С.Амарсайхан: Хуулийн дагуу хурал хойшлогдох боломжтой
2018.11.28

С.Амарсайхан: Хуулийн дагуу хурал хойшлогдох боломжтой

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг огцруулах, эсэхийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн санаачлагаар дахин долоо хоногоор хойшлууллаа. Захиргааны ерөнхий хуулиар бол Ерөнхий сайд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын гүйцэтгэх засаглалын даргыг огцруулах хүсэлт ирүүлснээс хойш 15 хоногийн дотор эцсийн шийдвэрийг гаргах ёстой. Хуулийн хугацаа өчигдөр буюу энэ сарын 27-ноор дуусгавар болсон юм. Хурал хойшлох болсон шалтгааныг НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.

–Нийслэлийн Засаг даргын асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа дуусгавар болж байхад НИТХ-ыг хойшлуулсан нь хууль зөрчиж байгаа юм биш үү?

-ИТХ хуульд заасан хугацаагаар асуудлыг хэлэлцэх ёстой.Хэлэлцэж эхэлснээс хойш нам, эвслийн бүлэг завсарлага авсан, эсвэл өөр хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хурлын дэгийн дагуу завсарлага өгөх ёстой. Завсарлага авсан хугацаа тооцогдох ёстой. Хугацаа товлох журам Иргэний тухай хуулийн зарим зүйл, заалтаар зохицуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй эсвэл хугацаа товлож сунгахаар бол Иргэний тухай хуулийн хугацаа товлох журмын дагуу энэ асуудал зохицуулагдах боломжтой.

–Тэгэхээр хурлыг долоо хоногоор хойшлуулах нь хуулийн үндэслэлтэй гэсэн үг үү?

– НИТХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу асуудлыг хугацаанд нь хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, энэ сарын 23-нд уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Энэ хугацаанд нам, эвслийн бүлэг завсарлага авах эрх нээлттэй. Иймээс завсарлага авч үргэлжлэх хугацааг олгох журмын дагуу шийдсэн.

–НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл “Ерөнхий сайд өөрийн биеэр хуралд оролцож, Засаг даргыг огцруулах үндэслэлээ танилцуулах ёстой” гэсэн?

-Ерөнхий сайд заавал ирэх шаардлагагүй. Огцруулах, хамтарч ажиллахгүй гэсэн шалтгаанаа албан бичиг, саналдаа маш тодорхой зааж ирүүлсэн. Тиймээс бүрэн эрхийн хүрээнд асуудлыг хэлэлцээд хариуг хүргүүлэх үүрэгтэй.

–Магадгүй ирэх долоо хоногт дахин завсарлага авбал яах вэ?

– Ирэх долоо хоногоос завсарлага авбал бас л тухайн үед нь шийдвэрээ ярилцаж гаргах ёстой. Үүнийг одоогоор хэлэх боломжгүй. Цааш сунжрах боломжгүй. Намын бүлгүүд нэг удаа завсарлага авна. Хугацаа дууссаны дараа дахин завсарлага авах нь хурлын дэгээр боломжгүй. Энэ хугацаанд асуудлаа шийдэх боломжтой гэсэн тайлбар өгсөн.

Гэсэн ч дугаар шилжих мөчид Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын даргадаа гаргасан тухай мэдээлэл гарсан.