Л.Элдэв-Очир У.Хүрэлсүх 2018.10.05 | Vip76.mn

Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томиллоо

Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томиллоо

Өнөөдөр /2018.10.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай хэлэлцлээ.

Зам тээврийн хөгжлийн сайдын алба хашиж байсан Ж.Бат-Эрдэнэ салбар яаманд гарсан асуудлын улмаас ёс зүйн хариуцлага хүлээн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн билээ. Асуудлыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ж.Бат-Эрдэнийг албан ёсоор чөлөөлсөн юм. 

Ирэх оны төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед салбарын сайд томилогдоогүй байх нь зохисгүй гэж үзэн УИХ дахь МАН бүлэг яаралтайгаар хуралдан УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг дараагийн Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. 

Засгийн газрын гишүүнийг томилох тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх уншиж танилцууллаа. 

Тогтоолын төслийг ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, С.Жавхлан, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, А.Ундраа, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, үг хэллээ. 

Дараа нь УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох эсэхээр санал асуулт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.


уих-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.содбаатарын Намтар

Я.Содбаатар 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1-р 10 жилийн дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургуулийг физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.

Тэрээр 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна.

2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байсан.

2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

2009 онд Алтан гадас одонгоор шагнуулсан. Англи, орос хэлтэй.