ЭТТ: Тавантолгойн ГУРВАН мессеж
2019.01.09

ЭТТ: Тавантолгойн ГУРВАН мессеж

“Эрдэнэс -Тавантолгой” компани олны анхааралд байсан олон асуултад хариулт өгөв. Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарч, IPO босгох тухай, ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдын хурлаар 1072 хувьцаа амь орох тухай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тухай, “Тавантолгой түлш” компани Улаанбаатар хотын утааг бууруулах тухай олон чухал мэдэгдэл хийв. “Эрдэнэс-Тавантолгой”-н мэдээллээс онцлох таван мэдээллийг та бүхэнд хүргэе.

ЭХНИЙ СОНГОЛТ ХОНКОНГ 

Олон улсын зах зээлд гарах хүлээлттэй “Эрдэнэс-Тавантолгой” компани IPO гаргах эхний шатны тайланг дуусган, Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарахаар төлөвлөж байна. Засгийн газраас Хонконг, Нью-Йоркын хөрөнгийн бирж гэсэн сонголт өгсөн ч Хонконгын хөрөнгийн бирж дээр гарсны дараа давхар бүртгэлээр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гарах боломжтой гэж үзсэн учраас Хонконгын хөрөнгийн биржийг сонгосон гэж компанийн удирдлагуудын зүгээс хэллээ.

“УИХ, Засгийн газраас олон улсын зах зээлд гарах хугацаат үүрэг авсан. Эхний хугацаа арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон. Үүний дагуу бид УИХ, Засгийн газарт өгөх тайлан мэдээлэл бүрэн дууссан. Баруун болон Зүүн Цанхийн нэгдсэн ТЭЗҮ-г боловсруулж бэлэн болгоод байна” гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ярьсан юм.

Олон улсын зах зээлд гарахын тулд компанийн засаглал сайжрах ёстой. Энэ зарчмын дагуу дэргэдээ эрдэмтдийн зөвлөл, олон нийтийн зөвлөл байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулжээ. Түүнчлэн төрийн бус 86 байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж мэдээллээр ил тод хангасан байна. Компанийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтын гэрээ байгуулж, нийгмийн хангамжийг нь дээшлүүлэхэд ч анхаарна гэдгээ зарлав. 

ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРД 1072 ХУВЬЦАА АМЬ ОРНО 

Насны хишиг, оюутны төлбөр гэж засгаас засгийн хооронд шидэгдсэн 1072 хувьцаа ирэх дөрөвдүгээр сард амь орно гэж компанийн удирдлагууд хэлж байна. Ирэх дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэгж хувьцааны үнэлгээ, ногдол ашгаа хэрхэн тараах талаар нэгдсэн шийдэлд хүрэх юм байна. 

“Аудитлагдсан тайлан удахгүй гарна. Тэгэхээр нэгж хувьцааны ногдол ашиг тогтоох санал тодорхой болно. Энэ саналаа ТУЗ, бодлого барьж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд танилцуулна.  Үүний дараа дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг эцсийн байдлаар тодорхой болно” гэж Б.Ганхуяг ярьсан юм. 

Иргэдийн дунд дотоодын зах зээлд гараагүй учраас ногдол ашиг тараах нь эргэлзээтэй гэгдэж байсан ч компанийн цэвэр ашиг өссөн тул ногдол ашиг тогтооход ямар нэгэн асуудалгүй гэж ЭТТ-ээс мэдээллээ. 

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА

Моонгол улсын Засгийн газрын тогтоолоор тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон. Нэгэнт түүхий нүүрс хэрэглэхгүй тул сайжруулсан түлшний хэрэгцээ гарах нь мэдээж. “Тавантолгой түлш” компанийг үндэслэн сайжруулсан нүүрсний эрэлтийг хангахаар төлөвлөж буй. 

“Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотод ирэх тавдугаар сараас сайжруулсан түлш нийлүүлэхээр төлөвлөж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувиар буурна. Ингэж итгэлтэй хэлж байгаагийн шалтгаан нь Тавантолгойн нүүрс бусад нүүрсийг бодвол бүрэн шаталттай, үнсний хэмжээ бага, хорт хавдар үүсгэх бодис бага гэдгээрээ ялгардаг” гэж Б.Ганхуяг ярьсан юм. 

Тавантолгойн сайжруулсан түлшний нэг тонн бүрийнх нь үнэ 149 мянган төгрөг гэж компани тооцоолжээ. Үнийн  хувьд зах зээлд өрсөлдөхүйц үнэ гэж үзэж буй аж. Түүхий нүүрс хэрэглэхгүй байх тогтоосон хугацааны дараа тус компани 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх судалгаа гарчээ. Ид ачааллын үед гурван шугам нэмэгдэхээр аж. Одоогоор зөвхөн нэг шугам ажиллахад 300 мянган тонн түлш үйлдвэрлэдэг байна.

 “Гурван шугам 24 цаг тасралтгүй ажиллана гэж тооцоолох юм бол 700 мянган тонн сайжруулсан түлж болно” гэж Б.Ганхуяг онцолсон юм.

Тавантолгойн мэдээллээс онцлох гурван мессеж нь энэ байлаа. Компани энэ онд олон жил анхаарлын төвд байсан ч хэрэгжилт нь удаан байсан дэд бүтцийн хөтөлбөрүүдээ хөдөлгөнө гэж мэдээлэв. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Хангимандал чиглэлийн төмөр зам, нүүрс тээвэрлэлтийн орчин нөхцлийг бууруулахад Хятадын талтай хамтарч ажиллана гэдгээ ч мэдэгдэв. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай хамтран 50 мянган хүнтэй хот байгуулах бүрэн боломжтойг ч энэ үеэр онцлов. 

Олон улсын зах зээлд гарахтай холбогдуулан УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд  шаардлагатай ТЭЗҮ болон тайланг энэ хугацаанд дуусгаад байна. Гэхдээ үүнийг хэлэлцэн, эцсийн шийд гаргах нь УИХ. Улс төрийн өнгө будгаар талцан хуваагдаж, гацаанд орсон УИХ үүнийг хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй. Улс төрийн гацаанаасаа салж байж олон улсын зах зээлд гарах, 1072 хувьцаа амь орох хүлээлт бодит ажил болно.