Л.Оюун-Эрдэнэ: Энэ үйл явдал парламентын түүхэнд хар өдөр болж үлдэнэ
2018.06.11

Л.Оюун-Эрдэнэ: Энэ үйл явдал парламентын түүхэнд хар өдөр болж үлдэнэ

УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойших хурал­даанаар УИХ-ын гишүүн Д.Мурат болон Д.Гантулга на­рын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх Улсын Ерөнхий про­ку­ро­­рын саналыг хэлэлцлээ. Хурал­­даа­наар УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг хэлэл­цээд, олонхийн саналаар түд­гэл­зүүлэх шаард­лагагүй гэ­сэн шийдвэрийг гар­сан юм. Ин­гээд хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үг, байр суу­рийг ямар ч засваргүйгээр  хүргэж байна.

Л.Болд:

-Улс төрийн шийдэл рүү явчих вий гэж харж байна. Парламентын түүхэнд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тухай ярьж байгаа нь үнэн. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн улмаас тэр аймшигт асуудлыг хөндөн ингэж хэлэлцэж байсан. Өнөөдөр прокурорын тухай хуулийн 49 дүгээр зүйлийг яагаад дагаж мөрдөхгүй орохгүй байна вэ. Энэ зүйлийн дагуу Улсын ерөнхий прокурор жилд нэгээс доошгүй удаа мэдээлэл хийх ёстой. Үүнийг дагаж мөрдөх, байнга мэдээллээр хангаж, харилцаатай байх ёстой юм. Нөгөөтээйгүүр улс төрийн зорилготой үйл ажиллагаа байх вий гэсэн эргэлзээ байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа гэж ам тагладаг. Тэр байгууллагатай шууд харилцаж, зөв мэдээлэл олж авдаг баймаар байна. Тэгж байж зөв шийдвэр гаргана.

Ц.Нямдорж:

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэсэн хуулийн заалт бий. Үүнийг л би хэлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Болд үүнийг мушгих гээд байгаа юм уу, яах гээд байна. Миний хэлснийг өөр болгоод тайлбарлаад байгаа юм. УИХ-ын гишүүнийг би ерөөсөө хөндөж болохгүй гэж хэлээгүй юм. Үндсэн хуульд УИХ-ын гишүүний дархан эрхтэй холбоотой гурван заалт байдаг. Тухайлбал, Халдашгүй байдлын хуулиар тогтооно гэж. Нөгөө нь гэмт хэрэгт холбогдсон бол түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Түдгэлзүүлсэн тохиолдолд энэ хүн шүүхэд шилжих ёстой юм. Шүүхэд шилжээд гэм буруутай нь тогтоогдох юм бол эргүүлэн татах гэдэг гурав дахь ажиллагаа хийгдэх ёстой. Энэ бол маш тодорхой ойлголт. Хуулийн тодорхой заалтыг логикоор тайлбарладаг юм. Логик хууль хоёрыг салгаж болдоггүй. УИХ-ын зөвшөөрөлгүйгээр захиргааны журмаар баривчилж болохгүй. Түүнээс хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж байхгүй. Би үүнийг тайлбарласан. Ерөнхий прокурор өөр утгатай тайлбар хийж байна лээ. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүний хувьд саяны миний хэлсэн ойлголтоор дэд хороог ойлгож байгаа. Энэ талаар дэд хороонд нэгдсэн нэг ойлголтод хүрсэн. Ийм л зүйл. Практик бас байна. 1998 онд гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад хуулийн арга хэмжээг авсан. Түдгэлзүүлсэн учраас тэр асуудлыг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ нь Үндсэн хуультайгаа яв цав нийлээд явчихсан. 2007 бил үү 2008 онд шүүх түдгэлзүүлэлгүй нэг асуудлыг хэлэлцсэн будлиан гарсан. Цаашаа яваагүй учраас маргаан багатай үлдсэн. Цаашаа явсан бол шүүх Үндсэн хууль зөрчсөн асуудалд хүрэх байсан. Ийм л тайлбарыг хийсэн. Одоогийн энэ хуулийн заалтыг Бага хурал байхад Б.Чимэд багш, Д.Лүндээжанцан, Л.Болд  та нарын хийсэн хууль. Хуулийг 2006 онд намайг УИХ-ын дарга байхад Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан нар өргөн барьж, батлуулж байсан. Бид ийм ойлголтоор баталсан. Батлуулсан, гарын үсэг зурсан хүн нь би.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Би хуульд ямар үг үсэг бичсэн байна түүнийг ягштал биелүүлж ажиллах ёстой. Миний үйл ажиллагаа хуулийн дотор, хуулийн хүрээнд явах ёстой. Хэрвээ УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэхгүй тохиолдолд надад ямар эрх үүсэхгүй вэ гэхээр 34.7-д заасан албадан саатуулах, цагдан хорих, гэр болон албан өрөө, тээврийн хэрэгсэлд нь үзлэг, нэгжлэг хийх эрх байхгүй болно. Ер нь Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдвол УИХ-аар хэлэлцэж, түдгэлзүүлэх асуудлыг шийдэж бай гэсэн ойлгомжтой заалттай. Тиймээс би УИХ-д оруулж ирж байгаа. Мөрдөн байцаалт болон хувийн нууцтай холбоотой асуудал яригдах учраас нээлттэй хурлаар энэ бүхнийг дэлгэрэнгүй ярих боломж надад байхгүй.

