Б.Батзориг 2018.06.07 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, органик хүнсний үйлдвэрлэлд туршлага судлах чиглэлээр хамтарч ажиллана

Дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, органик хүнсний үйлдвэрлэлд туршлага судлах чиглэлээр хамтарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филип Мэлоүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулж байгаад нь гүнээ талархан, хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлж, салбарын талаар товч мэдээлэл өгсөн.

 ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Мэлоүн хоёр орны хооронд ХХААХҮ-н салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглээд, Их Британийн Засгийн газрын санхүүжилттэй, “Sustainable Fibre Alliance" ТББ-тай хамтран, Монголын ноолуурын салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Тус байгууллагаас энэ оны 9 дүгээр сард Лондон хотод Дизайнеруудын уулзалт, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах болсон бөгөөд Монголын талын оролцоог хангахад дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг ХХААХҮ-ийн Б.Батзоригт хандан хэлсэн.  

Талууд Их Британийн хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжил, арга туршлагатай газар дээр нь танилцах, боловсон хүчнийг сургах хамтарсан хөтөлбөр боловсруулах, Английн дэвшилтэт техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн органик хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, баталгаажуулалт, худалдаагаар дэлхийд тэргүүлэх Их Британи Улстай органик тэмдгийн зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллаж, туршлага судлахаар санал солилцсон юм.