Д.Баатарсайхан:
УИХ-ын гишүүнээр сонгогдоод тангаргаа өргөхөөс нь өмнө бүх талын сургалтад хамруулмаар байгаа юм
Жил хүрэхгүй хугацааны дараа монголчууд бид дараагийн төрийн түшээд болох парламентын гишүүдээ сонгох болно. Онцлог нь нэр дэвшигчийг сонгохоос гадна улс төрийн намд мандатаа атгуулан сонгох юм. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгууль их хариуцлага, хэрсүү байдлыг сонгогчдоос шаардах болно. Vip76.mn сайтаас таны сонгосон төрийн түшээ хэрхэн ажилласан талаар санал асуулгыг эхлүүлээд байгаа бөгөөд таны дараагийн сонголтод туслах үүднээс “Монгол төрийн түшээ” гэж хэн болох талаар улс төр судлаач, эрдэмтэн багш, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн ярилцлагыг хүргэж байна. Энэ удаа Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхантай ярилцлаа.
“Төрийн түшээ” гэх нэршлээс нь эхлээд танаас тодруулж асуумаар байна. Төрийн хар хүн гэж ямар хүнийг хэлэх, эл хүнд ямар зан чанар, чадварууд байх ёстой вэ?
“Төрийн хар хүн”, “Төрийн түшээ” “Төрийн түшмэл” гэх нэршлийн тухайд. Дүрэм журам анхлан батлагдаж байх үед “түшмэл” гэх нэршлийг манжийн үеийн нэр томьёо гэх шүүмжлэл байсан. Гэтэл судалгаанаас үзэхэд энэ нь Манжийн үеийн нэршил бус Хүннүгийн үеэс цэргийн жанжин, хэвтүүл босуул цэргүүдээ төрийн түшээ, түшмэл зэргээр нэрийддэг байж. Төрийн долоон эрдэнэд хүртэл байгаа шүү дээ.
Төрийн түшээ гэдэг нь төр засагт хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байгаа төрөөс олгож буй цалин хөлс, нэмэгдэл баталгаа гэх зүйлсийг эдэлж буй хүнийг хэлнэ. Зан чанарын хувьд шулуун шударга, улс орны ашиг сонирхол, хөгжлийн төлөө зүтгэж буй хүмүүс байдаг. Мөн төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг боловсрол, чадвар, туршлага гэх зэргийг зориулан ажиллах чадамжтай бэлтгэгдсэн бас сэтгэлтэй хүнийг хэлнэ.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан
Орчин цаг уруу хөрвүүлээд үзвэл, 1994 онд орчин цагийн төрийн албаны шинэ тогтолцоо бий болж, Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд бие даасан төрийн албаны тухай хуулийг 1994 онд баталсан. Энэ хууль дээр төрийн албан хаагч нь гагцхүү төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана хэмээн заасан. Энэ нь хуулиа дээдэлж, хуулийн дор ажиллахыг хэлж байгаа юм. 1990 оноос өмнө хуулийг нэг мөр ойлгоё гэж ярьдаг байсан. Ухаандаа та, би, олон нийт хуулиудын талаарх ойлголт нэгдсэн, нэг ижил ойлголттой байх ёстой. Харин өнөөдөр хуулийг дуртай нэг нь тайлбарладаг болчихсон. Улсын дээд шүүх хууль тайлбарладаг байсныг болиулчхаж байгаа юм л даа.
Алив зүйлсийн хил хязгаар, хэмжээ дамжааг тогтоох гэж хууль батлагддаг байх?
“Дээдсийн эрх дарх, хүсэл эрмэлзлийг хязгаарлан барих, доодсыг энэрэн нигүүлсэхийн тулд хууль гарсан” хэмээн Ардчилсан үндсэн хуулийн эцэг Б.Чимэд багш маань хэлсэн байдаг. Хүний хүсэл хязгааргүй шүү дээ. “Хүний хүсэл ихдээд ирэхээр үйл ажиллагаа доголддог” ч гэж Хамба лам Д.Чойжамц хэлснийг энд сануулах нь зүйтэй.
1911 оны хувьсгалаас өмнө “нүгэл” гэх ганц хуулийн дор бүхий л үйл ажиллагаа зохицуулагдаж ирсэн. Эх дэлхийгээ хайрлах, мал аа адгуулан маллах, хүн зон хоорондоо мэндлэн золгох, харилцах, аж төрөх хуульт ёстой байв. Одоо ч 800 гаруй хуулийн дунд толгой нь эргэчихсэн шиг. Хууль боловсруулаад түүнийгээ баталж буй хүмүүс судалгаатай ажиллах хэрэгтэй. Ингэхдээ үндэсний өв, зан заншил, аж төрөх ёс, монгол орны, монгол хүний аж төрөл, сэтгэлгээний онцлогт тулгуурлах нь зөв болов уу.
