Ц.Цогзолмаа 2019.01.29 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээллийг сонслоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээллийг сонслоо

Соёл, урлагийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв. 

Тэрбээр танилцуулгадаа, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Музейн тухай, Киноны тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, төслийн хэлэлцүүлгийг хийж,  2019 оны хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж буйг онцлов.

Мөн  тэрбээр, соёл урлагийн салбарын байгууллагууд 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлээд давсан орлогыг өөртөө зарцуулах буюу санхүүгийн том эх үүсвэр, хөшүүргийг хийж өгсөн. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онуудад Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа номын сангуудад номын худалдан авалт хийх хөрөнгийг шийдвэрлэсэн, музейг үзүүлэх ажлыг бүх нийтийн болгох, залуу үедээ эх түүхээ мэдэхэд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор музейн нэрэмжит 7 хоногийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлсэн талаараа мэдээлэлдээ дурдлаа.

    Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, санал хэлэв.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил “Соёлын өвийг хамгаалах асуудал төрийн өмчийн музейн үзмэрийг хамгаалах бус соёлын үнэт олдвор байгаа газрыг зааж өгч, чиглүүлдэг, түүнийг нь санхүүжүүлдэг, гүйцэтгэдэг, хил гаалиар гаргадаг, гаргасныг нь зарж борлуулдаг сүлжээ бий болоод байгаад Засгийн газар анхаарч, цагдаа, хууль хяналтын байгууллагын уялдаа холбоог сайжруулах, шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэв. Мөр тэрбээр Музейн тухай хуулийн төсөлд нийгмийг соён гэгээрүүлэх асуудлын хүрээнд 18 хүртлэх насны хүүхдүүд, эсвэл ахмадуудад музейг үнэ төлбөргүйгээр үзүүлэх санал оруулж байгаа талаараа байр сууриа илэрхийлэв. 

    Хуралдаан Монгол Улсын консерватор (хөгжмийн дээд боловсролын байгууллага)-ын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн мэдээллээр үргэлжлэв.

    Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын консерватор таван шинэчилсэн сургууль, 12 тэнхим, 6 албатай Ерөнхий боловсролын, Сонгодог хөгжмийн, Үндэсний хөгжмийн, Бүжиг, циркийн, Хөгжмийн ухаан, дууны сургууль гэсэн шаталсан сургалтын бүтэцтэй ажиллаж байна. Консерваторыг хүлээн зөвшөөрдөг гол үндэслэлүүдийн нэг нь мэргэжлийн хөгжмийн тоног төхөөрөмжүүд байдаг.  Иймд энэ чиглэлд салбарын сайдын тушаал гаргаж 80 гаруй сая төгрөгийг олгож, мэргэжлийн морин хуурын асуудлыг шийдвэрлэж өгсөн. Түүнчлэн багш нарыг мэргэжлийн түвшинд сургах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ОХУ, Казакстан зэрэг бусад улс орнуудад сургах ажлууд амжилттай зохион байгуулсныг онцлов. Мөн сургууль хөгжүүлэх сангийн дүрмийг боловсруулахад нь Консерваторын удирдлагад зөвлөмж өгөн ажиллахын зэрэгцээ 2024 он хүртэл тус байгууллагыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хийлгэсэн. Тус консерваторт ажиллаж байгаа багш нарын хүний нөөцийн бодлогыг боловсруулж, магитср, докторын сургалтад хамруулах асуудалд  дэмжлэг үзүүлсний зэрэгцээ Оюутны хөгжлийн зээлд тус Консерваторын суралцагчдыг хамруулахаар болж, 55 квотыг хуваарилсан. Энэ сургууль Консерватори сургууль болох чиг хандлага төлөвшсөн гэж Ц.Цогзолмаа сайд мэдээлэлдээ онцолж байсан.  

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж, хариулт авлаа.