Л.Болд

-Халдашгүй байдлын дэд хороогоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой гэж шийдвэрлэсэн. Хамгийн олон сонгогдсон нэг намын таван гишүүн орсон. АН-ын бүлэгт  таван удаа сонгогдсон нэг гишүүн бий, оруулаагүй. Халдашгүй байдлын дэд хороо парламентын төлөөлөл шударга ёсыг хангаж ажиллаж чадаж байгаа юм уу. Үүнд хэн хариулт өгөх вэ.

Ц.Нямдорж.

-Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудалд улс төрийн өнцгөөс хандаагүй. Л.Болд гишүүнийг би алдаатай үг хэлж байна гэж бодож байна. Таныг ХБД хороонд оруулах эсэх нь УИХ-ын шийдэх асуудал. Ерөнхий прокуророос яг адилхан санал оруулж ирсэн. Бид яг адилхан хандсан. Шулуухан байцгаах хэрэгтэй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг үнэндээ ойлгохгүй байгаа шүү дээ.

О.Баасанхүү:

-Ёс зүй, ёс суртахуун, гэмт хэрэг гэсэн гурван ойлголт бий. Гэмт хэргийн асуудлаар шалгагдаж, нотлогдож байгаа бол эрхийг нь түдгэлзүүлэх тухай асуудал ярина. Харин ёс суртахуун болоод ёс зүйн асуудалтай бол эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн зүйл Үндсэн хуульд байхгүй. Прокурорын бичгээс харахаар хувийн харилцааны улмаас гэдэг зүйл байна. Хөнгөн гэмтсэн гээд яриад байна. Хувийн харилцаанаас болсон зүйлд өнөөдөр прокурор эргүүлэн татах зүйл яриад байх юм. Ц.Нямдорж гуай та худлаа яриад байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хуулийг төсөөтэй хэрэглэх ойлголт байхгүй. Байцаан шийтгэх хуульд юу байна, түүнийг дагана. Байцаан шийтгэх хуульд түдгэлзүүлсэн ч, эс түдгэлзүүлсэн ч шүүхээр шийдүүлэх  үүрэг нь байгаа. Миний санаж байгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн асуудлаар тухайн үед Ц.Мөнх-Оргил тайлбар хийж байсан. Хэрвээ хорих шийтгэл тогтоох юм бол бид түдгэлзүүлэх биш татах тухай асуудал ярина. Би хоёр зүйлд санаа зовж байна. Нэгдүгээрт, түдгэлзүүллээ гэхэд гэмт буруу нь хэзээ тогтоогдох вэ. Тэгэхээр хоёр жилийн хугацаанд дахин сонгууль явуулах боломжгүй болно. Хуулиар сүүлийн нэг жил буюу зургаан сарын хугацаанд сонгууль явуулах боломжгүй. Тэгэхээр хуульд  76 гэж байгаа. Энэ ойлголтыг 74, 75 болгоход энэ чуулганыг үдэх тухай ойлголт ярина.

