Ном унших соёлыг түгээх тохилог танхим Сонгинохайрхан дүүрэгт үүдээ нээлээ
2019.01.29

Ном унших соёлыг түгээх тохилог танхим Сонгинохайрхан дүүрэгт үүдээ нээлээ

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дах Соёмбо кино театрын дэргэд салбар номын сан шинээр үйл ажиллагаагаа нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй номын санг шинэчлэн засварлах, номын фонд шинэчлэх, шинээр уншлагын танхим байгуулах, номын сангийн системийг цахим болгох зэрэг тодорхой заалтууд тусгагдсан. Энэхүү заалтын хэрэгжилт болон биелэлт амжилттай байгаагийн тод жишээ нь тус номын санг шинэчлэн засварлаж, уншигчид тав тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна” хэмээн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ онцлов.