Тэрбишдагва.Д Батзориг.Б 2018.10.19 | Яамны хэвлэл мэдээллийн алба

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг 180 гаруй орон нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг 180 гаруй орон нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна

Энэ жил “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Бидний үйлдэл, бидний ирээдүй: Өлсгөлөнгүй дэлхий-2030” уриан дор дэлхийн 180 гаруй улс орон нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Ядуурлыг бууруулах, өлсгөлөнгөөс ангижрахад улс орнуудын Засгийн газраас барьж буй бодлого, хүн бүрийн оролцоо, санаачилга дэмжлэг чухал учраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас энэхүү уриалгыг дэвшүүлэн тавьжээ.

75 дахь жилдээ тохиож буй энэ өдөр "Дэлхийн хүнсний өдөр"-ийн арга хэмжээ Блю Скай зочид буудлын гурван давхарын хурлын танхимд боллоо. Арга хэмжээний эхэнд, НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал ноён Хосе Гразино Да Силвагийн видео мэндчилгээг танилцуулсан. Үргэлжлүүлэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Беата Транкманн нар үг хэллээ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлсэн үгэндээ, "Тусгаар тогтносон Монгол Улсын гурван сая иргэнийг эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр хангах үүрэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд оногдсон. Монгол Улсын Засгийн газар, салбар яам хүн амыг хүнсний хэрэгцээг дотоодын бүх нөөц, боломжоо ашиглан хангах төдийгүй хүнс экспортлох зорилт тавин ажиллаж байна.

Энэ ч үүднээс "Мах, сүүний анхдугаар аян", "Атрын III аян", "Үйлдвэржилт 21:100", "Хүнсний ногоо", "Жимс жимсгэнэ" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна" гэдгийг онцлон тэмдэглэлсэн юм.

Энэ үеэр "Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт" эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэгчид, "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээнд үр дүнтэй оролцсон аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулсан бөгөөд шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар гардууллаа.

2018 оны есдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд оюутан, судлаач гэсэн хоёр түвшинд зарлаж, өчигдөр илтгэлүүдийг хэлэлцүүлсэн "Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг илтгэгчдэд шагнал гардуулах арга хэмжээ болсон. Уг эрдэм шинжилгээний бага хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо болон “Каритас Монгол” олон улсын байгууллагатай хамтран хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Төрөөс судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн судалгааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг практикт нэвтрүүлэх зорилготой "Хүнсний аюулгүй байдал:

Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хуралд их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоод, компанийн төлөөлөл болсон нийт 35 оюутан, судлаачид илтгэлээ ирүүлсэн. Эдгээр илтгэлээс судалгаа нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, тодорхой онол, арга зүйд үндэслэсэн байх, практик ач холбогдолтой байх, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай, судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байх гэсэн шалгуураар оюутан, судлаач гэсэн хоёр ангиллаар тэргүүн байр, дэд байр, тусгай байрыг тус тус шалгаруулав.

Оюутны ангилалд, тэргүүн байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Л.Аззаяа "Дүфү үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний химийн судалгаа болон дахин ашиглах боломж" илтгэлээрээ, дэд байранд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжин "Оюутан залуусын хүнсний хэрэглээнд хийсэн судалгааны зарим үр дүнгээс" илтгэлээрээ, тусгай байранд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн оюутан О.Мөнхзул "Сүрьеэгийн эсрэг үйлчилгээтэй хагийг талханд нэмэлтээр ашиглах боломжийг судалсан судалгааны үр дүн" илтгэлээрээ тус тус эзэллээ.

Мөн Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагналаар дээрх гурван оюутнаас гадна дөрөвдүгээр байранд шалгарсан Технологийн дээд сургуулийн оюутан О.Мягмарнаран, А.Болортуяа, тавдугаар байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Э.Солонго нарыг шагналаа


Ийнхүү "Дэлхийн хүнсний өдөр"-өөр тэргүүн байр эзэлсэн судлаачид ХХААХҮ-ийн Сайдын батламж, 1 сая төгрөг, дэд байр эзэлсэн судлаачид өргөмжлөл, 500 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн судлаачид өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнаж, урамшууллаа. Мөн тэргүүн байр эзэлсэн оюутанд ХХААХҮ-ийн Сайдын батламж, 300 мянган төгрөг, дэд байр эзэлсэн оюутанд өргөмжлөл, 200 мянган төгрөг, тусгай байр эзэлсэн оюутанд өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр шагнав.Судлаачдын ангилалд, тэргүүн байранд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Мөнхжаргал "Монголын уламжлалт хүнсний цусны даралт бууруулах идэвхийн судалгаа" илтгэлээрээ, дэд байранд ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн багш Э.Энхцэцэг "Эх орны хөрсөнд тариалсан хүнсний ургамлаас экспортын чиг баримжаатай эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь" илтгэлээрээ, тусгай байранд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш С.Отгонпүрэв, "Хүнс шарахад хамгийн тохиромжтой тос болон шарах давтамжийг тодорхойлсон дүн" илтгэлээрээ тус тус тодорсон юм.

Монголын хүнсчдийн холбооны нэрэмжит шагналын эзнээр тодорсон таван оюутныг "Мах маркет" ХХК компанидаа дадлагажигчаар ажиллуулах, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Б.Нинжинг "Хос Ивээл" ХХК компанидаа ажиллах эрхээр тус тус шагнаж байгаа юм.

"ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЬЕ" АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ, ДАВСНЫ АГУУЛАМЖАА БУУРУУЛЖ ЧАДСАН ААН-ҮҮДИЙГ УРАМШУУЛЛАА

МУ-ын Засгийн газрын 2015 оны 353 дугаар тогтоолоор батлагдсан  “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гаргасан.

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” эхний шатны арга хэмжээг ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран 2018 оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж, Атар-Өргөө ХК, Мах маркет ХК, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, БГД-ийн 57, 94 дүгээр цэцэрлэг, СХД-ийн 101, 112, 226 дугаар цэцэрлэг, Номадс болон Бродвэй сүлжээ ресторан, ДЦС-4 ТӨХК-ийн Эрчим зоогийн газар гэсэн 11 аж ахуйн нэгж оролцсон.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан арга хэмжээнд хамрагдаж, хоол хүнс, бүтээгдэхүүнийхээ давсны агууламжаа бууруулж чадсан "ДЦС-4" ТӨХК-ийн Эрчим зоогийн газрыг Давс багатай хоол үйлдвэрлэгчээр, "Мах маркет" ХХК-ийг Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр тус тус шалгаруулж, хүндэт, өргөмжлөл нэг сая төгрөгөөр, СХД-ийн 112 дугаар цэцэрлэгийг Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээг хэрэгжүүлэгч шилдгийн шилдэг байгууллагаар тодруулж, гран при цом, хүндэт өргөмжлөл, гурван сая төгрөгөөр шагналаа. 

"ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР"-ИЙН АРГА ХЭМЖЭЭ ЖИЛЭЭС ЖИЛД ӨРГӨЖИН ТЭЛЖ БАЙНА

Энэ жил Дэлхийн хүнсний өдөр-ийн арга хэмжээний цар хүрээг тэлэх зорилгоор Сүхбаатарын талбайд хүнсний амталгаат үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд Монголын уламжлалт цайны ёслолыг танилцуулж, хэрэглэгчдэд эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолтын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцогчдын дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн, уралдаан зохион байгуулсан юм.