Л.Оюун-Эрдэнэ:

-Асуудал хаашаа ч шийдэгдсэн бай энэ үйл явдал энэ парламентын хувьд түүхэн хар өдөр болж үлдэнэ. Үндсэн хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй гэдэг агуулгаар прокурор ингэж хандаж байгааг хүндэтгэнэ. Гэхдээ Үндсэн хуульд УИХ-ын гишүүн бүхэн тэгш эрхтэй. УИХ-ын гишүүдэд нэг, хоёр, гурав, сонгогдсон, сайд хийсэн хийгээгүй, нөлөөтэй, нөлөөгүй, мөнгөтэй, мөнгөгүй гэдэг ялгаа огт байх ёсгүй. Би байнгын хорооны хуралд хэлсэн үгээ дахин хэлж, протколд тэмдэглүүлмээр байна. Авлигатай холбоотой асуудлаар нэр нь дурдагдаад шийдэгдэхгүй байгаа гишүүдийн оффшортой, луйвартай холбоотой асуудлыг ч прокурор оруулж ирээрэй. Эрдэнэтийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг бас оруулж ирээрэй. Энэ бол төрийн том жишиг болж үлдэнэ. Прокурор ялгаваргүй ажиллаж байна гэж олон нийт харж байна. Бондын зарцуулалт, Хөгжлийн банктай холбоотой, сая сая ам.доллартай холбоотой асуудлын талаар яагаад орж ирэхгүй байна вэ. Хуулийн өмнө бие, биеэ алагчилж үзэж болохгүй. Тэгш хандаарай. Энэ бол судлагдахуун болж үлдэнэ. 

Д.Оюунхорол:

-Анх удаа 13 эмэгтэй гишүүн 2016 онд сонгогдсон. Монголын нийгэмд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа хүчирхийллийн эсрэг  дуу хоолойгоо нэгтгэж ажиллаж байгаа. Хүчирхийллийн хэрэгт нэр холбогдон сэжиглэгдэж байгаа, хүчирхийлэхийг завдсан ямар нэгэн үйлдлийг бол УИХ дахь эмэгтэй гишүүд дэмжихгүй. УИХ-ын гишүүн гэдэг далбаан дор буруу үйлдэл хийчхээд,  түүнийг хаацайлж, хамгаалах эрх байхгүй. Хууль шүүхийн өмнө тэгш шударга байх зарчмаа бариасай. Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа гэмт хэрэгт цэг тавихад өнөөдрийн парламентаас гарах шийдвэр нэмэр тус болно гэж бодож байна. Бодитой шийдвэр гаргаасай гэж хүсч байна.

М.Билэгт

-УИХ-ын хоёр гишүүн маш ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдээд байгаа. Тэр дундаа залуу гишүүн Д.Гантулга эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх хэрэгт сэжиглэгдэж байна. Гэмт хэрэгт үнэхээр холбогдолгүй бол хууль хүчний байгууллагаар нь шийдүүлээд ирээ гэдэг шийдвэрийг УИХ гаргах ёстой. УИХ-ын 76 гишүүн нь ард иргэддээ аав, ээж шиг  ханддаг нийгмийн сор болсон хүмүүс байх ёстой юм. Охид, эмэгтэйчүүдээ бодоод түдгэлзүүлэх ёстой.

А.Ундраа:

-Хүний эрх, хүчирхийллийн эсрэг байна, бид. Олон нийт биднээс шударга ёс зүйтэй, шударга байхыг хүсч байна. Энэ бол Монгол төр, парламентын нэр төр. Охид, эмэгтэйчүүд минь биднийг цэнхэр дэлгэцээр ямар шийдвэр гарах вэ гээд хүлээгээд байж байгаа. Тиймээс шийдвэрээ зөв гаргаасай гэж хүсч байна.

Сэтгүүлч Б.Пүрэвжав