Г.Занданшатар Д.Тэрбишдагва Ж.Энхбаяр Ж.Мөнхбат 2018.10.02 | News.mn

Супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу?

Супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу?

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр  /2018.10.01/ нээлтээ хийлээ.

Намрын чуулганаар хүлээгдэж буй асуудлуудын нэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэх асуудал юм. УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын "өвлөж" авсан үүрэг бол Үндсэн хуулийг өөрчлөх асуудал. Бүтэн 16 жил, дөрвөн парламент дамжин яригдаж байгаа эцэг хуулийг өөрчлөх асуудал үеийн үед эрх баригчдын зөрчлийг дагуулдаг. Энэ удаад ч МАН-ынхан эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа бөгөөд супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу гэсэн асуулт тэднийг зовоож байгаа бололтой. Ерөнхийлөгч  чуулганы нээлтийн үеэр хэлсэн  үгэндээ  “Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй” гэдгийг  сануулж, намрын чуулганаар шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал нь Шинэ Үндсэн хууль гэдгийг  онцолсон юм. Энэ талаар гишүүдийн байр суурийг тодрууллаа.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар одоогоор  67 гишүүн гарын үсэг зурчхаад байгаа. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн Ерөнхийлөгч чуулган нээж хэлсэн үгэндээ тогтолцооны хямралыг шийдвэрлэх асуудалд санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Тэгэхээр үндсэн зарчмын хувьд бид Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэг дээр ойлголцолд хүрсэн гэж болно. Засгийн газар Үндсэн хуулийн шинэчлэлт, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Гурван тулгуурт хөгжлийн бодлогодоо тусгаад байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН  Д.ТЭРБИШДАГВА:

 -Үндсэн хуулиар тодорхой өөрчлөлт оруулж ажиллах ёстой. Парламентийн засаглалтай улс орнуудын жишгээс бид зөрчихсөн явж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цэгцэд оруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Миний хувьд парламентийн засаглалыг зөв засаглал гэж үздэг. Гэхдээ парламентийн засаглалд Засгийн газрын эрх үүрэг тодорхой тусгагдахгүй бол өнөөдөр 76 гишүүд Засгийн газрын тэргүүн шиг ийм байдалтай явж болохгүй. Засаг нь ажлаа хийвэл хийсэн шиг хийдэг тогтолцоо руу орох ёстой.

-УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

Манай улсад парламентын засаглал хамгийн тохиромжтой. Мэдээж үүн дотроо засаж залруулах зүйл бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр системийн өөрчлөлт хийх ёстой.  28 жил явж ирсэн буруу системээсээ Монгол Улс  гарах ёстой гэдгийг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Энэхүү итгэл найдвар төрүүлэхүйц үгийг чуулганы танхимд би сонслоо. Би 2016 оны арваннэгдүгээр сард буюу  шинэ парламент байгуулагдсаны дараахан ЗГХЭГ-ын сайдаар ажиллаж, Д.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг анх байгуулж байсан. Ажлын хэсгийг миний бие ахалж байсан. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Өөрчлөлтийг хэрхэн хийх үү гэдэг нь парламентийн бүрэн эрхийн асуудал. Олон жил хүлээгдэж, яригдаж байгаа энэ асуудал намрын чуулганаар хэлэлцэгдэх байх гэдэгт найдаж байна. Ер нь Монгол Улсын хөгжил дэвшил, шударга ёсыг тогтоох, авлигаас ангид байх, ард түмний төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төр шиг төртэй байх энэ бүх асуудал Үндсэн хуулийн өөрчлөлттэй салшгүй холбоотой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, хууль шүүхийн байгууллагын нэр хүнд нийгэмд туйлын хангалтгүйг бүгд мэдэж байгаа. Шинэчлэлт зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд нь   ч юм шиг,  УИХ нь Засгийн газар ч юм шиг эсвэл Засгийн газар нь өөрөө УИХ болчихдог  ийм ойлгомжгүй байдлыг бид хаана хаанаа мэдэж байгаа. Энэ нь улс орны хөгжлөөс чангааж нийгмийг улам талцуулж байна. Энэ бүхнийг одоо тодорхой болгох хэрэгтэй. Нэг бол парламентийн засаглалаа сайжруулж, Засгийн газрын эрх мэдлийг хүчтэй нэмэгдүүлж  Ерөнхийлөгчийн эрх мэдлийг эрс хязгаарлах  эсвэл Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлж Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох гэсэн энэ хоёр хувилбарыг бид тойрч ярих болов уу гэж бодож байна. Манай улсын хувьд парламентийн засаглалаа гүнзгийрүүлээд явбал зүйтэй гэж хувьдаа боддог. Өнөөгийн засаглалын  тодорхойгүй байдал гурван толгойтой могой шиг байна.Гэтэл  ард түмэн тодорхой байдлыг хүсч байна. Нэг бодлого шийдвэрээр явах хэрэгтэй. Улс орон, нийгмийн хүчин чадлыг  нэг зангидах ёстой. Энэ бүх  талцал хуваагдал өнөөдөр  хүчийг сааруулж байгааг  бид харж байгаа.