Эрдэнэ.С Чинзориг.С Ундраа.А 2019.01.24 | Eagle ТВ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэргээн засах иж бүрэн төвтэй боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сэргээн засах иж бүрэн төвтэй боллоо

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн бий гэсэн тооцоо байдаг ба энэ нь нийт хүн амын 3.3 хувь юм. Тэдний 11.5 мянга нь 0-5 насны хүүхдүүд ажээ. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь олдмол буюу осол, гэмтлээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болжээ.

Тэгвэл БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв"-ийн төсөл дуусаж, Сонсголонгийн гүүрний зүүн хойд талд баригдсан тус төвийг өнөөдөр Монголын талд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, түүний өмнөх сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Ундраа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар болон тус төсөлд гар бие оролцсон хоёр орны төлөөлөгчид оролцлоо.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж буюу 30 сая ам.долларын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг иж бүрэн тоног төхөөрөмж, боловсон хүчний хамт цогцоор шийдэж өгч буй нь энэ юм.

Энэхүү төв ашиглалтад орсноор өдөрт хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой болох аж.

Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоног хэвтэн эмчлүүлэх, нарийн багажийн шинжилгээ, оношилгоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай тохирох эргийн туслах хэрэгсэл буюу протез, ортопед зэргийн эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой юм байна.

Энэхүү иж бүрэн төв нь 250 ортой, нийт 14,990 метр квадрат талбатай юм. Эмнэлэг нь сэргээн засах амбулатори, эмчилгээний тасаг, захиргаа болон сургалтын алба, хэвтэн эмчлүүлэх тасаг болон үйлчилгээний алба зэрэг хэсгээс бүрдэнэ.

Хэрэгжүүлсэн төслийн талаар АН-ын дарга С.Эрдэнэ "Анх 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв барих санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үргэлжлүүлэн санхүүжилтийн асуудлыг БНХАУ-ын Засгийн газартай шийдвэрлэснээр төсөл биеллээ олоод байна.

Энэхүү төв нь нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, иж бүрэн үйл ажиллагааны гурван корпустай, нийт гурван га газар талбайг эзэлж байгаа том хэмжээний обьект юм. Нийт бүтээн байгуулалтын зардал 30 орчим сая доллар буюу 80 орчим тэрбум төгрөгөөр зөвхөн барилгын ажил гүйцэтгээд зогсохгүй ажиллах боловсон хүчин бэлтгэх, эмчилгээний тоног төхөөрөмж зэргийг бүх зардлыг шийдсэн” хэмээлээ.

Төслийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: “Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр энэхүү төвийг ашиглалтад оруулан хүлээлгэн өгч байгаа төслийн нийт бүрэлдэхүүнд талархал илэрхийлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг илэрхийлэл нь энэ төсөл юм" гэлээ.

Ийнхүү Монголын талаас ХНХ-ын Сайд С.Чинзориг Хятадын талаас үйл ажиллагаа явуулах төвийн түлхүүрийг гардан авсан юм.