Ж.Бат-Эрдэнэ 2018.11.07 | medee.mn

Ж.Бат-Эрдэнэ: Сайдын албан тушаалаа өгсөндөө харамсаж эхлэх гээд байна

Ж.Бат-Эрдэнэ: Сайдын албан тушаалаа өгсөндөө харамсаж эхлэх гээд байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй  ЖДҮХС тойрсон асуудлаар ярилцлаа.

-УИХ-ЫН ГИШҮҮД ДАВУУ БАЙДЛАА АШИГЛАЖ, ӨӨРСДӨДӨӨ
ЗЭЭЛ АВСАН НЬ БУРУУ-

-ЖДҮХС-гийн асуудлаас үүдэж Б.Батзоригийг сайдын албан тушаалаас нь чөлөөлж, Прокурорын хүсэлтийг хүлээн авахгүй байхаар эрх баригч намын бүлэг тохирлоо. Ер нь хувь гишүүнийхээ зүгээс ЖДҮХС-г тойрсон асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Би УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш ЖДҮХС байх ёстой гэсэн байр сууринаас ярьсаар ирсэн. Энэ сайн үйл ажиллагааг тогтмол явуулснаар ЖДҮ хөгжиж, ард түмний амьжиргаа тэлэх сайн талтай.  Сангийн зээлийг маш олон иргэн, ААН авах хүсэлтэй байдаг.

Хүү нь бага учраас ЖДҮ эрхлэгчдэд хөл дээрээ босоход нь том дэмжлэг болж өгөх учраас тэр. Яг ийм хэрэгцээ шаардлага байгаа болохоор би 330 сум бүрт нэг тэрбум өгөхөөр тооцож, төсөвтөө суулгаач ээ гэдэг санал хүртэл оруулж байлаа.

ЖДҮХС-г орон нутаг руу чиглүүлэх миний санал улс төрийн хүрээнд дэмжлэг хүлээдэггүй байсан. Гэтэл энэ сангийн мөнгийг хэдэн УИХ-ын гишүүд маань өөрсдийнхөө бизнест татаад хэрэглэчихсэн байгаа нь харамсалтай. Энэ бол УИХ-ын гишүүд ёс зүйн алдаа гаргасны том жишээ юм. Маш буруу үзэгдэл л гэж хэлмээр байна.

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 онд ЖДҮХС дээр Засгийн газраас мөнгө тусгаагүй. УИХ дээр төсөв хэлэлцэх хугацаанд санал гарч, 60 тэрбумыг суулгасан гэх тайлбар хийсэн. Энэ яг үнэн юм уу?

-Тийм зүйл байхгүй. Засгийн газар 2018 оны төсөвт ЖДҮХС дээр мөнгө тавьсан байсан. Түүнээс биш УИХ-ын гишүүдийн саналаар суучихсан юм биш. Засгийн газар өөрөө мөнгө тавиад оруулж ирж байсан. Харин 2019 оны төсөвт мөнгө тавиагүй байсныг УИХ дээр 47 тэрбум суулгах шийдвэр гаргасан юм.

-Танай намын бүлгийн гишүүн бүрт нэг тэрбум төгрөгийн зээл авахыг аман байдлаар Засгийн газраас амалсан юм биш үү?

-Яг албан ёсоор зөвшөөрөгдсөн, тийм зээлийн багц байгаагүй. Үнэхээр байсан бол бүгд л авах байсан биз. Жишээ нь, миний ширээн дээр битүү төсөл өрөөстэй байгаа. Санхүүжилт олдохгүй байгаа учраас хэрэгжүүлэх боломжгүй байна. Тойргоос маш олон төсөл ирдэг.

Би ЖДҮХС-д дэмжих хүсэлт илгээсэн ч шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар хасагдсан байсан. Гэтэл энгийн ААН-үүдийн тэр авч чадахгүй байсан зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд авчихсан байгаад л асуудал байна. Өнгөрсөн хавар ЖДҮХС-гаас төслийн сонгон шалгаруулалт зарлахад нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирсэн. Гэтэл би 330 тэрбумын асуудлыг л тойрч ярьсан. Энэ зах зээл дээр чинь нэг их наяд төгрөгийн төслийн санхүүжилтийн эрэлт байна гэсэн үг.

-ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг зарчмын хувьд хэрхэх ёстой юм бэ?

-Ёс зүйн хувьд яг хэрхэх ёстой вэ гэдэг асуудал байгаа. Ёс зүй л хэрэгтэй. Түүнээс биш зээлийг эзэн нь УИХ-ын гишүүн байхаас эс хамаарч, ААН-үүд л авсан. Гол нь УИХ-ын гишүүд давуу байдлаа ашиглаж, өөрсдөдөө зээл авсан нь буруу. Түүнээс биш ААН гэдэг утгаараа хуулийн хүрээнд буруу зүйл байхгүй. Гишүүдийн цэвэр ёс суртахууны асуудал.

УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас авсан зээлээ буцааж төллөө гээд байх юм. Нэгэнт ёс суртахуунаа эвдээд авчихсан хүмүүс уучлал гуйлаа гээд яах юм бэ. Олон нийтэд баримт нь дэлгэгдээгүй бол тэгээд л явах байсан шүү дээ.

-АЛЬ Ч ОРОНД ЖДҮ НЬ ХӨГЖИХГҮЙ Л БОЛ НИЙГЭМ НЬ УРАГШАА ЯВЖ ЧАДДАГГҮЙ-

-Энэ нь УИХ-ын гишүүнээсээ огцрох үндэслэл болохгүй юм уу?

