Л.Мөнхбаатар 2018.06.08 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэв

Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.08) хуралдаан 15 цаг 21 минутад 66.7 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэв. Хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар даргалсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналын талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорингуравдугаар зүйлийн 21.1-т “…Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална…”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “…Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална...” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоринесдүгээр зүйлийн 29.3-т “…Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна…” хэмээн заасан байна. УИХ-ын гишүүн Д.Муратад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 14.1, 2-т нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналтай байгааг танилцуулгад дурдсан. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж уг асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргаж, энэ дагуу санал хураалт явуулсан ч гишүүдийн олонх дэмжээгүй юм.  Дээрх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцууллаа. Дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нар ажилладаг бөгөөд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж уг асуудлыг хэлэлцжээ. Ингээд УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжсэн гэв. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар, Л.Болд, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас хариулт авав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нууц санал хураалт явуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад гишүүд 92.9 хувь нь дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нууц санал хураалтыг саналын хуудсаар явуулах горимын санал гаргасан. Уг саналаар санал хурааль явуулахад гишүүд  санал нэгтэйгээр дэмжсэн. 

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т үндэслэн хэлэлцэж буй асуудлаар нууц санал хураалт явуулахаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Н.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй комисс байгуулав. Ингээд санал хураалтыг нууцаар, саналыг хуудсаар хурааж, дүнг УИХ-ын гишүүн, санал хураалтын комиссын дарга Н.Оюундарь танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад оролцсон 14 гишүүний 7 нь Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжихгүй, бусад 7 нь дэмжинэ гэжээ. Ингээд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Дараа нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан энэ талаар танилцууллаа. УИХ-ын гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 14.1, 2-т нийцүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 заалтыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтай байгааг Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцууллаа. 

Дээрх асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцуулсан. УИХ-ын гишүүн Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг дэд хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн гэв. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асууж, тодруулга хийсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хураалтыг нууцаар, саналын хуудсаар явуулах горимын санал гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т үндэслэн хэлэлцэж буй асуудлаар нууц санал хураалт явуулахаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Пүрэвдорж, Н.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэй комисс байгууллаа. Санал хураалтыг нууцаар, саналын хуудсаар явуулж, дүнг УИХ-ын гишүүн, санал хураалтын комиссын дарга Н.Оюундарь танилцуулсан. УИХ-ын гишүүн Д.Гантулгын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжих эсэх санал хураалтад оролцсон УИХ-ын 14 гишүүний 7 нь Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжсэн бол УИХ-ын 7 гишүүн дэмжээгүй байна. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болж, хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.