М.Билэгт 2018.10.26 | Vip76.mn

М.Билэгт: Төсөл хэрэгжүүлэгчид үр дүнгээ тайлагнаж үнэлүүлдэг болмоор байна

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан “Монгол Улсын хэмжээнд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн төслийн нэгж байгаа, түүнд нийт хичнээн хүн ажиллаж байгаа, Тэдгээрийг төсвөөс болох гадаадын зээл тусламжын шугамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа, төслүүдийн үр дүн, зардлаа нөхөх хугацаа зэргийг мэдээлэл өгнө үү” хэмээн тавьсан асуулгыг сонсолоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“28 жилийн хугацаанд иргэдийн хамгийн их бухимдаж байгаа зүйл бол боловсролын салбарын бодлого, өнөөгийн нөхцөл байдал. Мөн эрүүл мэндийн салбар. 3 сая иргэнээ гадаад явж эмчлүлэх, мөнгө дэмий үрэхгүй байх боломжтой байсан. Эмч мэргэжилтэнүүдээ сургаж, мэргэжилтэн бэлтгэж байна гээд их мөнгө төсвөөс үрсэн. Мөн төсөл хэрэгжүүлэх гэж байна гээд өчнөөн өндөр хөлсөөр гаднаас зөвлөх үйлчилгээ авдаг. Жишээ нь, Шинэ зууны боловсрол төсөл, Боловсролын шинэчлэл төсөл гэх мэт олон төсөл байна. Энэ төслүүд дээр юу хийдэг вэ гэхээр сургалт л хийдэг. Сүүлдээ засаг дарга нар энэ сургалт чинь хэтэрлээ гэдэг. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлж болдоггүй юм уу?”