С.Эрдэнэ 2019.01.14 | Today.mn

С.Эрдэнэ: Гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг огцруулах төслийг зөв хувилбар гэж харахгүй байна

С.Эрдэнэ: Гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг огцруулах төслийг зөв хувилбар гэж харахгүй байна

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

– Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг та бүхэн дэмжих үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийн талаар УИХ дахь АН-ын бүлэг ярилцаагүй байгаа. Бид нам дээрээ ярилцах ёстой. Энэ нь бүхэл бүтэн парламентын дархлаатай холбоотой асуудал. Өнөөдөр улс орны бодлогыг тодорхойлогч, үндэсний аюулгүй байдлын үзэл санааг гартаа барьж байдаг ҮАБЗ-ийн гурван гишүүний аль, аль нь дархлаатай байх ёстой.

Тэр дундаа УИХ-ын дарга. Тэгэхгүй бол парламентад олонхи болсон намын дарга нь дуртай цагтаа даргаа солиод, засаглал тогтворгүй гэдэгтэй адилхан парламент ч гэсэн тогтворгүй байдал руу орно. ҮХЦ-ийн дүгнэлтээр Ц.Нямдорж УИХ-ын даргаасаа огцорч байсан. Зохицуулалт нь байгаа. Тиймээс би гишүүдийн олонхиор шийдээд явахыг зөв хувилбар гэж харахгүй байна.

-Орд газруудыг төрд авч байна. АН үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Манай АН үзэл баримтлалтын төслөө боловсруулаад өчигдөр УДШ-д өгсөн. Бүх зүйлийг төрд авах замаар явах нь зөв биш. Иргэдээд хувь оногдуулах хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг хураагаад явбал Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү. Сэтгэлийн хөөрлөөр, хэт улс төрийн хийрхлээр аливаа асуудалд хандаад баймааргүй байна.

-Д.Дорлигжавыг баривчиллаа. Түүнийг намын гишүүнчлэлээс хасах уу?

-Д.Дорлигжав даргын хувьд манай намын дарга байсан. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрэмд зааснаар асуудлыг нь шийднэ. Заалтгүй бол хуулиараа асуудлаа шийдэх байх.

-Танай нам УИХ-ыг тараах тогтоолоо боловсруулсан уу?

-АН-ын Улс төрийн зөвлөл УИХ-ыг тараах шийдвэр гаргаад, УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Бид удахгүй УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах тогтоолын төслийг боловсруулж, гарын үсэг цуглуулна.

Эх сурвалж: www.TODAY.mn