-Болохгүй. Гэхдээ ЖДҮХС-гаас улс төрчдийн авсан зээлийн мэдээлэл ил болсноор ирээдүйд маш сайн ач холбогдлоо өгнө. Үүнээс хойш ЖДҮХС-гийн төсвийг захиран зарцуулах тал дээр маш том цэвэршилт явагдаж байна. Би хувьдаа энэ акцийн том ач холбогдлыг ингэж л харж байна.

Одоо ЖДҮХС Хөгжлийн банкны дэргэд очих юм уу. Яамныхаа харьяа байлаа гэхэд сонгон шалгаруулах процессоо зөв болгох ёстой. Тухайлбал, би Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа “ЖДҮХС-гийн төсвөө нэмэгдүүлэх замаар улс орон даяар зээл олгодог болцгооё. Үүний тулд газар нутгаа бүсчлэн хараад, хаана ямар төсөл хэрэгжүүлж болохоо тодорхойлох ёстой гэсэн байр суурь барьж байсан.

Газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийг яг хаана хөгжүүлвэл зохимжтой вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Тэгээд яг тухайлсан байдлаар нь аймгууд руу хуваарилах замаар яамны харьяа ЖДҮХС ажиллах ёстой гэсэн зарчмын саналтай байлаа. Ингэж нарийн зааглаж байж, бидэнд зах зээлээ төрөлжүүлэх боломж бүрдэнэ гэж би үздэг. Гэхдээ энэ саналыг хүлээж аваагүй. Харин одоо бол хүлээж авах гэж итгэж байна.

-Нэг талдаа орон нутаг руу ЖДҮХС-гийн зээлийг чиглүүлэх бодлого улс төрчдийн санаанд нийцэхгүй байгаа хэрэг?

-Би сүүлийн хоёр жилийн турш “Шинэ хөдөө” төсөл гэж ярилаа. Сүүлдээ бүр аргаа бараад, төслөө “Шинэ хөдөө-Булган” гэж нэрлэж байгаад, хэдэн төгрөг тавиулж авсан. Одоо ажил нь маш урагштай явж байна. Энэ төсөл хэрэгжээд эхлэнгүүт газар бүрээс хүмүүс утасдаж, “Энэ төсөлд тань хамрагдмаар байна” гэж хүссэн. Гэтэл надад  санхүүжилт байхгүй.

Харин Б.Батзориг сайд миний төслийг маш сайн дэмжиж,“Шинэ хөдөө-Шинэ амьдрал” гэдэг хөтөлбөр болгож өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газраар батлагдаагүй байна. Хүлээж авахгүй байна. Төр ЖДҮХС-гийн зээлэн дээрээ хяналтаа л сайжруулах хэрэгтэй. Сангийн сайд нь болгоомжлоод л байгаа юм. Миний хувьд бол “Хамаагүй, зээлийг нь өгөөд явах хэрэгтэй” гэж үздэг. Зах зээл нь хөгжөөд ирэхээр ААН-үүд өөрсдөө ухаарна.

Хүн аж ахуй эрхэлж, алдаанаас суралцаж байж л өөдөө явдаг. Хөл дээрээ босч чаддаг. Тиймээс л эрх чөлөөг нь бид өгчих ёстой юм. Аль ч орны жишээнээс харахад, ЖДҮ нь хөгжихгүй л бол нийгэм нь урагшаа явж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, эхэлж эрх чөлөөг нь өгөөд, амтыг нь мэдрүүлэх ёстой байгаа юм.

-Танхимаас нь сайд нар сугараад байхаар Засгийн газрын бүрэн бүтэн байдалд эрсдэлтэй юу?

-Маш их эрсдэлтэй. Гол нь, Засгийн газар зөв байж л ажил нь урагшаа явна. Ерөнхий сайд маань зөв зүйтэй байна л гэсэн. Гэтэл болж өгөхгүй л байна. Ер нь намчирхдаггүй нам гэж байх ёстой. Ингэж байж, Засгийн газар нь цэвэрхэн ажиллаж чадна. 

УИХ дээр ч тэр нэгэндээ замчмын шаардлага тавьж чаддаг. Намчирхдаггүй. Буруу зүйлийг нь шууд хэлдэг байх ёстой. Хамаатан садан, найз нөхдөө албан тушаалд тавих гэвэл шууд “ҮГҮЙ” гэж нэгэндээ хэлж чаддаг байх хэрэгтэй.

-Та сайдынхаа албан тушаалыг өгснийхөө дараа харамссан уу?

-Сайдын албан тушаалаа өгөөд, УИХ-ын гишүүнийхээ хувиар тойрогтоо нэлээд ажиллалаа. Сайдаа өгснийхөө дараа бол харамсаагүй. Харин одоо сайдын албан тушаалаа өгсөндөө харамсаж эхлэх гээд байна. Энэ байгаа байдлыг нь харахаар урамгүй юм. Миний алхам шударга байгаад араас зөв, шударга байдлаар ажил нь явагдахгүй байхаар харамсдаг юм байна.

Ер нь намаараа дамжиж улс төрд орж байгаа ийм үед нам өөрөө л цэвэр байх ёстой. Нам ямар нэгэн байдлаар цэвэршиж байж л, улс төрийн орчин эрүүлжинэ. Тэгэхээр бид тогтолцоогоо өөрчилж байж, асуудлаа ярих хэрэгтэй юм байна.

Ж.МЯДАГБАДАМ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН