Бэлтгэл офицер Т.Гомбосүрэнг “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагналаа
2019.01.22

Бэлтгэл офицер Т.Гомбосүрэнг “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагналаа

Богд Уулын Залаатын аманд байгаль хамгаалагчаар тасралтгүй 17 жил ажилласан, өдгөө 71 настай Т.Гомбосүрэн гуай өнөөдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.

Армийн дэслэгчээс армийн хурандаа хүртлээ 25 жил ажилласан Т.Гомбосүрэн гуай 1993 онд тэтгэвэртээ гарчээ. Түүнийг тэтгэвэртээ гармагц Батлан хамгаалахын сайд хүлээн авч уулзан, “Чин шударга зан чанартай тань шиг хүн л д байгаль хамгаалагчаар ажиллаж чадна” гэснээр тэрбээр 60 нас хүртлээ Богд Уулын Залаатын аманд идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилласан байна. Харин түүний хөдөлмөрийг үнэлж, Богдхан Уулын хамгаалалтын захиргааны газраас шагналд тодорхойлсноор Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Төрийн ордонд шагналыг нь гардуулан өглөө.

Энэ үеэрээ Шадар сайд Ө.Энхтүвшин "Т.Гомбосүрэн гуайн нөр их хөдөлмөрийг төр засаг үнэллээ. Богдхан уулын хамгаалалтын захиргааны газраас таныг тодорхойлсон байдаг. Таныг Байгаль орчны аялал жуулчлалын яамныхан анддаггүй юм билээ" хэмээн онцоллоо. 

Харин Т.Гомбосүрэн гуай "Богд Уулын төлөө олон жил чөмгөө царцааж, цөсөө өтгөрүүлж, уушгаа угаартуулж ажилласны үр дүн гарч байна. Ажлаа чин шударгаар хийж, өнөөдрийг амжилтад хүртэл дэмжиж байсан хань ижил, үр хүүхэд, хамт олон, төр засагтаа баярласнаа илэрхийлж байна" гэлээ. 

Т.Гомбосүрэн өдгөө Богдхан уулын хамгаалалтын захиргааны ахмадын зөвлөлийн даргын албыг хашиж байна. Энэ ажлаа ч гэсэн зүрх сэтгэлээсээ хийж, олон санал санаачилга өрнүүлж, төрийн шагнал “Байгаль орчны яамны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнуулжээ. Тэрбээр байгаль хамгаалах энэхүү ажлаа өөрийн хүү Г.Барайширдаа өвлүүлсэн бөгөөд хүү Г.Барайшир нь одоо Богдхан уулын хамгаалалтын захиргаанд Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаа аж.