"Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залууууд" Олон Улсын чуулган болж байна
2023.08.22

"Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залууууд" Олон Улсын чуулган болж байна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүлэмжийн хийг 12.3% бууруулах зорилт тавьж, улмаар Монгол Улсын нэгдэн орсон Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН) зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсны дагуу салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аймаг, орон нутгийн оролцоог ханган, зорилтот үйл ажиллагааг хүүхэд, залуучуудад сурталчлах шаардлагатай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэхээр БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ санаачлан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд олон улсын чуулган”-ыг зохион байгуулж байгаа юм.

Залуусын дуу хоолойг сонсох, сайн туршлагыг хуваалцах нь олон талт оролцоог хангаж, шинэлэг инновацын төв бий болгон, залуучуудын манлайлалтай Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулахад энэхүү чуулганы зорилго оршино.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганд 200 гаруй хүүхэд залуучууд танхимаар болон цахимаар оролцож байна.

Чуулганаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчны асуудалтай холбоотой бодлого, шийдэлд хүүхэд залуучуудын хувь нэмрээ оруулах чадвар, хүчин чадал, мэдлэг ба харилцаа холбоог бий болгож, бэхжүүлэх, хүүхэд залуучуудын дуу хоолой, үзэл бодол ба санааг уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн бодлого боловсруулах үйл явц, харилцан ярианд бүрэн оролцуулах байдлыг хангах, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын Бага Хурлын (COP) үйл явцад хүүхэд залуучуудыг хэрхэн үр дүнтэй оролцуулах загварыг гаргах, уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөлийн хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулна.

Чуулганаас дараах үр дүн гарахаар төлөвлөж байна.

  • Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцогч талууд тэр дундаа хүүхэд залуусын хувь нэмэр, хамтын ажиллагааны хүрээг илүү тодорхой болно,
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээний амжилттай хэрэгжиж буй сайн туршлагуудын мэдлэг солилцох, таниулах, хамтын ажиллагааны шинэ боломжууд, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх шинэ сувгуудыг нээнэ,
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хүүхэд залуучуудын оролцоог эрчимжүүлж, нэгдсэн санаачилга гаргахад зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэнэ,
  • Эрүүл мэнд, жендeр, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендeрт суурилсан хүчирхийлэл, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлт болон бусад ТХЗ-уудын хоорондын уялдаа холбоог олж тогтоох, залуучуудыг чадавхжуулах, инновацын хакер/төв бий болгох зэрэг залуучуудын манлайлалтай иргэний нийгмийн хөдөлгөөний төсөл боловсруулах зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.