УИХ-ын сонгуулиар санал өгөх иргэд бид ямар шалгуур тавьж, сонголтоо хийвэл зохих вэ?
УИХ-ын гишүүдийг сонгох сонголт дээрээ манайхан учир дутагдалтай ханддаг. “Ходоодоороо” сонголт хийдэг нь нууц биш. Улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, дэлхийн бусад орнуудтай эн зэрэгцэхүйц хөгжил, дэвшилтэй байх чиг шугамыг яг сонгууль өгөх үедээ мартчихдаг шиг.
Үүний сацуу, гишүүдийг сонгогдоод тангаргаа өргөхөөс нь өмнө бүх талын сургалтад хамруулмаар байгаа юм. Тухайлбал, протокол ёслолын, хууль дээдлэх зарчмын, өмчлөх өмлүүлэх эрхийн, ёс зүй, зан харилцаа гэхчлэн. Мөн түүнчлэн юуг хийх ёстой юуг хийхгүй байх ёстой гэдгийг нь хүртэл зааж өгөх ёстой байх. Орон нутгийн худаг ус гаргах ажилд ч хошуу дүрж байх шиг, сумдын, багийн албан хаагчдын томилгоонд оролцож байх шиг, ер нь оролцохгүй юм тэдэнд байхгүй л харагдаад байгаа юм. Тангаргаа л өргөчихвөл маргааш нь УИХ-ын гишүүний дархан эрхээр дулдуйдах хандлага илт байдаг.
Нийт ард иргэдийн буюу насан хүрэгчдийн хууль эрх зүйн тухай ойлголт ямар түвшинд байна?
Иргэдийн хууль эрх зүйн мэдлэг тааруухан байна. Жишээ хэлэхэд, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор, “зарим хүнийх дээр 300 мянган төгрөг нэмэгдсэн байхад, минийх дээр яагаад нэмэгдээгүй юм” гэхчлэн. Тухайн үед ажиллаж байсан хүний цалин хөлсний хэмжээ, үүнээс шалтгаалсан нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн төлж байсан зэргээс хамаарч хоорондоо зөрүүтэй гэдгийг л ойлгохгүй байна шүү дээ. Дээр нь хууль, Эрх зүйн зохицуулалтын чиглэлээр иргэд маань судлах, суралцах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж буй эрх зүйн мэдлэг олгох хөтөлбөрийг сонсдог, судалдаг, амьдрал ахуйдаа хэрэглэдэг баймаар байна.
Улс төрийн тогтолцоог шинэ шатанд гаргаж, өөрчлөх ямар боломж байна вэ?
Боломжгүй гэж хэлэхгүй. Хамгийн гол нь дэвшилтэт нийгэм байгуулахын төлөө үндсэн хуульд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ гэж байгаа шүү дээ. Үүнийхээ төлөө тууштай басхүү судалгаа дээр үндэслэсэн хэрэгжиж болохуйц тогтолцооны төлөө ажиллах хэрэгтэй.
Төрийн байгууллагын бүтэц, тогтолцоог аваад үзье. Энэ нь өөрийн орны хэв байдалд тохирсон л байх ёстой. Харин манайхан гадаад орны хууль, журмыг орчуулан авчирч, асуудал болгон тавиад байгаа нь нууц биш. Тухайлбал, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийг дурдаж болно. Маш ойлгомжгүй хууль. Нийтийн албан хаагч гэж хэнийг хэлээд байгаа нь тодорхойгүй. Үндсэн хуульдаа “төр” гэдэг үгийг 78 удаа ч байна уу давтан оруулсан. Төрийн байгууллага, төрийн тэргүүн, төрийн далбаа, төрийг албан хаагч, төрийн дуулал гэхчлэн. Харин гэнэт л хөндлөнгөөс нь “нийтийн алба“ гээд ороод ирэх жишээний.
Улс төрийн тогтолцоонд хууль, эрх зүйн баримт бичгийн тогтворгүй байдал ихээхэн нөлөөтэй.
Монгол Улсын төрийн тогтолцоог Япон, Сингапурынхтай харьцуулан ярьдаг. Миний хувьд үүнтэй зарим талаараа санал зөрдөг. Учир нь тухайн улс орны төрийн байгууллага нь аль хэдийн иргэд, олон нийтдээ хүлээн зөвшөөрөгдчихсөн. Хууль, дүрмээ чандлан сахидаг, нэг ёсондоо маш сайн төлөвшчихсөн. Манай улсын төрийн байгууллагын тогтолцоо дөрвөн жилийн насжилттай. Төрийн албан хаагчдад итгэх “ард түмний итгэл” сул. Одоо л ажил нь цэгцрээд, хариуцсан ажилдаа эзэн сууж байна уу гэтэл дарга, сайд нь солигдчих жишээний. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл долоон удаагийн бүтцийн өөрчлөлт хийсэн яам байна. Гэхдээ чиг үүрэг нь хэвээр. Зургаан сарын дараа сонгууль болох гэж байхад л “бүтэц”-ээ өөрчлөөд явж байгаа байгууллага ч байна. Энэ нь төрийн албан хаагчдын итгэл үнэмшил, тогтвортой ажиллах байдалд сөрөг нөлөөтэй.
