Б.Дэлгэрсайхан 2019.01.31 | Vip76.mn

Б.Дэлгэрсайхан: Түүхэн газраа хамгаалалтанд авахгүй бол лиценз болоод дууслаа

Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

“Дорноговь аймгаас Айраг сумын Цагаан дэлийн агуй, Хөвсгөл сумын Гүн гашууны хоолойг тусгай хамгаалалтанд авсан байна. Талархалтай байна. Сүүлийн үед Хамрын хийдийн орчим газрыг улсын тусгай хамгаалалтанд авахгүй бол орон нутгийн тусгай хамгаалалтанд байгаад лиценз болчихоод байна. Энэ лицензийн цуцлуулахаар хандсан. Энэ газар олон мянган жуулчин ирдэг. Энергийн төв юм. Энэ газрыг улсын тусгай хамгаалалтанд авахгүй бол болохгүй байна. Яам үүнийг анхаарч байгаа юу?

Мөн Хатанбулаг сумын Хутаг уул бий. Улс, орон нутгийн хэмжээнд дээдэсээсээ шүтэж ирсэн. Энэ бас лиценз болчихсон. Дээр нь Хөвсгөл сумын Сүлдэн хөх овоо гэж бий. Домог энэ тэр нь бий. Эртнээс шүтэгдэж ирсэн энэ хэсгийн лиценз болгоод олгочихсон байгаа. 2009-2014 оны хооронд олгогдсон лиценз байна. Үүнийг цуцлах тал дээр яамнаас юу хийж байна вэ?”

Түүний асуултанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон тус яамны газрын дарга хариуллаа.