2023.04.20
Т.Аубакир: Ногдол ашиг тараах бус бүтээн байгуулалтын ажилд зарцуулах хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Монгол Улсын өмч, ард иргэдийн өмч Эрдэнэс Тавантолгой компани дээр асуудал даамжраад гэмт хэргийн шинж чанартай, ард иргэдийн боломжийг хулгай хийсэн, Монгол улсын Засгийн газар, улсын өмчид бүдүүлгээр хайр гамгүй хандаж байсан учраас бүрэн эрхт төлөөлөгчийг томилуулан ажиллаж байгаа.
Өчигдөрхөн Эдийн засгийн байнгын хороо болон Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаанаас бүрэн эрхт төлөөлөгчийг сунгаж ажиллуулъя. Монгол Улсын Засгийн газар хяналт тавих ажлаа үргэлжүүлье гэж 6 сарын хугацаагаар сунгах асуудлыг оруулж ирсэн. Миний хувьд үүнийг дэмжиж буй.
Монгол Улсын өмч хөрөнгө, ард иргэдийн өмчид Засгийн газар хяналт тавьж эзэн болохгүй бол өөр хэн эзэн болох вэ. Бүрэн эрхт төлөөлөгчийг сунгалаа, тавилаа гэж буруу ойлголттойгоор шүүмжилж болохгүй. Эрдэнэс Тавантолгой дээр яаж найралж байсныг Монголын ард түмэн бүгдээрээ л харсан. Ажилд томилогдоод очдог, хэрэгт ороод гараад ирдэг асуудал ч гарсан. Тиймээс бүрэн эрхт төлөөлөгч томилогдож байгаад бухимдаад байх хэрэггүй. Засгийн газар хийх ёстой ажлаа л хийж байгаа.
Энэ компани дээр онцгой дэглэм тогтоосонтой зэрэгцээд Монгол улс маань түүхэндээ анх удаа уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах, борлуулах ажлыг эхлүүлсэн. Амжилттай явж байгаа. Үүний үр дүнд валютын ханш тодорхой хэмжээнд буурч, төгрөгийн ханш чангарч, орж ирэх валютын урсгал нэмэгдсэн. Тодорхой хэмжээнд ашигтай ажиллаад болж байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр ганц Эрдэнэс Тавантолгой ч биш төрийн өмчит компаниудын засаглалын хяналтыг сайжруулах шаардлагатай юм байна гэдгийг уг жишээ тодорхой харуулсан. Төрийн өмчит компаниудын асуудлыг цэгцлэхэд Монгол улсын Засгийн газар зоригтой ажиллаад эхэлсэн.
Зайлшгүй хийх ёстой бүтээн байгуулалтын ажлыг Эрдэнэс Тавантолгой компанийн ашгаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэж надад харагдаад байгаа юм. Нэгдүгээрт баяжуулах үйлдвэрийг яаралтай барих хэрэгтэй. Бид нар өнөөдөр 170-180 доллараар нүүрсээ борлуулж байгаа. Угаагаад баяжуулаад гаргавал үүнээс их ашиг олох боломжтой.
Зарим хүмүүс ашгаараа ногдол ашиг өгвөл яасан юм бэ гэдэг. Миний хувьд үүний эсрэг байр суурьтай байдаг. Тодорхой хувийг бүтээн байгуулалтын ажилд зориулж ирээдүйд олох ашгаа нэмэгдүүлэх ёстой. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэх вэ?
Түүний асуултад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариуллаа.