сонгинохайрхан бол бусад дүүргийг бодвол хүн ам ихтэй, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, амьжиргаа доогуур иргэдийн тоо олон. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдэхэд нэлээд ахицтай үр дүн гарсан нь төсвөөс харагдаж байсан...
- Тийм шүү.  Би Сонгинохайрхан дүүргийн төр захиргааны байгууллагаар жил бүр судалгаа хийлгэдэг. Зам нь ямар байна, сургууль цэцэрлэг, эмнэлэг, дүүргийхээ байдлын талаах эрчим хүчний хүрэлцээ хэр байна, хог хаягдал, утааны асуудал ямар байгаа вэ гээд чиглэл бүрээр нь судлуулдаг.  Ингээд үзэхээр Сонгинохайрхан бусад дүүргээс хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй. Хөдөө орон нутгаас нүүж ирэгсдийн дийлэнх нь энэ дүүрэгт суурьшиж байна.  Худаг ус, цахилгааны асуудлаа шийдэж чадаагүй олон айл бий. Уулын орой дээр амьдарч байгаа айлууд бараг км-ийн цаанаас усаа гараар, тэргээр зөөж байх жишээтэй. Энэ тухай Байнгын хороо, УИХ-ын чуулганд байнга сануулж, шийдэгдээгүй олон асуудлыг шийдүүлж өгөхийн төлөө ажиллаж байна. Сонгууль дөхөхөөр ард түмэндээ гэнэт хайртай болчихдог улстөрчид бий. Гэхдээ миний хувьд сонгуульд сонгогдсоныхоо маргаашнаас нь л  иргэдтэй уулзаж эхэлдэг.
- 2008 оноос хойш 300 гаруй уулзалт хийсэн гэв үү?
- Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. Чуулганы завсарлагаан  болгоноор бүх хороогоороо явж, уулзалт хийдэг. Ингэснээрээ иргэдийнхээ бодит амьдралаас тасрахгүй, нийгмийнхээ нөхцөл байдлыг мэдэрч чаддаг. Энэ бүхэнд цаг зав гаргахгүй юм бол УИХ-ын гишүүн болсны хэрэг юу байх билээ. Аль болох иргэдтэйгээ ойр байж, болохгүй асуудлыг нь чадлынхаа хэрээр шийдэж, тэдний санал хүсэлтийг хотын захиргаа, яам, тамгын газар, УИХ-д дамжуулж, дүүргийн хөгжилд, ард түмний амьдрал дээшлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээдэг юм. Энэ дүүргийн ард иргэдийн өмнө хүлээсэн  үүрэг маань энэ учраас “ажлаа хийж байна” гэж боддог. Амьдрал баян болохоор нэг хашаанд ч үй түмэн зовлон жаргал зэрэгцэн оршдог. Болдогсон бол бүгдийг нь шийдэж туслах юмсан гэж боддог.
- Гэхдээ хүмүүсийн хүссэн болгоныг биелүүлэх боломж байхгүй байхдаа
- Тэгэлгүй яахав. Бүх зүйл ногоон гэрлээр бүтэхгүй. Зарим яам, тамгын газрын хүнд суртлаас болоод бүтээгүй олон асуудал бий. Тэр болгоныг дүүргийнхээ ард иргэдэд хэлдэг. Хэдий тийм ч дүүргийнхээ төлөө намын бүлэг, байнгын хорооны хуралдаанд маш олон асуудал тавьж шийдвэрлүүлж байна. Ядуурал, ажилгүйдэл, нүүдэл суудал, гэмт хэргийн талаар олон санал гаргаж байсан. Дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг хэлж, сануулснаар эдгээр чиглэлээр төр засгаас чамгүй ажлууд хийгдсэн.  “Тэрбишдагва сан” гэж бий.Энэ сангийн шугамаар хоггүй орчин бий болгох, урлаг спортын тэмцээн зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах, амьдралын нөхцөл хүнд хүүхдүүдийг сургахад дэмжлэг үзүүлэх, оюутан залуучуудыг гадаад, дотоодын сургуульд сургах, мод тарих гэх мэт олон ажлыг хийсэн.
- Иргэдийн ажилгүйдлийн байдлын талаар та юу гэж боддог вэ?
- Тийм. Монголын нийгмийг хамгийн их бухимдуулж байгаа зүйл нь хууль хэрэгждэггүй, түүнийг уландаа гишгэдэг байдал. Дараа нь мэдээж ажилгүйдэл хүмүүсийн амьжиргааг дордуулж байна.  Зах зээлийн нийгэмд шилжихэд “Та нар ардчилсан нийгэмд юу ч хийж болно. Гагцхүү та бүхэнд эрх чөлөөнөөс илүү чухал зүйл байхгүй” гэж уриалж байлаа. Эрх чөлөө бол яалт ч үгүй “эрхэм” гэдэг нь ойлгомжтой, үүнтэй маргахын аргагүй. Гэвч эрх чөлөөтэй байвч ажилгүй, өлсч суух нь амьдралын утга учир мөн үү гэдгийг сайтар бодох хэрэгтэй. Үүнээс болоод Монголд дунд насныхан буюу 40-60 настай хүмүүс  “Надад хэзээ ч ажил  олдохгүй” гэсэн гутранги үзэлтэй болчихсон, идэвхгүй амьдарч байна шүү дээ. Ард түмнээ ажилтай болгох нь энэ төр засгийн эн тэргүүний зорилт байх ёстой. Ажлын байр бий болголгүйгээр бэлэн мөнгө тараагаад яах билээ. 21 мянган  төгрөгөөр хэдэн өдөр амьдрах вэ. Энэ мөнгийг авах гэж хүмүүс хар үүрээр ирж дугаарлан хэд хоногийн ажил болж байгааг харахаар хэцүү санагддаг. 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд гээд нийгмийн халамжийг зайлшгүй хүртэх шаардлагатай хүмүүст халамжийн мөнгийг нь ахиухан  өгөх хэрэгтэй.
