Б.Ганхуяг: 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах санхүүгийн боломж бүрдсэн. Одоо...
2018.12.20

Б.Ганхуяг: 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах санхүүгийн боломж бүрдсэн. Одоо...

Уул уурхайн яамнаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн хурал хийж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон газрын дарга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 200 төгрөгөөр буулгана

-Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байгаа юу. Хятадын тал нүүрсний экспортоо хязгаарлах бодлого барьж байгаа нь үнэн үү. Хятадын талтай албан ёсны уулзалт хийсэн үү? 

-Нүүрсний экспорт буугаагүй. Өнгөрсөн жилд гэхэд Эрдэнэс-Тавантолгой компани түүхэндээ анх удаа 13 сая тонн нүүрс  оны эцсийн байдлаар экспортод гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зөвхөн хилийн тээвэрлэлтийн тухайд жаахан асуудал гарсан. Өдөрт 1000-1500 нүүрс ачсан машин хэлээр гардаг байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сард 300-500 болж буурсан. Энэ талаар Хятадын талтай, холбогдох албаны хүмүүстэй, Элчин сайдтай уулзаж ярилцсан. Өдрийн тээвэрлэлт 1000-1500-д тогтмол байлгана гэж тохиролцсон ч харамсалтай нь тохиролцоондоо хүрч чадсангүй.  Нүүрсний экспорт цаашид хэвийн үргэлжилнэ гэж бодож байна. 

-Шатахууны үнийг дахиад буулгах уу. Засгийн газраас шатахууны үнийг буулгах шийдвэр гаргасан ч шатахуун импортлогчид хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа шүү дээ?  

-Засгийн газар шатахууны үнийг үе шаттайгаар буулгах бодлогыг барьж ажиллаж байна. Шатахууны ханш дэлхийн зах зээл дээр буурсан болохоор үүнтэй уялдуулж, Төв банк болон дотоодын томоохон импортлогчидтой уулзаж шатахууны жижиглэнгийн үнийг 100 төгрөгөөр буулгахаар болсон. Цаашдаа 200 хүртэлх төгрөгөөр буулгах боломжтойд санал нэгдсэн. Арванхоёр болон нэгдүгээр сард буурсан үнээрээ орж ирнэ.  

Д.Ганхуяг: Иргэн бүрт 1072 хувьцаа тараах санхүүгийн боломж бүрдсэн

-Эрдэнэс-Тавантолгой компанийн IPO гаргах ажил ямар шатандаа явж байна вэ?  

-УИХ-ын 2018 оны зургааудугаар сард гарсан 77-р тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой компани  олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох IPO гаргах чиглэл өгсөн. 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж үйл ажиллагаанд мөрдөх дүрэм журмыг гаргаж, холбогдох өөрчлөлтүүдийг хийсэн. Тус хурлаар компанийн бүртгэлтэй холбоотой ялангуяа гадаад, дотоодын хөрөнгийн биржийн шаардлагад нийцүүлсэн хараат болон охин компанийг дангаар болон бусадтай хамртан байгуулах зөвшөөрлийг ТУЗ-д  олгосон. Эрдэнэс-Тавантолгой  компанийн хувьцааг нийтэд санал болгон арилжаалах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ үнэт цаасны зах зээлийн харилцааны эрх зүйн зохицуулалтын хүрээнд олон улсын болон дотоодын зах зээлд үе шаттайгаар үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэх, шаардлагатай зөвлөх үйлчилгээг үзүүлэх чадвартай гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  ажлыг зохион байгуулж, одоогийн байдлаар дөрвөн мэргэжлийн байгууллагыг шалгаруулах үе шатандаа явна. Удахгүй шалгаруулаад хуулийн, аудитын, санхүүгийн болон техникийн дөрвөн зөвлөхийг сонгон шалгаруулж авна. 2019 оны хоёрдугаар сард багтаагаад олон улсын хөрөнгө оруулалтын асуудлаар дүгнэлт гаргах мэргэжлийн оролцогчдыг болон дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх шаардлагатай оролцогчдыг шалгаруулаад дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэргэжлийн оролцогчдыг оруулна гэдэг бол Тавантолгойн IPO гаргах ажлын 50 хувийг хөнгөвчилнө гэсэн тооцооллыг хийж байгаа. 

-2019 оноос 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгож эхэлнэ гэсэн. Энэ ажил юу болж байна вэ? 

-Эрдэнэс-Тавантолгой компани 2 сая 511 мянган хувьцаа эзэмшигч иргэнтэй. Энэ иргэд 14.5 хувийг эзэмшдэг. Аж ахуй нэгж 0.06 хувийг эзэмшдэг. Нийт хувьцааны  85 хувийг нь Засгийн газар эзэмшиж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар удирдамж гаргаж, бодлогоор шийднэ.  Компанийн хувьд бол  хангалттай үр ашигтай ажилласан, ногдол ашиг тараах санхүүгийн боломж бүрдсэн.   

Эрдэнэс-Тавантолгой компани 2018 оны батлагдсан төлөвлөгөө болон олборлох хэмжээ борлуулалт, цэвэр ашиг, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой үүргийг өндөр үр ашигтай давуулан биелүүлсэн. Миний хувьд компанийг үр ашигтай, орлоготой, улсын төсөвт төвлөрүүлэх мөнгийг илүү үр дүнтэй төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Манай компани 2018 онд 10.5 сая тонн нүүрс олборлох үүрэгтэй байсан. Тэгвэл 2018 онд  нийтдээ 13 сая тонн нүүрс олборлоод байна. 13 орчим сая тонн нүүрс экспортолсон. 9,8 сая тонн экспортлох төлөвлөгөөтэй байсан бол 3.2 сая тонн нүүрсээр илүү экспортолсон. Экспортын орлогоо давуулан биелүүлсэн. Борлуулалтын орлого 1.2 их наяд хийх байсан бол өнөөдрийн байдлаар 1.86 их наяд борлуулалтын орлого төвлөрүүлчихээд байна. Улсад 284 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэгтэйгээс өнөөдрийн байдлаар 476 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна. 335 тэрбум  төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаас өнөөдрийн байдлаар 678 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хоёр дахин илүү үр ашигтай ажилласан.

Хувьцаат компанийн үндсэн үүрэг бол  хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараах юм. Ногдол ашиг тараах процесс гурван үе шаттай явагдана. Нэгд, компани үр ашигтай ажилласан байх ёстой. Бид 335 тэрбумаас 680 тэрбумын цэвэр ашигтай ажиллах урьдчилсан хүлээгдэж буй гүйцэтгэл харагдаж байна.  Хоёрт, уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас бодлого гарах ёстой. Үүний дараа компанийн ТУЗ-ын зөвлөлөөр асуудлыг хэлэлцэх ёстой. Хэлэлцэхдээ 12 дугаар сарын 31-ний аудитлагдсан тайлангаар тасалбар болгоод бүх мөнгөн дүн, үр ашгийн тооцоо эцэслэн гарна. Ингээд ТУЗ шийдвэр гаргаад дөрөвдүгээр сард зарлагдах хувьцаа эзэшигчдийн хурлаар ногдол ашиг тараах асуудлыг эцэслэн шийдэх процесс явагдана.