Тэрбишдагва.Д 2018.10.01 | Zindaa.mn

Д.Тэрбишдагва: Оюутолгойн шалгалтыг хэсэгчилж ярьмааргүй байна

Д.Тэрбишдагва: Оюутолгойн шалгалтыг хэсэгчилж ярьмааргүй байна

"Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтэд шалгалт хийх үүрэг хүлээсэн Ажлын хэсэг нэгтгэсэн дүнгээ есдүгээр сарын сүүлээр танилцуулна гэх хүлээлт байсан ч аравдугаар сар гарчихлаа. Тиймээс шалгалтын хариу хаана гацав гэдэг асуулт тавигдаж байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва өнөөдөр /2018.10.01/ уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ  "Ажлын хэсэг “Оюутолгой”-д зунжингаа шалгалт хийж, 262 хуудас бүхий санал дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаж, 13 гишүүнд өгсөн. Гишүүд эцсийн саналаа хэлээд, нэгтгэгдэж дууссаны дараа буюу ойрын хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. Сая УИХ-ын дарга чиглэл өгөхдөө Байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Ажлын хэсгийн хувьд гишүүддээ тараагаад өгчихсөн, есдүгээр сарын 25-ны дотор эцсийн саналаа өгөөд, дүгнэлтээ иж бүрнээр нь тодорхойлох ёстой. Энэ асуудал ерөнхийдөө бэлэн болсон. “Оюутолгой” дээр тавьсан асуулга энэ тэртэй холбоотой бүрэн тодорхой болоогүй ганц хоёр зүйл байх нь байгаа. Манай дэд ажлын хэсгүүд зуны турш боломжийн сайн ажилласан. 13 гишүүний саналыг тусгасан эцсийн санал дүгнэлт гаргахаас өмнө би хэсэгчилж ярьмааргүй байна. 262 хуудас санал, дүгнэлтийг иж бүрнээр нь ярихгүй бол өнөөдөр нэг асуудал ярихаар зөвхөн тэр асуудал нь хөндөгдөж байгаа юм шиг болно. Тиймээс  нэгтгэсэн дүгнэлтээ гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулаад, дараа нь УИХ-д танилцуулна” гэлээ.