Харин хөдөлмөрийн насны  иргэдэд бэлэн мөнгө тараах нь буруу. Түүний оронд  тэдэнд ажлын байр гаргаж өгөх ёстой. Энэ талаар би байнга ярьж байгаа. Тийм учраас “Танд боломж байна” гэдэг арга хэмжээг олон удаа зохион байгуулж байна даа.
- Хүмүүсийг ажилд зуучилдаг юм уу?
- Энэ арга хэмжээндээ Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж, компаниудыг оролцуулан, дүүргийнхээ ажил хайж байгаа иргэдийг урьж оролцуулдаг. Тэднийг ажлын байрны мэдээллээр хангаж,  “Танд боломж байна” гэсэн сэдвээр би өөрөө лекц уншдаг. Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо бидэнтэй хамтарч ийм арга хэмжээг гурван удаа зохион байгууллаа. Арга хэмжээнийхээ цар хүрээг өргөтгөхөөр зорьж байна. Дүүргийн аж ахуй нэгжүүдийг ажлын байрандаа,и дүүргийн иргэдээ илүү их хамруулахыг уриалж ажиллаж байна.
- Одоо ер нь ажлын байраас гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн нөхцөлийг хөнгөвчилж өгөх нь иргэдэд хэрэгтэй байх шиг байгаа юм...
- Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг УИХ-аас гаргасан. Түүнийг би ахалж байгаа. Зээл авах хүнээс заавал эд хөрөнгийн том баталгаа шаардахаас илүү бие биедээ итгэх, нэгийгээ дэмжих, бусад санааг нь чухалчлан үзэх нь үр дүнтэй. Түүнээс бус улс төрийн амлалтаар бэлэн мөнгө тарааж, иргэдийг  нийтээр нь “бэлэнчлэх” сэтгэлгээнд сургах, идэвхгүй болгох  бодлого барьж болохгүй. Хүүхдээсээ хөгшид хүртэл хаа нэг газраас, хэн нэгнээс бэлэн мөнгө гарч ирнэ гэж хүлээдэг нийтлэг сэтгэлгээ бий болсонд харамсдаг. Хүчирхэг явсан Манж үндэстэн мөхсөн  түүхийг санах хэрэгтэй. Манж хүн та дээд тэнгэрээс гаралтай, дээшээ суу, баярлаж цэнгэ бид ажлыг тань хийе гэсээр байгаад манж хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээнд автаж  юу ч хийх чадахаа больсон.  Тэгээд энэ үндэстнийг мөхөөсөн шүү дээ. Хэтэрхий их найрлаж наадамлаж, иргэдэдээ бэлэн мөнгө тарааж, ажил хийх сонирхолгүй болгож болохгүй.
- Ярьсан сэдвээсээ жаахан хазайчихлаа. Тэгэхээр сонгуулийн хэлэлцээрийн явц ахихгүй байгаа учир шинэ хүн удирдаг гээд   Д.Лүндээжанцан гишүүн  МАН-ын бүлгийн даргаас  чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Удирдах зөвлөлөөс шахалт үзүүлэв үү. Эсвэл...
- Намын бүлгийн даргыг өөрчлөх  асуудлыг ярилцаад олонхийн шийдвэр гарсан учир  би зөв, буруу гэж дүгнээд  байх нь утгагүй биз ээ.
- Хамтарсан Засгийн газар байгуулахдаа хоёр нам гэрээ байгуулсан. Энэ гэрээндээ сонгуулийн шинэчлэл хийнэ гэж тохирсон ч одоо болтол шийдсэнгүй ээ. Хүмүүс бол МАН-ынхан хэлсэндээ хүрэхгүй байна гэж харж байгаа бололтой?
- Хамтарсан Засгийн газрыг эхнээсээ л Үндсэн хууль  зөрчиж байгуулсан гэдэг байр суурийг би олон удаа илэрхийлсэн.  Энэ нь үнэндээ улс эх оронд хамаг будлиан тарьсан. Олон муу юмны үүсэл энд бий.  Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд Сонгуулийн тухай хуулийг хамгийн түрүүнд өөрчилье гэж оруулсан ч  одоо болтол шийдээгүй байна. Нэгэнт л амлаж, тохиролцож гэрээ байгуулсан юм бол түүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй шүү дээ. Хамтарч улс төрийн шийдвэр гаргасан зүйлээ ч хийж хэрэгжүүлэхгүй,  хэрүүлийн  алим болгоод өдийг хүрлээ. Дутуу хазаад хаясан алим  агаар салхинд исэлдэлд ороод  харладаг. Үүнтэй адил асуудлаа бүрэн шийдэхгүй, алимаа  дутуу   хазаж  хаяад байгаа хэрэг. Уг нь хамтарч засгаа  байгуулахдаа хоёр намын дарга  нар “сайхан болно” гэж амлаад, үсрэнгүй хөгжинө,  сонгуулийг төгөлдөршүүлнэ гээд байсан. Гэтэл  чухал гэсэн асуудлуудаа  шийдэж чадахгүй гацчихаад байна даа. Хамтрал маань хагарал болж хувираад байна.
- Та МАН-ын гишүүдийн дундаас тухайн үеийн  намын даргынхаа дэвшүүлсэн зүйлийг шүүмжилж, стандарт бус Засгийн газар байгуулахыг эрс эсэргүүцэж байсан хүн. Гэвч хамтарснаар сайхан болчихдоггүй гэдгийг цаг хугацаа харуулж байна?
- Хууль дээдлэх, хуулийг хэрэгжүүлэх нь ардчиллын амин чухал  зарчим. Үүнээс  хазайж болохгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй явдаг. Хуульд захирагдаж, хуулийг  дээдэлж, түүнийг хэрэгжүүлэх нь  иргэн бүрийн  үүрэг. Аливаа үйл ажиллагаа  хууль эрх зүйн хүрээнд л явагдах ёстой.  Үндсэн хуульд үг үсгээр нь тов тодорхой зааж өгсөн заалтыг зөрчиж стандарт бус Засгийн газар байгуулсан. Парламентын засаглалтай улсад  сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон нь Засгийн газраа байгуулж, цөөнх болсон нь  хяналтаа тавиад явдаг. С.Баярыг ийм санал дэвшүүлэхэд л  ардчилсан нийгмийн тулгуур зарчим  алдагдах нь ээ, хуулиас давж болохгүй, парламент хяналтгүй болно доо гэж саналаа илэрхийлж, сануулж, шүүмжилсэн дээ. Стандарт бус эм уувал  яах вэ, стандартын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл хордоно биз дээ гэх мэтийн жишээ хүртэл хэлж шүүмжилсэн ч нэмэр болоогүй. Тэр хамаагүй ээ, улс орны язгуур эрх ашгийн төлөө  энэ стандарт бус Засгийн газар байгуулж байна, ингэснээр  шийдэж чадахгүй асуудлаа нэг тийш болгоно. Хамтарснаар улс орон жигтэйхэн хөгжинө гэж пиардаж  байсан. 
С.Баяр өөрөө хуульч хүн. Үндсэн хуультай харшилсан, зөрчсөн шийдэл гаргаж байгуулсан болохоор Засгийн газраа стандарт бус гэж тодорхойлсон биз ээ.
Тэр үед Засгийн газрыг шүүмжилсний төлөө надад шууд болон шууд бусаар дарамт шахалт ирж, элдвээр хэлүүлж, гүтгүүлэн доромжлуулсан. Сөрөг хүчингүй, намын үзэл бодлын ялгаралгүй хуурамч нэгдэл улс орны эрх ашигт үнэнхүү хортой юм байна. Хуйвалдаан хуй салхи шиг дэгдсэн. Үнэн үг хэлбэл бүлэглээд дайрна. Гэхдээ  цаг хугацаа зөв буруу байж уу гэдгийг харууллаа.
- Хамтарснаар харин ч ихийг амжууллаа гэж тайлбарладаг цөөнгүй хүмүүс байдаг шүү дээ?
- Нэг нь хийж нөгөө нь хянавал зөв голдрилдоо орж байгаа хэрэг.  Алдаагаа олж харна. Хоёр нам хамтраагүй бол  бүр илүү ихийг хийх байсан гэж эерэгээр боддог. УИХ-д 45 суудалтай намд асуудал шийдэгдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Улс орны эдийн засгийн хөгжилтэй холбоотой, ард иргэдийн язгуур эрх ашигтай  хамаатай олон чухал хууль, шийдвэрийг хамтарсан нэрээр баяр ёслолтой давхцуулан баталж гаргасан.  Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Оюу толгойн гэрээ  зэрэг хууль, баримт бичгийг цаг хугацаагаар хавчиж, тулгаж байгаад баталсан. Хамтарч засаг байгуулснаар  төрийн албанд ажиллагсдын тоо хэдээр нэмэгдэв гэдгийг судалж үзээрэй. Ер нь Монгол Улсыг төрийн аппарат идэж дууслаа. Юу хийхээ ч мэдэхгүй танил тал, ах дүүс, амраг садангаа хооллодог газар болсон гэдгийг хатуухан хэлье. Даргын суудлыг “ихэрлүүлээд” л, нэг яамыг  хоёр дэд сайдтай, нэг агентлагийг хоёр дэд даргатай болгоод  төрийн бүтэц улам л данхайгаад байна. Тэр суудлуудыг нь АН, МАН хоёр тэнцүү хувааж авлаа шүү дээ. Хамтарснаасаа болоод бие биедээ барьцаалагдах, асуудлыг улс орны эрх ашиг гэхээсээ илүү бүлэглэлүүдийн эрх ашигт нийцүүлэн шийддэг.
Оюу толгойн гэрээ түүхий байна, хүү нь өндөр байна, толгой компанийн хувьцааны  хөрвөх асуудлыг ярих хэрэгтэй  гээд гишүүд , эрдэмтэн, судлаачид хэлж байсан ч яаравчлуулаад хамтарсан нэрээр шахаад  шийдсэн.
