Саранчимэг.Б 2018.06.11 | News.mn

Баянзүрх дүүргийн IV хорооны залуучууд шинэ сагсны талбайтай боллоо

Баянзүрх дүүргийн IV хорооны залуучууд шинэ сагсны талбайтай боллоо

УИХ-ын гишүүн  Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны хүүхэд, залуучуудын хүсэлтээр сагсан бөмбөгийн талбай байгуулж, хорооны иргэдэд хүлээлгэн өглөө. Энэхүү бүтээн байгуулалтыг “Тэнгэрийн шүр” компани хариуцаж хийсэн байна. Б.Саранчимэг гишүүн Баянзүрх дүүргийн 4,5,14 дүгээр хороонд нийтдээ 22 байршилд бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Энэ үеэр зарим бүтээн байгуулалтын явцтай танилцсан юм.

Тэрбээр “Баянзүрх дүүргийн гурван хороонд 22 газар сагсан бөмбөг, чийрэгжүүлэх талбай, ахмадад зориулсан бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Үүний нэг нь болох сагсан бөмбөгийн талбайн ажил өнөөдөр дуусч, хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна. Сая 5 дугаар хорооны сагсан бөмбөгийн талбайн ажлын явцтай танилцлаа. Ерөнхийдөө 50 хувьтай явж байна” гэв.

Шинэ сагсан бөмбөгийн талбайтай болсон хорооны иргэд өндөр сэтгэгдэлтэй байлаа. Тэдний нэг 4 дүгээр хорооны иргэн Н.Осоргарав ярихдаа “Манай хороо олон жил хүүхэд тоглох талбайгүй. Өөр байрны сагсны талбайд очиж тоглодог байсан. Иргэд 2000 оноос хойш сагсны талбайтай болох асуудлыг эрчимтэй хөөцөлдсөн ч ажил хэрэг болоогүй. Харин УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт энэ асуудалд ач холбогдол өгч, анхаарч, амласнаа ажил хэрэг болгож, дайчин ажиллаж байгаад баярлаж байна” гэсэн юм.