2018.10.04

Ж.Мөнхбат: Ж.Бат-Эрдэнэ сайд ёс зүйгүй төрийн албаны золиос боллоо

Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хэргийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

ЗТХЯ-д гарсан хүн амьны хэрэгийн үед нас барсан талийгаачийн эхнэр Ж.Мөнхбат гишүүнтэй 10 жилийн нэг ангид суралцаж байсан бөгөөд залуучууд байгууллагад олон жил хамт ажиллаж байсан журмын нөхөр аж. Хууль хүчний байгууллага энэ хэргийг шударгаар шийдвэрлэх ёстой гэдгийг гишүүн хэлсэн үгэндээ онцоллоо.

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн :

"Мэргэжлийн дагуу ажлаа, чадварлаг, яамаа мэргэжлийн түвшинд сайн удирдаж байсан  Ж.Бат-Эрдэнэ сайд ёс зүйн хариуцлага хүлээж огцорч байна. Харамсалтай байна. Төрийн албаныхан, яам тамгын газар байдаг энэ бугшсан үйл ажиллагааны золиос болж, ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байна гэж би бодож байна.  

Өнгөрсөнд болсон хэрэг бол тухайн яамны газрын дарга нарын хэрүүл тэмцэл, ажил албан тушаал булаацалддаг энэ байдлын шууд үр нөлөө. Энэ бол хэдэн хүн архи ууж маргалдаад санамсаргүй болсон хэрэг бол биш. Сүүлийн 6-7 сар Дорждагва гэдэг хүнийг Махбал гэдэг хүн талийгаачийн оронд тавих гэж олон удаа өрөөндөө дуудаж, Авлигатай тэмцэх газарлуу Дорждагва гэх хүнийг оронд нь томилуулах бичиг үйлдэж явуулсан. АТГ-аас түүнийг энэ ажилд тохирохгүй гэсэн хариуг өгснийг сайдаасаа нуусан байгаа юм.

Өнөөдөр 4 хүүхдээ тэврээд, бэлэвсэрч үлдсэн талийгаачийн гэргий надтай 10 жилийн нэг анги танхимд сурч байсан хүн. Сүүлийн 10-20 жил залуучуудын байгууллагад мөр зэрэгцэн ажилласан журмын нөхөр минь юм. Энэ хүн над дээр ирж уулзан бүх үнэн зүйлсийг хэлсэн. Энэ хэргээс ганц зүйлийг асуумаар байна.

Ц.Нямдорж сайд байсан бол би асуумаар байна. Хууль хүч, прокурорын байгууллага яагаад нас барсан хүний архи уусан хэмжээг тогтоочон хэрнээ хүн амтны хэрэг гарсан байхад алсан хүнийнх нь архидалтын хэмжээг тогтоогоогүй вэ? 9 удаа хүнийг өшиглөн, цохиж алж байхад түүний бичлэгийг нь яагаад алга болгосон бэ? Чи ороод ир гэж өрөөндөө 7-8 удаа дуудаж согтуу утсаар дуудсан яриаг нь талийгаач утсан дээрээ бичсэн байсныг хуулийн байгууллагад өгөөд байхад яагаад энийг авч хэрэгсэхгүй байна вэ? Өнөөдөр хууль шүүхийн байгууллагын шударга ёс ийм байдалтай байна.

Талийгаачийн эхнэр Ц.Нямборж сайдтай уулзаж хүсэлт тавьсан гэсэн. Сайд анхаарал хандуулна гэж хэлсэн байна лээ.

Хэргийн зүйл ангийг өөрчилсөн. Эрүүгийн хуулийн 10.1-д заасан зүйл ангиар явсан. Гэтэл энэ бол 10.2.9 дэх зүйл анги буюу “санаатай зохион байгуулалттай” хэргийн бүрэлдэхүүн юм.

Насанд хүрээгүй 4 хүүхдээ тэврээд үлдсэн тэр ээжид, хүүхдүүдэд ямар хэцүү байгааг бид болон хууль хүчний байгууллагынхан ойлгох ёстой. Шударгаар энэ асуудлыг шийдээч ээ гэж хууль хүчний байгууллагад би уриалж байна. Энэ бол санамсаргүй биш санаатай үйлдэгдсэн гэмт хэрэг.

Бүтэн 7-8 сар дарамталж байгаад согтуу байхдаа дуудааж өрөөндөө оруулж ирээд 5 уулаа нэг хүнийг шахаж бүлэглэн зодсон хэрэг. Одоо харин юу болж байна гэхээр талийгаач согтуу байхдаа нөгөө 5 хүнийг зодсон хэрэг мэт болгоод байна. Үхсэний хохь амьдын зол болж байна. Ийм шударга бус байдлыг зогсоох ёстой.”

 

ЗТХЯ-нд болсон хэргийн үйлдсэн этгээдийн талаар би хэдэн үг хэлмээр байна. Анх Г.Батхүүг Зам тээврийн сайд байхад тус яаманд газрын дарга байсан. Дараа нь одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайд байхад газрын дарга байсан. Дараа нь Уул уурхайн яаманд газрын даргаар ажиллаж байгаад энэ засгийн газрын үед ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан.

Өмнө нь үг хэлсэн зарим гишүүд намын томилгооны тухай ярьж байна. Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн намын залуучуудын даргаар ажилллаж байсан. Би МАН-д Б.Махбал гэдэг гишүүн байсныг ёстой мэдэхгүй юм. Ямар ачтай буянтай нүүртэй, нүнжигтэй хүн гэхээрээ бүх яамдын сайд нар, бүх төрийн нүүрэн дээр яамны дарга хийж яваад яамыг өөрийнхөөрөө удирдана гээд гэмт хэрэг үйлдэж төрийн нүүрийг ингэж шороотой хутгаж байгааг ойлгохгүй байна.

Дэд сайд Л.Халтар та Дорждагва гэдэг хүнийг ажлаас нь халаарай. Танай яаманд гарсан энэ хүн амьны хэргийн үндэслэл нөхцөл нь тэр Дорждагва гэж хүнтэй салшгүй холбоотой. Тэр хүн одоо хэлтсийн дарга хийгээд явж байна. Тэтгэвэрт гарсан хэрнээ эргээд газрын даргаар ажиллаж яваа хэд хэдэн хүн танай яаманд байгаа шүү.

Ц.Нямдорж сайдад хандаж хэлье. 4 нялх хүүхдээ тэврээд үлдсэн эмэгтэй, тэр 4 хүүхдийн нэр төрийг сэргээж өгөөрэй. Хэргийн зүйл ангийг Цагдаагийн байгууллага зөвөөр зүйлчлээсэй гэж хүсч байна. Тэр 4 хүүхэд насанд хүрээд эцгийнхээ тухай мэднэ. Энэ Монгол улсын шүүх хуулийн байгууллагад шударга ёс гэж байдаг л юм бол энэ эрх мэдэл эд хөрөнгөтний өмнө бөхийдөггүй гэдгийг харах цаг болсон."