Амарсайхан.С 2019.02.28 | НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, шатаах замаар хаягдалгүй үйлдвэр барина

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Уг төслийг өнөөдөр эхлүүлж шинэ цэвэрлэх байгууламжийн шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.

Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайми, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдана. Үүний 24.7 га буюу 61 хувьд нь барилга байгууламж барих аж. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм байна. ТЭЗҮ-д тусгагдснаар хоногт 250.000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. Гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангах юм.

Шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон жил яригдсан Төв цэвэрлэх байгууламжийн асуудал өнөөдөр шийдэгдэж байгаад баяртай байна. Энэ нь Улаанбаатар хотын 1.5 сая хүний ахуй амьдралтай шууд холбоотой асуудал. Байгууламжтай зэрэгцээд саарал усны үйлдвэр бас баригдана. Ахуйн хэрэгцээний саарал усыг Монгол Улс анх удаагаа ашигладаг болно. Цаашдаа Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжилд энэ цэвэрлэх байгууламж асар том үүрэг гүйцэтгэнэ. Одоо хурдан шуурхай хийж гүйцэтгэх л ажил үлдлээ” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хотын хөгжлийн томоохон үндэс суурь болсон дэд бүтцүүдийн нэг нь яах аргагүй цэвэрлэх байгууламж. Агаар, орчны бохирдол, ундны усны аюулгүй байдал бидэнд хамгийн чухал. Өнөөдөр 200 гаруй үйлдвэр Туул гол руу химийн бодистой усаа цутгадаг асуудал байдаг. Энэ байгууламж ашиглалтад орсноор энэ асуудал үгүй болж, ундны усны бохирдох эрсдэл багасч байгаа” хэмээлээ.

Хаягдал лагийг усгүйжүүлэн хатаах, шатаах замаар хаягдалгүй үйлдвэр барих юм байна. Цэвэрлэгээний процессоос ялгарах үнэрийг агааржуулалтын системээр цуглуулан биологи цэвэрлэгээний аргаар цэвэрлэнэ. Үйлдвэрийг бүхэлд нь хяналт удирдлагын ухаалаг скада системээр тоноглохоор ТЭЗҮ-д тусгажээ.

Шинэ цэвэрлэх байгууламжийг "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" барих юм. Үндсэн барилга байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөсөн байна.