Н.Цэрэнбат 2018.10.17 | medee.mn

Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе

Н.Цэрэнбат: Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар 100 мянган айлын янданд 54 тэрбум төгрөгөөр утаа шүүгч төхөөрөмжийг суурилуулах асуудлаар мэдээлэл хийлээ.  Нэг төхөөрөмжийг 200 доллараар суурилуулах юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллын 220 мянган өрхийн галлагаанаас үүдэлтэй. Урт хугацаандаа бид орон сууц барьж, дэд бүтцээ хөгжүүлж болно. Ингэхийн тулд 5-10 жилийг алдах гээд байна.

Энэ хугацаанд бид утаандаа хордсоор байх болно. Харин богино хугацаандаа айлуудын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулахаар ажиллаж байна. Энэ бол бага зардлаар агаарын бохирдлыг бууруулах арга юм. 54 тэрбум төгрөгөөр 900 айлын орон сууц барьж 4000 айлын байрны урьдчилгаа өгч болох ч энэ нь богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй. Тиймээс аль болох эрүүл мэнддээ хохирол багатай үр дүнтэй аргыг хэрэглэх гэж байна.

Математик утгаар агаарын бохирдлыг бууруулах шийдлийг сонгосон гэдгийг хэлмээр байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нам даралтын зуухнуудыг хэрэглээг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг 10 орчим хувиар бууруулах болсон. Бид шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан бүтээгдэхүүнийг туршиж үзэх гэж байгаа. Монгол гэр нь стандартгүй. Тиймээс янданд нь утаа шүүх төхөөрөмж суурилуулахаас өөр аргагүй" гэлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Утаа бол нүүрснээс гарах тоосонцор юм. Бидний айлуудын янданд суурилуулах төхөөрөмж нь шүүлтүүр бус индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж. Нүүрсний тоосонцорыг бүрэн шатаах төхөөрөмж гэдгийг ойлгох хэрэгтэй.

Монгол инженерүүд ийм технологи бүтээж, танилцуулсан байдаг. Энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлж эцсийн бүтээгдэхүүн болгох ажлын хэсэг есөн сарын турш ажиллаж байна.

Уг төхөөрөмж нь эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэхэд үр дүнтэй гэх дүгнэлтийг БНХАУ-ын Haier группийнхэн өгсөн. Ажлын хэсгийн зүгээс 12 дугаар сараас өмнө эцсийн бүтээгдэхүүн болгохоор ажиллаж байна. Үйлдвэрлэгчээс баталгаа өгч байгаа.” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариуллаа.

-Төхөөрөмжийг хэзээнээс айлуудын янданд суурилуулах вэ?

-Энэ жилээс суурилуулахаар бид ажиллаж байна.

-Үйлдвэрлэгчээс төхөөрөмжид хэдий хугацааны баталгаа өгсөн бэ?

-Төхөөрөмжид үйлдвэрлэгчийн зүгээс 3 жилийн баталгаа өгч байгаа.

-Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадахгүй бол хариуцлага хүлээх үү, та бүхэн. Янданд суурилуулах төхөөрөмжийг хэдэн жил ашиглах боломжтой вэ. Өмнө нь энэ шүүлтүүрийг аль орнуудад хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулсан туршлага байна вэ?

-Агаарын бохирдлоос үр хүүхдээ тусгаарлаж, эрүүл байлгах нь чухал байна. Жил ирэх тусам уушигны өвчлөлөөр зардаг мөнгө өсөөд байна. Нэг жил тэдэн айлыг орон сууцжуулья гэхээс илүү яаж бага хохиролтойгоор агаарын бохирдлыг даван туулах вэ гэдэг чухал болж байна. Гэр хорооллыг барилгажуулахад хугацаа шаардана. Түүнээс урьтаж арга хэмжээ авахад гэр хорооллын 100 мянга гаруй айлдаа энэ төхөөрөмжийг тавъя. Үлдсэнийг нь сайжруулсан түлшээр хангая гэж байгаа юм. Та нар шүүлтүүр гэж битгий ярь, энэ бол төхөөрөмж. Хариуцлага үүрэхээс бултаад байгаа юм байхгүй. Индукцинд суурилсан төхөөрөмжийг туршаад үзчихсэн юм билээ. Үйлдвэрлэгчид 80-90 хувийн баталгаа гаргаж өгч байгаа. Агаарын бохирдол буурахгүй бол би хариуцлага хүлээе л гээд байгаа. Агаарын бохирдол ерөөсөө 1,300,000 хүний асуудал. Үйлдвэрлэгч төхөөрөмж маань тоосонцорыг 87-93 хувь хүртэл шатаана гэсэн баталгаа өгч байгаа. Тийм учраас бид орчин үеийн мэргэжлийн шинжлэх ухаанчаар хандах ёстой.Өмнө нь бид утааг бууруулах ажил дээр алдсан. Харин одоо алдаагаа давтаж болохгүй.

-Индукцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмж худалдаж авахын тулд 54 тэрбум төгрөгийг 2019 оны төсөвт суулгачихсан байна. Төхөөрөмжийг худалдаж авахын тулд эхлээд тендер зарлаагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Бид төхөөрөмж худалдаж авах гээгүй. Харин шинэ төхөөрөмжийг бүтээх санаачлагыг гаргаад түүнийг ажил хэрэг болгох гээд явж байна.

-Энэ жил яндандаа төхөөрөмжөө суурилуулаад нүүрсээ түлэх юм байна. Харин сайжруулсан түлшийг үйлдвэрлээд зараад ирэхээр энэ төхөөрөмжийн хэрэггүй болох юм биш үү?

-Засгийн газраас ирэх жилийн 4 сарын 1-ны өдрөөс нийслэл Улаанбаатар руу түүхий нүүрс оруулж ирэхийг хориглож байгаа. Энэ төхөөрөмжийг хэрэглэх явцдаа сайжруулсан түлш боловсруулах асуудлаа шийднэ.