2018.11.06

О.Баасанхүү: Нэг сайд биш Засгийн газар кабинетээрээ огцрох ёстой

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Өгсөн хүнийг нь ажлаас чөлөөлнө гээд байх юм авсан хүмүүсийг нь яах гэж байгаа юм бэ? Намын даалгавар л биелүүлсэн юм байна лээ шүү дээ. Зээл авсан хүмүүс дотор МАН-ын нарийн бичгийн дарга нь явж байгааг харахад... Намын даалгавар биелүүлсэн хүнийг огцруулах асуудал ярьж байгаа нь ичмээр байна. Гэхдээ одоо үндсэн хуулиараа, цэцийн шийдвэрээр ганцаар нь биш кабинетээр нь огцруулахаар болсон. Өмнө нь Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлсөн. Одоо олон түмэн сонгогчдынх нь өмнө ичгэвтэр байдалд оруулаад энэ хүнийг огцруулах гэж байгаа нь зохисгүй. Харин ч У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах ёстой. Сайд нь буудайгаа 100 хувь хурааж аваад ажлаа хийчихсэн байхад намын даалгавар өгсөн ерөнхий сайдыг энд суулгаад огцруулах эсэх асуудлыг ярих хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ингээд л нэг нэгээр нь яриад баймааргүй байна.”