Одоо яаж байна. “Даравч дардайна, булавч бултайна” гэгчээр Оюу толгойн гэрээний гууль цухуйж эхэлсэн.   Гэрээ хэлэлцээр хийхэд хөрөнгө оруулагч “Айвенхоу майнз”  компанийн хувьцаа эзэмшигчийг манай Засгийн газар хөлслөөд   зөвлөхөөр ажиллуулсан.  Ашиг сонирхлын зөрчил илэрхий байхад шүү дээ.   Давуу эрхийн хувьцаа гаргаснаар Монголын талд ногдох хувь буурах нь, зээлийн хүү нь хэт өндөр байна гэх мэт бөөн шүүмжлэл өрнөсөн.  Тэгж  байж л давуу эрхийн хувьцаа гаргахыг болиулж, зээлийн хүүг бууруулаа биз дээ. Уг нь эхнээс ээ  гэрээгээ  нямбай,  сайтар тооцож хийсэн бол ийм байдал үүсэхгүй. Мэргэжлийн хүмүүс, эрдэмтэд, УИХ-ын гишүүд  зөвлөөд  байхад засч сайжруулахын оронд хүчээр батлуулаад, дараа нь хэл амны бай болж засвар хийхээс аргагүй байдалд хүрэх ямар хэрэг байна аа.  Өнөөдөр ч гэсэн Оюу толгойн гэрээнд дахиад ч сайжруулах зүйл бий.
- УИХ-ын нэр бүхий 21 гишүүн Оюу Толгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлж сайжруул гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ?
- Тэр бичигт  би гарын үсэг зурсан. Оюу толгойг ашиглаж, үр шимийг нь хүртэж, улс орноо хөгжүүлэхийг бид эсэргүүцээгүй. Гагцхүү гэрээг ард түмэнд ашигтай байдлаар байгуулахыг шаардсаар ирлээ. Өмнө нь Оюу толгойн гэрээний төслийг хоёр  удаа  боловсруулсан ч муу болсон гэдэг үндэслэлээр  хойшлуулж байлаа. Гэвч одоо байгуулчихаад байгаа гэрээ нь  өмнөхөөсөө ч  бүр дордсон.   Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар өмнөх гэрээний төслийг  боловсруулах ажлын хэсгийг ахалж байсан юм. Тэр үед энэ төслийг нь  АН-ынхан  муу болсон байна гэж шүүмжлээд завсарлага авч бойкотлоод буцаасан даг. Гэтэл хамтарчихаараа өмнөхөөсөө ч   дордуулсан гэрээний төсөл оруулж ирсэн. Түүнийг сайжруулахын оронд  шуурхайлан  баталсан шүү дээ.   Оюу толгойн гэрээг байгуулчихлаа гээд л Засгийн газрын гишүүн 100 тэрбумын “чек”-нд гарын үсэг зурж гүйгээд л, төрийн гурван өндөрлөг, төр засгийн удирдлагууд  баяр хөөр болон сүйд болцгоож байсан. Монголын ард түмэнд өгөөж муутай  гэрээ болчихлоо гэсэн байр суурьтай байсан учраас миний хувьд тэднийг даган баясаж, баярлаагүй.

УИХ-аас гаргасан  57 дугаар тогтоолд “Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа  Монголын тал Оюу толгой төслийн  50-иас доошгүй хувийг эзэмшинэ” гээд тов тодорхой заагаад өгчихсөн байгаа. Энэ заалтыг гэрээ байгуулсан Засгийн газрын гишүүд хэрэгжүүлээгүй. Хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцүүлж 30 жилийн дараа хувь эзэмшлийг ярина гэж гэрээнд тусгасан.  Оюу толгой нь маш том, үр ашигтай төсөл. Тиймээс  дөрөв, таван жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоотой гэж мэргэжилтнүүд  үзэж байна. УИХ-аас тийм шийдвэр гарсан байхад гэрээ хэлэлцээр хийгч Засгийн газрын гишүүд  үүнийгээ хамгаалж хэрэгжүүлэхийн  оронд хөрөнгө оруулагчдад найр тавьж аясыг  нь дагаж, тэдэнд таалагдсан гэрээ байгуулсан. Тиймээс энэ алдааг засч, сайжруул гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад тавьж байгаа. Бид эхнээсээ улс орны эрх ашигт нийцсэн шаардлага тавьсан.  Хөрөнгө оруулагчид Монгол төрийг хүндэтгэж, хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан тогтоолыг нь хэрэгжүүлэхгүй гэж гэдийхгүй л байсан болов уу гэж боддог. Тэгэхээр тэр үеийн  Засгийн газар яагаад эцсийг  нь тултал ажиллаагүй   юм бэ гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Үүний цаана    эрх ашгийн сонирхол нуугдаж байна уу, ямар нэгэн бүлэглэлийн заавар нөлөө орсон юм биш байгаа,  эсвэл  авлига, хээл хахууль байна уу гэсэн   эргэлзээг төрүүлж байгаа. Засгийн газар 57 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлснээ  тайлагнах  ёстой.
- Та нарын өргөн барьсан  бичгийг нөгөө өнцгөөс нь харахад Засгийн газрыг байрнаас нь хөдөлгөх эхний “чулуу” юм болов уу гэж харагдаад байна...
- Гишүүд юу гэж бодож дэмжсэнийг би тааж хэлэх аргагүй.  Оюу толгойн гэрээг  С.Баярын  Засгийн газрын үед байгуулсан.  С.Баяр ч бай, түүний үргэлжлэл болж  засаг толгойлж яваа С.Батболд ч Оюу толгойн гэрээний асуудлыг улс орон, ард түмэндээ ашигтайгаар шийдэх үүрэгтэй. Үүнээс холбирох аргагүй. Бид ингэж  шахаж шаардах эрхтэй. Оюу толгойн ордын лицензийг эзэмшигч  “Айвенхоу майнз”  компанийн гүйцэтгэх захирал,  Роберт Фрийдланд дэлхийд “хорт Воб” нэрээрээ алдартай, хөгжил буурай орнуудад луйврын гэрээ хийж заль гаргадагаараа зартай гэж олон улсын хэвлэл мэдээллээр тархсан байдаг.  Манай Оюу толгойн гэрээг судалсан гадаадын нэг компанийнхан хүртэл бидэнд хандаж, бичиг ирүүлсэн. Дэлхийн 100 гаруй оронд ашигт малтмал  ашиглах гэрээг ямар хэлбэрээр байгуулсныг нь судалж үзсэн байна. Гэвч Монгол Улс шиг өөртөө ашиггүй гэрээ хийсэн орон байгаагүй гэж тэд дүгнэжээ. Баялгийн эзэн болсон монголчууд ашигт малтмалаа ашиглаад баяжих байтугай харин ч өртэй болж үлдэх хандлагатай байна.  Гэтэл ноён Фрийдланд  гуай   хувь эзэмшлээ 6-7 тэрбум ам. доллараар зарсан гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Энэ хүн  хагартлаа баяжиж байхад монголчууд ямархуу байгаагаа бодох л хэрэгтэй шүү дээ. 
- Ер нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд дүн тавь гэвэл юу гэж үнэлэх вэ?
- Дүн тавигдсан шүү дээ. Нэг жишээ дурдъя.  Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэсэн  баримт бичиг 2009 онд  баталсан. Үүнийг батлах үед   1100 гаруй км төмөр замыг хоёр жилийн дотор л барьчихна гээд байсан. Одоо болтол нэг  ч км зам тавигдсангүй.  Зөвлөх компанид банкнаас зээл авч өгсөн ч гэх шиг ойлгомжгүй зүйл олон  байна.  Байгалийн баялгийн арвин нөөцтэй, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа  боломжийг  цаг  алдалгүй ашиглахгүй, алгуурласаар   хугацаа их алдаж байна. Үнэхээр Засгийн газраас дутуу дулимаг төсөл оруулж ирдэг.  УИХ түүнийг сайжруулж, засч, Засгийн газрын ажлыг  өмнөөс хийх нь олонтаа.  Би болохгүй, бүтэхгүй  зүйлийг түрүүлж ярилаа. Энэ нь  Засгийн газрын хийж байгаа бүх ажлыг нь харлуулах гэсэн хэрэг биш.  Засгийн газрын хэрэгжүүлж байгаа дэвшилттэй  зүйл бас цөөнгүй бий. Бүгдийг үгүйсгэж болохгүй л дээ. Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх алхам гээд дорвитой зүйлийг эхлүүлж  байгаа ч зарим үед хурд, дайчин давшингуй чанар дутагдаад байна.
- Хамтарсан Засгийн газар  Оюу толгой, Таван толгойгоос өөр дорвитой зүйл бараг шийдээгүй юм биш үү?
- Санал нэг байна. Монгол Улс зөвхөн сонгуульд угтаж амьдардаг болчихжээ гэхэд хэтрүүлсэн болохгүй байх.  Албан тушаалын, сонгуулийн төлөө амь  тавин тэмцдэг болсныг ард түмэн ч ажиглаж байгаа. Тэр даргыг дагавал төрийн албанд орно, тушаал ахина, эсвэл нэр дэвших боломж гарна гээд ард түмэнд үнэнийг  хэлдэг хүн ховордож байна.  Монгол даяараа хамгийн их хожих улирал зун баймаар юм. Зун ажил яривал уурлах янзтай. Амрах нэгнээ амраагаад үлдсэн нь  энэ хугацаанд ажил цалгардуулахгүй, эрчимтэй ажиллаж  байх ёстой биз дээ. Зуны урин дулаанд ажил урагшлахгүй болохоор яаж улс орон хөгжих юм бэ.  Барилга, зам гэх мэт  олон ажил урин дулаан цагт л хийгддэг. Энэ зун хичнээн олон  наадам, найр болов.  Яасан их мөнгө, хөрөнгө үрэгдэв дээ. Өдий төдий эмнэлэг сургууль, хичнээн олон ажлын шинэ байр бий болгох мөнгийг  бөх, морь, наадам гуравт түймэрдээд хаячихлаа. Сайд дарга нар тэр наадмуудыг хэсээд, улам л гааруулаад олныг хөлдөө чирэхийг хараад ард түмэн лав баярлаагүй байх. Уг нь найр наадам   ард түмнийг баярлуулж, зуны дэлгэр цагт хөгжөөн баярлуулж, нурууг нь нэг   тэнийлгэх гэснээс биш зуны турш хавтгайртлаа наадаж нарги гэсэн үг биш үү дээ.  Наадмын бай шагналыг харахад баян арабчууд ч ингэж баярхдаггүй байх. Ивээн тэтгэж  байгаа хүмүүсийг харахаар  голдуу лиценз,  газрын наймаачид эсвэл улсын үйлдвэрийн дарга нар байдгийг хүн бүр л мэдэж байна. Улс төрд орох, сонгуульд нэр дэвших  гэсэн нөхдүүд хэдэн зуун саяар морь байлж, хагас тэрбум төгрөгөөр морь худалдаж авч, сайн уяач болж  харагдахыг оролдож байна.Тэдний  зарим нь морь мэдэх байтугай морь унаж чаддаг юм болов уу даа.  Хөнгөн хялбар аргаар биш  хөдөлмөрлөж , хөлс хүчээ дусааж байж  мөнгө олдог, бүтээдэг,  олон хүнийг ажлын байртай болгодог  хүн ийм байдлаар цацаад байхгүй л болов уу.  Ажил хэрэгч хүмүүсийг би мэднэ. Тэд татвараа улсад үнэнчээр төлдөг, аль болох ихийг бүтээхийг зорьдог, олон хүнийг ажлын байраар хангадаг, хууль бус бизнес эрхлэхээс зайлсхийдэг.

