Нямбаатар.Х 2019.01.25 | Vip76.mn

Х.Нямбаатар: Эрчим хүчээр халаалтаа шийдэх эрх зүйн орчин, бодлогоо гаргах цаг болсон

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2019.01.25) хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

“Манайд хамгийн их хэрэглэгдэж байгаа нь нарны эрчим хүч. Энэ салбарт Төрөөс баримтлах бодлого оруулж ирэх гэж байгаа нь зөв. Гадаад харилцааны яам энэ чиглэлээр Хойд хөрштэйгээ уулзаж, усан цахилгаан станцын асуудлыг цэгцлэх ёстой гэж үзэж байна.

Манай улс арай эрт олон улсын өмнө 2 ч конвецид нэгдэж, үүрэг даалгавар авсан юм уу гэж бодож байна. Үйлдвэрлэл хөгжих гэж байгаа, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд уламжлалт түлшээр эрчим хүчээ үүсгэхээс өөр арга байхгүй.

СХД-ийн нэг айл эрчим хүчээр халаалтаа шийдсэн гэдгээ үзүүлсэн. 1 өвөлдөө 2 портер нүүрс хэрэглэдэг байсан айл үүнээсээ татгалзаад өөрийн нөөц боломжоо ашиглаад агаарын бохирдлоо бууруулах тал дээр хувь нэмэр оруулж чадаж байна. Тиймээс эрчим хүчээр өвлийг даван туулж чаддаг бодлого салбарын яамнаа боловсруулж гаргаач ээ гэж хэлмээр байна.”