УИХ-ын Гишүүн Н.Учрал “Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн танилцуулга” лекц уншив
2019.01.28

УИХ-ын Гишүүн Н.Учрал “Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн танилцуулга” лекц уншив

Эрдэм боловсрол хэмээгч  энэ хорвоогийн хамгийн том өглөг бөгөөд түүнийг хайрлагч багшийг Монголын төр бараг л мартах шахаад байгаа.

Монголын боловсролын салбар, тэр дундаа, багшийн хөгжлийн асуудал 20 жил хур бороо ороогүй ган гачигтай нутаг шиг болсныг нуух юун. Харин өнөөгийн УИХ-ын гишүүдээс багш нарын талаар хамгийн их дуугарч, тэмцэж байдаг хүн бол УИХ-ын гишүүн Н.Учрал юм. 

Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд багш нарын хөгжлийн талаар олон чухал санаа сэдэж, УИХ-ын танхимд үгээ хэлж ирлээ.  Тиймдээ ч Н.Учрал “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг  санаачилж, “Багшийн хөгжлийн тухай хууль нь өөрөө нийгмийн захиалга юм” хэмээн нийгэм даяар тунхагласан хүн. Н.Учрал өөрөө аргагүй л боловсролын салбарт чанагдсан хүн учраас маш чухал хуулийг санаачилсан байх бөгөөд үүнийг санаачлахдаа маш олон хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулж байлаа.

Тиймдээ ч энэхүү хууль нь Монголын багш бүрийн оролцоотой хууль болсон гэж судлаачид үздэг байна. Түүний илтгэлд “Багш мэргэжлийн үнэ цэнийг унагаснаар манай улс ирээдүйд багшгүй болох аюул ойрхон байна” гэдэг санууштай, мэдрүүштэй үг байдаг.  Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Боловсролын тухай багц хуулийг баталсан бөгөөд 2016 онд Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Гэвч одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх бодлого, арга хэмжээ нь багш хүн өөрөө хөгжих таатай боломжийг төдийлөн бүрдүүлээгүй байгаагийн зэрэгцээ ажил хөдөлмөрөө үнэлүүлэх зохистой системийг бүрдүүлж чадахгүй байгаа юм.

Иймд дээр дурьдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн  боловсролын багц хуулийн үндсэн зарчим, Багшийн хөгжлийн арга хэлбэр, хөгжлийн зарим нэр томьёог оновчтой болгох, багшийн оролцоо, хувь хүний хөгжил болон боловсролын хөгжил, мэргэжлийг дээшлүүлэх зэрэг багшийн хөгжлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлэх заалтууд Н.Учралын санаачилсан хуулийн төсөлд тусгагдсан нь манай боловсролын систем зөв голдиролдоо орохын дохио юм.

Саяхан УИХ-ын гишүүн Н. Учрал “Их засаг” Олон улсын их сургуулийн нийт багш нарт “БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА” лекц уншиж,  олон хүний талархалыг хүлээв.