Бас гишүүдийн нэрээр улсын төсөвт суулгасан тэрбум төгрөгийг өөрийнхөө халааснаас гаргаж байгаа юм шиг сурталчлах, пиардах нь хэрээс хэтэрч байна. Энэ мөнгө бол татвар төлөгчдийн, олон түмний л мөнгө шүү дээ.  Мөн  улстөрч, улсын том үйлдвэрийн  дарга, газрын наймаачид нар үр хүүхдээ удам дамжсан уяач, улстөрч болгохоор бэлтгэж байна.  Аав нь дарга бол хүү нь дарга болдог. Том дарга нарыг далдганаж бөөрөнд нь наалдаад, албан тушаалд дэвшиж байна. Ийм маягаар өөрсдийн үе залгамжлагчдаа   бэлтгэж, ард түмнийг аргалан, долигонох маягаар, үхээнц маягийн улс төр хийгдэж байгааг хэлмээр  байна. Гэвч манай ард түмэн  шударга, зарчимтай зүйлийг хүндэтгэдэг. Ард түмний  билгийн нүд хурц, хэн нь улс орныхоо  төлөө  ажиллаж байна гэдгийг ялгах оюунлаг ард түмэн юм.
- Та хүүхдүүдээ  үе дамжсан улс төрч болгох санаагүй гэж үү?
- Би хоёр хүүхдээ өндөр боловсролтой ажил хэрэгч хүн болгохын төлөө явсан. Тэднийг багаас нь бие даалгаж өсгөсөн. Ингээд бодохоор магадгүй би хатуу аав байх л даа. Хүүхдүүдээ долоо, наймдугаар ангид байхад нь Германд бие даалгаж амьдруулан сургуульд явуулдаг байсан. Сүүлд нэгийг нь Японд, нөгөөг нь Хонконгд дээд боловсрол эзэмшүүллээ. Тэд Ази, Европ хүмүүжлийн аль алинаас нь суралцсан болохоор олзуурхдаг. Манай хүүхдүүд сургуулиа төгсч ирээд, бизнесийн салбарт ажиллаж ээжийнхээ ажилд туслаад, өөрсдөө компани байгуулаад явж байгаад нь баяртай байдаг.

Сургуулиа төгсч ирээд цагаан гартай үе залгамжилсан дарга нар болохыг хүлээн зөвшөөрөхгүй, одоо ч ер нь яам тамгын газруудын бараг үйлчлэгчээс нь эхлээд бүх ажилтан нь даргын хамаатан садан, танилууд нь байдаг болчихож. Үүнийг үнэхээр муухай гажуудал гэж боддог. Би УИХ-ын гишүүн, сайд байлаа гээд өөрийнхөө таньж мэддэг, хамаатан садангийн хүнээ албан тушаалд томилж явсангүй ээ. Зарим хүн намайг “шударга царайллаа” гэж шүүмжилдэг л юм. Ямар ч хүн шударга үнэнч,  ажил хэрэгч байвал ажилтай, албан тушаалтай болно шүү дээ. Харин ийм хүмүүсийг дэмжих нь зөв гэж боддог. Ийм учраас үр хүүхэддээ, таньдаг мэддэг хүмүүстээ “Та нар боловсорсон жимс шиг бай. Болсон жимсийг хүн идэх дуртай байдаг шиг мэдлэг боловсролтой, чадвартай байвал та нарт хаана ч ажиллах өргөн боломж нээгдэнэ” гэж хэлдэг. Би л лав сайд дарга болно гэж бодож байгаагүй. Мэргэжлийнхээ чиглэлээр сайхан ажиллана гэж боддог байлаа.
- Тэгэхээр хоёр хүүхдэдээ бүгдийг өөрөө эхэл гэж хэлдэг юм байна, тиймээ?
