“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалах талаар Лондонд танилцуулжээ
2018.11.27

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалах талаар Лондонд танилцуулжээ

Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах  болсон.

Үүний  бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 23-ны өдөр ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болох “Minex Eurasia”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр оролцжээ. Т.Цогтбаяр Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалах талаар танилцуулжээ.

Minex Eurasia чуулга уулзалтыг жил бүр Английн Гадаад худалдааны яам зохион байгуулдаг. Уг чуулга уулзалтад Евроазийн /Зүүн болон Төв Европ, ОХУ, Төв Ази, Кавказ, Монгол/ арав гаруй улсын хөрөнгө оруулагчид оролцож байна. Чуулга уулзалтыг Лондонд 16 дах жилдээ зохион байгуулж байна. Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлийн хамгийн том арга хэмжээ юм. Уг чуулга уулзалтад нийт 2500 удирдах албан тушаалтан, 100 гаруй ивээн тэтгэгчид, 600 гаруй хөрөнгө оруулагчид, 200 гаруй уул уурхайн компаниуд оролцож байна.

Хуралдааны үеэр Т.Цогтбаяр Лондонгийн хөрөнгийн бирж, Credit Suisse, Samruk-Kazyna Казакстаны баялгийн сан, AMED Funds групп, Visor Capital UK компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцлоо. Мөн компанийн үйл ажиллагааг сурталчилан 24 м.кв бүхий бүхээг ажиллуулж хөрөнгө оруулагчдад  мэдээлэл өгч байна. Чуулганы үеэр EMR Capital компани болон томоохон хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж мэдээлэл өглөө гэж ЭТТ ХК-иас мэдээлэв.