Бүтцийн өөрчлөлт нэрийн дор албан хаагчдыг халах, солих, магадгүй шинээр хэн нэгэнд тохируулан албан тушаалыг буй болгох, нэг ижил чиг үүргийг яаманд, агентлагт, тамгын газарт гэх мэтээр давхцуулан буй болгодог байдал ажиглагддаг. Манайд улсад төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийдэг мэргэшсэн, мэргэжлийн байгууллага албан хаагч ерөөсөө байхгүй. Ажлын байрны шинжилгээг ч зохих ёсоор нь хийдэггүй.
Энэ удаагийн Засгийн газар хамгийн олон яам, агентлагтайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Одоогийн парламентын гишүүд хууль тогтоох чиг үүргээ хэр биелүүлж байна вэ. Онцлог болон давуу талыг хэрхэн харж байна?
УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаа тасралтгүй явагдаж л байна. Гэхдээ, чанартай байгаа эсэх нь өөр хэрэг. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар жишээ татаж болно. Уг хуульд цаасан ном, товхимол хэвлэж болохгүй гэж заасан мөртөө тайлангаа бичиж, ном болгон ирүүлэхийг шаардах жишээний. Мөн хөдөө орон нутгийн томилолтыг байхгүй болгочхоод, орон нутагт яагаад ажиллахгүй байна гэхчлэн. Засгийн газрын баазаас 1кмт 700 төгрөг зарцуулдаг байсан унааг халаад оронд нь “UB cup” үйлчилгээг санал болгож байгаа юм. Ингэж л хэмнэлт хийж байгаа улс даа. Тэгэхээр бодлого нь буруу байна уу. Буруу биш юм гэхэд судалгаагүй л ажиллаад байх шиг.
Хийж хэрэгжүүлж болох зарим үйл ажиллагаанд төсөв зардал гаргах зайлшгүй шаардлага байна. Тухайлбал цахимжилт бол цаг хугацаа, өртөг зардал, хүн хүч хэмнэсэн сайн ажил. Харин түүнийг босгох хөгжүүлэх үйл ажиллагаанд хөрөнгө мөнгөө зарцуулсан шиг зарцуулаад үр дүнг нь нэхэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэгцээтэй, чухал нь илт байгаа юманд хөрөнгөө зөв зарж тэндээсээ ахиц дэвшил, амжилтаа олох ёстой л байх.
Төрийн өндөр дээд албан тушаалыг аж, ахуйн ажилтай хольж хутгадаг бус хууль санаачлан боловсруулах үндсэн ажлаа чадамжтайгаар хийх нь чухал
Төрийн бодлого, хууль боловсруулах түвшинд залуу үе хүч түрэн орж ирж байна. Залуус шинэчлэл хийх тухай их ярьж байгаа ч төрийн залгамж чанарыг төдийлөн чухалчлахгүй байна. Энэ зөв үү?
Дөрвөн жилийн хугацаа жаахан богино шиг. Энэ нь миний л бодол. Дэлхийн бусад улс орнуудыг харахаар дөрвөн жилийн хугацаатай парламент цөөнгүй байдаг. Гэхдээ манайх шиг сонгууль бүрийн дараагаар төрийн албан хаагчдынхаа 20-30 хувийг бужигнуулчихдаггүй л юм. Үүнээс улбаалан төрийн алба тогтворгүй болж байна.
Залгамж чанарын тухайд. Цахимжсан эрин үеийн төлөөлөл болсон залуучууд төрийн үйл хэрэгт оролцоотой байх ёстой. Ингэхдээ гадаад орны дэвшилтэт тэргүүний туршлага, арга зүй, чадамжийг дотооддоо нутагшуулаад явах нь зүйтэй. Ерөнхийдөө төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн холимог байхаас аргагүй. Нэг ёсондоо, өчигдөр, өнөөдөр, ирээдүй гурав аа хослуулан явах нь зүйтэй. Мэдлэг чадвартай залуучууд байна. Гэхдээ тэдний ажил албандаа хандах сэтгэл, зүтгэл дутуу харагддаг тал бий. Бас тэдний цалин хөлсний асуудал гол хөшүүрэг байх ёстой. Залуус маань ямар ажил албанд очлоо гэхэд би анхан шатнаас нь эхлэн суралцаж туршлагажна, доороос нь дээшээ өгсөж ажиллана, онолоос гадна ажил амьдралын туршлагаар мэргэшнэ гэсэн бодолтой, төлөвлөгөөтэй л байх нь зөв болов уу.
Цаг гарган ярилцсан танд баярлалаа.