С.Чинзориг 2018.08.22 | medee.mn

С.Чинзориг: Эмч, багш нарын цалинг ирэх сарын 1-нээс НЭМЭГДҮҮЛНЭ

С.Чинзориг: Эмч, багш нарын цалинг ирэх сарын 1-нээс НЭМЭГДҮҮЛНЭ

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг багш нарын цалингийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд "Төрийн албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох асуудлаар Засгийн газар шийдвэр гаргалаа.

Эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдсэн ажлын байрны үнэлгээнд үндэслэн, албан тушаалын ангилал зэрэглэлийг ахиулах шийдвэр гаргалаа. Мөн соёл урлагийн салбарт ажиллаж буй хүмүүсийн цалингийн шатлалыг төрийн албаны цалинтай дүйцүүлэх шийдвэр гаргалаа. Гэхдээ прокурор, хуулийн байгууллагын цалинг нэмэгдүүлэхгүй юм.

Багш, эмч нар, түүнээс доогуурх цалинтай төрийн албан хаагчдын цалинг 2018.09.01-нээс 8 хувиар нэмэхээр боллоо. Судалгаагаар сувилагч бага ангийн багш нарын ачаалал хамгийн их байгаа нь тогтоогдсон. Ингэснээр сувилагч нарын цалин 29-30 хувь, бага ангийн болоод цэцэрлэгийн багш нарынх 12.5 хувиар өсөхөөр болж байна. Соёл урлагийн салбарын ажилтнуудын цалин 14-30 хувь нэмэгдэнэ. Мөн нойрсуулах сувилагч, эрчим эмчилгээний сувилагчдын цалин бусдаасаа нэг шатлалаар хаана гэдгийг хэлье" гэж тодотгов.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Цалин нэмэхтэй холбоотой хичнээн төгрөг төсөвт нэмэгдэх вэ?

-Нийтдээ цалин нэмэх арга хэмжээнд 145 мянган төрийн албан хаагч найман хувиар, мэргэжлийн шат ахиулах замаар мөн нэмэгдэл үйлчилнэ. 2018 оны төрийн албан хаагчдад зориулсан нэг удаагийн урамшуулал олгох зорилгоор 56.4 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг нөхөн суутгах замаар цалинг нэмнэ.

-Төсөвт тодотгол хийхгүй гэсэн үг үү?

-Төсөвлөгдсөн мөнгийг суутган шилжүүлж байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж Засгийн газар үзсэн.

-Засгийн газарт Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломж байгаа юу?

-Төрийн албан хаагчдын цалингийн сан 1.8 их над төгрөгт хүрдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас 50 хувь нэмэх шаардлагыг тавьж байгаа ч Засгийн газарт одоогоор ийм боломж байхгүй байгаа.

Г.ИТГЭЛ