Д.Оюунхорол 2018.06.14 | Vip76.mn

Д.Оюунхорол: Сангийн яам татварын багц хуульд хариуцлагагүй хандаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол суурь, гол хуулийн төсөлд ямар тоон тооцоо судалгаа байхгүй байгаа нь Сангийн яам хариуцлагагүй хандаж байгааг илэрхийлж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Өчигдөр УИХ-ын байнгын хороогоор Татварын Ерөнхий хуулийг хэлэлцсэн. Тэр үед Сангийн сайд болон, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар нь байгаагүй, газар хэлтсийнх нь дарга нараас байж асуултад хариулсан. Ер нь энэ хуульд хариуцлагагүй хандаж байгаа юмуу даа гэсэн ойлголт байна. Татвар төлөгчдийн зүгээс татварын хуулийн шинэчлэл хийнэ гэсэн маш том хүлээлт байгаа. Тиймээс энэ хуульд нилээд нухацтай, тооцоо судалгаатай ярих ёстой байсан.

Улсын нийт татвар төлөгчдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх орчин улмаар улсын эдийн засагт шууд нөлөөтэй. Гэтэл энэ асуудал дээр жаахан хариуцлагагүй байдлаар хандаж байна.

Ер нь бол татварын орчин эрүүлжих ёстой. Татвараас зугтдаггүй, бүгд шударгаар татвараа төлдөг байх ёстой гэж бид ярьж байгаа.

Хаврын чуулган хаах болчихсон цаг үед "яарвал даарвал" гэгчээр хэлэлцэж амжихгүй байхаа гэж харж байна. Тиймээс ажлын хэсэг гаргаж нухацтай ярих хэрэгтэй. Яагаад ингэж байна вэ гэхээр хуулийн төсөлтэй хамт ямар ч тооцоо судалгаа байхгүй байна. Эдийн засагт нөлөөлөх нөлөөлийн тоон мэдээлэл Сангийн яамнаас огт өгөөгүй. Улсын төсвийн орлого хэдий хэмжээгээр буурах, алдагдлыг хэрхэн нөхөх талаар, мөн ирээдүйд татварын орлого хэрхэн өөрчлөгдөх гээд ямар ч тооцоо судалгаа танилцуулаагүй. Тийм учраас ийм том суурь хуулийг хариуцлалагүй хэлэлцэж болохгүй ээ. Монгол улсын орлогын асуудлыг тооцоо судалгаагүйгээр хэлэлцэх ямар ч боломжгүй. УИХ-ын бүх гишүүдэд ийм мэдээлэл байхгүй байхад бид энд ингэж сууж байгаа нь харамсалтай байна.

Энд нэг ухралт хийсэн. Эрүүгийн хуулийг УИХ батлахдаа татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд аль болох татвар торгуулийг нь төлүүлэх бодлого барьж, барьж хорихгүй байхаар суулгасан. Гэтэл энэ хуулиар үүнийг өөрчлөж Эрүүгийн хууль хорих ялаар шийтгэх асуудлыг оруулж ирж байна. Энэ бол эргээд УИХ-ын нэр хүндэд шууд халдана. Тиймээс Засгийн газар энэ хуулиа энэ хуультайгаа зохицуулж оруулж ирээ.