Б.Ганхуяг 2019.02.12 | Arslan.mn

Б.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашгийг ТУЗ-аар шийднэ

Б.Ганхуяг: 1072 хувьцааны ногдол ашгийг ТУЗ-аар шийднэ

“Эрдэнэс-Тавантолгой–Инноваци, Үйлдвэрлэл” эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн “Туушин” зочид буудалд боллоо. Тавантолгой орд газарт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс таатай үзүүлэлтүүдийг дуулгаад байна. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг: 

Эрдэнэс Тавантолгой компани анх үйл ажиллагаагаа явуулахад техник эдийн засгийн үзүүлэлт дээр тооцоо судалгаагаа хийж ажлаа эхлүүлж байсан. Өнөөдөр ч гэсэн тооцоо, судалгаатай төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд явж байна. Бүх төсөлд эрдэмтэн, судлаачид, хуулийнхан, инженер техникийн ажилтнууд бүх шатандаа ажиллаж байна. Инноваци эцсийн бүтээгдэхүүн болох, нэмүү өртөг шингэх нь манай компаний болон бизнесийн эцсийн том зорилго мөн. Энэ зорилгын хүрээнд бид өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтаа чиглүүлж ажиллаж байна. 2011, 2012 онд компаний зүүн, баруун уурхайг олборлох техник эдийн засгийн үзүүлэлтүүд батлагдсан байдаг. Энэ хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, авто зам, хими технологийн үйлдвэр, усан хангамжийн асуудлыг өндөр түвшинд авч үзсэн. Энэ судалгааны ажил одоог хүртэл үргэлжлээд явж байна. Бидний хийж байгаа бизнес, олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт авах асуудлын ард эрдэмтэн, судлаачид, шинжээчид ажиллаж байгаа. Үүний нэг илэрхийлэл нь өнөөдрийн эрдэмтдийн зөвөлгөөн болж байна.

1072 хувьцаатай холбоотой тодорхой мэдээллийг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Эхлээд аудитлагдсан тайлан гарч, дараа ТУЗ шийдвэрлэх юм. Компаний тухай хуулиар эхлээд аудитын тайланг ТУЗ-ын хурлаар оруулж, ТУЗ тооцоонд үндэслэн шийдвэрээ гаргаж, энэ шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулах үүрэгтэй. Одоогийн байдлаар аудитын шалгалт үе шаттайгаар явагдаж байна.  Нэгж хувьцааны үнэлгээг ТУЗ-ын шийдвэр, тооцооллоор гаргана. Урьдчилсан тоон тооцоо гарсан ч эцсийн байдлаар хувьцааны үнэлгээ гараагүй.

Ер нь компани ашигтай ажиллах ёстой. Эрдэнэс Тавантолгой ХК 2000 оноос хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлээд 2016 онд хүртэл ашиггүй ажилласан. 2017 онд 410 тэрбум, 2018 онд 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ашигтай ажилласан л бол тэр ашгийнхаа үр дүнг үзүүлж байх ёстой. Хувьцаат компаний хувьд хувьцаандаа ногдол ашиг олгох үгүйгээ компанийхаа хуулийн хүрээнд гаргадаг. Энэ процессийн хүрээнд л үйл ажиллагаа явж байна. Засгийн газрын зүгээс дээрх тооцоог нэгтгэх, санхүүгийн тайлан блансаа эцэслэ, аудитлагдсан тайлангийн хүрээнд иргэдэд 1072 хувьцааг нь амь оруулах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд ажлаа хийж байна. Бидний зүгээс хуулийн хүрээнд иргэн ямар эрх эдлэх ёстой юм тэр эрхийг нь эдлүүлэх нөхцлийг маш тодорхой ойлгомжтой болгох чиглэлээр ажиллаж байна.

2019 оны төлөвлөгөө гарсан. Одоогийн байдлаар ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж,   нэг тонн кокосжсон нүүрсийг 71,25 ам.доллараар борлуулж байна.