- Үнэндээ хоёр хүүхдээ сургуульд сурч байхад нь төрийн сургалтын сангийн тэтгэлэгт ч хамруулаагүй. Манай хүүхдүүд бусдын нэгэн адил жирийн оюутны байранд амьдарч, ажил хийж өөрсдөө мөнгө олдог байсан.  Хүүхдүүдээ сургууль төгсөөд ирэхэд нь машин авч өгөөгүй. Тэд автобус, унаагаар явж үзэг. Харин одоо өөрсдөө хөдөлмөрлөөд бизнес эрхлээд олсон орлогоороо  машин авах байлгүй. Тэднийг хэлтэй, боловсролтой болголоо. Энэ нь тэдэнд өгсөн том хөрөнгө оруулалт гэж боддог. Хялбар аргаар олсон мөнгө хялбар аргаар алга болно. Тиймээс  өөрсдийнхөө хөдөлмөрөөр амьдралаа босго гэж хэлдэг.  Зарим хүн надад “Чамайг арай ч ийм хатуу гэж бодсонгүй” гэж хэлдэг л юм.

Хүн хөдөлмөр хийж, бусадтай зүй зохистой харьцаж байж зөв төлөвшиж, улс орондоо хэрэгтэй хүн болно оо. “Эрхийг сурахаар бэрхийг сур” гэсэн сайхан монгол үг байдаг. Өнөөгийн монголын залуу үе үнэхээр сайхан болжээ. Бидэнд энэ залуу хойч үеэ эх орондоо хайртай, эх орноо хөгжүүлдэг том хүчин болгож хүмүүжүүлэх хариуцлага оногдож байна.
- Морь уядаг улстөрч, бизнесийнхнийг шүүмжлээд байхыг бодоход та өөрөө морь уядаггүй юм аа даа. Уг нь таныг чинь хурдны морь ихтэй гэдэг юм билээ?
- УИХ-ын гишүүдийн дунд монгол хүн моринд дуртай гэдэг үзэлд тулгуурлан улс төр хийх хандлага нэлээд ажиглагдах боллоо. Мэдээж моринд дургүй монгол хүн гэж байхгүй. Гэхдээ ард түмний  элч төлөөлөгч болсон УИХ-ын гишүүдэд төрийн бодлого тодорхойлох, хууль санаачлах, хууль батлах  гээд хийх ажил их бий. Дэлхий нийтээрээ хөл бөмбөгийн спортод дуртай. Тэглээ гээд бусад  улс орны парламентын гишүүд, сайд, дарга нар нь зав чөлөөгөөрөө хөл бөмбөгийн баг дасгалжуулаад байдаггүй биз дээ. Ингэж ярилаа гээд манай журмын нөхөд надад гоморхдог л юм.
Гэхдээ морь уяна гэдэг бол бүтэн жилийн ажил шүү дээ. Тиймээс морь уях нь жинхэнэ малчин хүний ажил. Түүнээс биш хүнээр морио маллуулаад, хааяа нэг очиж үзэгдэж мөнгө шидчихээд “морь уяж байна” гээд байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Мөнгөөр хурдан морь худалдан авч өөрийгөө адаршуулдаг үзэгдэл манайд хавтгайраад байна. Нэг л их элбэг дээл өмссөн улсын алдарт, манлай  уяач гэж цоллуулаад явдаг болж. Үнэхээр уяач удамтай, морь уях дуртай улстөрч хүмүүс байхыг  бас буруутгах аргагүй л дээ.

Би өөрөө моринд дуртай, жороо морь унах бүр ч дуртай. Багадаа морь унаж өссөн хүүхэд. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт олон жил ажилласан. Энэ хугацаанд хөдөө орон нутгаар явж байхад ах дүү, хамаатан садан, жирийн ард иргэдээс морь бэлэглэх тохиолдол бишгүй гардаг. Түүнээс биш миний гэх адуун сүрэг байхгүй. Хүмүүсийн бэлэглэсэн морийг “Уяж уралдуулаарай. Хадгалж хайрлаж яваарай” гэж эзэнд нь хэлээд тухайн морийг сүрэгт нь үлдээдэг.  Зарим хүн морио сэтгэлээрээ миний нэр дээр уяж уралдуулан, аймаг орон нутагтаа айраг түрүү авсан байдаг юм. Тэд над руу утасдаж “Таны морь тэдэд давхилаа” гэж ярих нь бий. Баян-Өлгийн аймгийн Толбо суманд явж байхад надад бэлэглэсэн морь нутгийнхаа наадамд айрагдлаа  гэж эзэн нь сүүлийн хоёр жил над руу утасдаж, хэлж байсан. Тэд  “Морь гэдэг чинь хийморьтой амьтан учраас таны нэр дээр уралдууллаа. Бай шагналыг нь бид авсан” гэдэг. Миний төрсөн нутаг Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ч ийм морьд бий.   
- Та хэр шүтлэгтэй вэ?
- Хятад улс нүүдэлчдийн уулгалан дайрахаас  хамгаалж Цагаан хэрэм барьсан гэдэг. Харин монголчууд  Күнзийн сургаал, хятадчлах  бодлогод автахгүй гэсэн дээ Цаст Гималайн цаахна оршдог Төвдөөс  бурхны сургааль, номлолыг  нэвтрүүлж номын хэрэм  босгосон гэж боддог. Тийм учраас бурхны шашинд хүндэтгэлтэй ханддаг. Ер нь л шүтлэгтэй талдаа даа. Мухар сохроор шүтэхдээ биш учир утгатай шүтэх бишрэх хэрэгтэй. Хүн өсч торнисон орчиндоо төлөвшиж, эцэг, эхээ дуурайдаг л даа. Манай аав унзад лам хүн байсан. Тиймээс бурхан номын дэргэд өссөн гэж болно. Аавын минь хийдэг бурхны зан үйл надад сонин содон санагдаж мартагддаггүй юм. Гэвч тухайн үед хавчлага хардлага ихтэй байсан учраас онц сурлагатан, пионер хүний хувьд аавыгаа ”лам” гэж хэлэхээс үеийнхнээсээ санаа зовдог байсан даа.  Хэдий тийм ч манайх ёс төртэй айл байлаа. Бурхан шашнаа шүтэх, рашаан усанд явах, цагаан сарын идээ будаа өргөх гэх мэтийн зан үйлийг  хүүхэд байхаасаа хараад өсчихсөн болохоор одоо хэрнээ мартагддаггүй, ёс заншлаа нарийн дагадаг хэвээрээ. Ааваасаа өвлөж ирсэн бурханыг  шүтэж дээдлэн явдаг.

