А.Сүхбат 2018.06.18 | Zaluu.com

А.Сүхбат: Улсын их баяр наадам эмх замбараагүй болбол Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой

А.Сүхбат: Улсын их баяр наадам эмх замбараагүй болбол Б.Бат-Эрдэнэ аварга хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн А.Сүхбат Бөхийн Холбооны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр энэ сарын 15-нд Монголын Бөхийн Холбоо эвлэрч нэгдэх тухайгаа ярилцсан нь их найрсаг уур амьсгалтай болоод хамтарч ажиллахаар шийдэж, улмаар маргааш нь буюу зургаадугаар сарын 16-нд нь гарын үсэг зурахаар тохиролцсон ч Б.Бат-Эрдэнэ аварга нэгдэх асуудлыг наадмын дараа болгох санал гаргаж шийдэхээс татгалзсан гэлээ.

Түүний хэлж байгаагаар сэргээшийн асуудал ч мөн Дархан аварга Б.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг ба энэ нь бөхчүүдийн дундах хагаралдаан, нутаг усаар ялгаварлан гадуурхах үүднээс допингийн асуудлыг гаргаж ирдэгтэй холбоотой гэнэ.

Ерөнхийлөгч Бөхийн холбоо үүсээд байгаа асуудлаа цэгцэлж чадахгүй бол Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах чиглэл өгсөн. Энэ тал дээр тэрээр, “Улс ард иргэддээ тайлан тооцоог зөв гаргаж өгөх ёстой. Бөхийн өргөө бол ард түмэн, улсын хөрөнгөөр боссон учраас ямар нэг компанийн өмч биш. Нямдорж, Данзан, Бат-Эрдэнэ нар иргэдэд Бөхийн өргөөний төлөө тэмцэлдэж байна гэсэн ойлголт өгсөн. Бид Бөхийн өргөөний төлөө биш олон жил бугшсан дарамт шахалт, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах байдлыг таслан зогсоох гэсэн үйлдэл. Л.Чинбатыг бид их хурлаараа сонгож, бүртгүүлсэн.

Гэвч өнөөдөр тамга тэмдгийг нь хүчингүй гээд олон нийтэд зарлачихсан. Бид хуулийн дагуу л явж байна. Харин Б.Бат-Эрдэнэ хүчингүй тамга тэмдэг ашиглаад л явж байна. Энэ хүн хууль зөрчдөг, уландаа гишгэдэг, ард түмэнд буруу ойлголт өгдөг, хагалган бутаргадаг ийм л хүн болсон байна. Хэн нь хэн бэ гэдгийг ярих цаг болсон” гэв. Улсын баяр наадам эмх замбараагүй болж, наадмын өнгийг тодорхойлох бөхчүүд барилдахгүй бол хариуцлагыг нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүлээнэ гэдгийг тэрбээр нэмж хэллээ. 
Үндэсний баяр наадам болох гэж буйтай холбоотойгоор Монголын Үндэсний бөхийн холбоо эв зүйгээ олж, баяр наадмаар сайхан баярлахын тулд уулзалт хийсэн байна. Баяр наадмын дараа хоёр холбоо нэгдэж, Эв эе хурлаа хийж, холбооны тэргүүнээ сонгож, цаашдын мөрдөх дүрэм журмаа батлахаар санаа нэгджээ. Монгол бөх цэвэр ариун байвал Монголын төр цэвэр байна гэж ярилцсан гэдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат хэлж байна. Гэвч энэ сарын 15-нд болсон уулзалтаар ярилцаж тохирсон зүйлээ 16-ны өглөө мартсан гэв.