Сүүлийн 20 гаруй жил бурхан шашны ном судар их уншиж байна. Чойжамц хамба, Дамбажав хамба, 15 дугаар Зая гэгээнтэн, бурханч лам Пүрэвбат зэрэг бурхан шашны төлөөлөгч нартай ойр холбоотой явдаг.  Шашны мөн чанарыг ойлгох,  байгаль дэлхий, бурхан шашны уялдаа холбоог танин мэдэхийг илүү их хүсч  эрмэлздэг. Энэ талаар хэвлэгдэн гардаг номуудыг цуглуулан уншиж алжаалаа тайлах дуртай даа.
- Улс төрийн сэдэв рүүгээ эргээд оръё. Танаас нэг зүйл асуумаар санагддаг юм. С.Баяр даргыг  илтгэл тавьсны дараа   Бага хурал хэвлэлийнхэнд  хаалттай хуралдсан.  Тэр үед таныг ганцаараа эсрэг санал хэлж, шүүмжилсэн гэж сонсч байсан, тийм үү?
- Гуч гаруй хүн санал  хэлэхэд хамтарсан Засгийн газрыг байгуулахгүй байх учир шалтгааныг тайлбарлаж байр сууриа ганцаараа ил тод илэрхийлсэн л дээ. Хамтарсан Засгийн газар байгуулж  болохгүй, нам дамжсан олигархийн бүлэглэл хүчээ авна, парламент хяналтгүй болно, Үндсэн хуультай харшлаад байна, намаа ялуулахын төлөө гутлаа эргэтэл явж байсан хүмүүсээ ч бодох хэрэгтэй гэж хэлж байлаа.  Харин  Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ  зэрэг гишүүд хамтарсан Засгийн газрыг шүүмжилсэн асуулт тавьж, хэвлэл мэдээллээр ч эсэргүүцэж  байгаагаа илэрхийлж байсан. Бага хурал болохын өмнөх  өдөр ийм зүйл яаж байж болох юм, яагаад ч дэмжиж болохгүй гээд ярьж байсан хүмүүс маргааш нь танигдахгүй болтлоо өөрчлөгдөж өөр шийдвэр гаргаад, гараа өргөөд сууж байлаа.
- Тэр үеийн намын дарга С.Баяр  илтгэл тавиад тэр хүмүүсийн санаа бодлыг урвуулсан байх л даа?
- Миний авсан мэдээллээр бол өмнөх өдөр нь уулзаж  чиглэл өгөгдсөн гэсэн. Удирдлагаа  хүндэтгэх, үгийг нь сонсох, шийдвэрийг нь дагаж мөрдөх нь   зөв боловч хууль бус зүйл зүйл дээр аялдан дагалдаж таарахгүй. Дарга бүхнээс төгс төгөлдөр, алдаа гаргадаггүй, даргын бодсон, санасан бүхэн зөв байна гэвэл хэтэрхий туйлширсан хэрэг. Даргын үгийг эсэргүүцэх юм бол албан тушаал олдохгүй гэж бодсон юм уу далдганаж, хачин нялуун үг хэлсэн хүн олон байсан.  Тэр үеийн бичлэг протокол дээр байгаа даа. Хоёр нам хамтарч болохгүй гэж  ярьж байсан нэг улстөрч дээр очоод “Та яав аа” гэхэд  “Салхи эсрэгээр эргэлээ, одоо ч үг хэлээд нэмэргүй дээ” гэдэг байгаа. Тэгэхээр нь би ч үгээ хэлнэ ээ,  салхи  хаанаасаа эргэх хамаагүй,   үнэн үгээ хэлснийхээ төлөө шуурганд нураад унасан ч яахав гэсэн.  Бодит үнэнийг гаргаж тавих  нь улс орны эрх ашигт болон намын  уур амьсгал эрүүл байхад чухал  нөлөөтэй зүйл шүү дээ.
- Улстөрчид өчигдөр хэлснээ  маргааш нь мартаад, өөр зүйл ярьдаг  тал бий л дээ?
- Би  сонин хэвлэлд өгсөн бүх ярилцлага, хэлсэн үгэндээ харьцуулсан дүгнэлт хийж байна. Миний хэлсэн зүйлүүд урвуугаар өөрчлөгдөх юм алга. Салхинд хийсэх хамхуул шиг тогтворгүй, байр суурь нь гуйвамтгай, нэгийг харж урваж, нөгөөг харж зусардаад байхад дургүй. Зарим нэг зүйл цаг үеийн байдлаас шалтгаалаад өөрчлөгдө
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.