Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо
2025.03.17

Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Байлдааны гавьяа болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, 101 жилийн түүхтэй Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр ангийн удирдлагуудтай хугацаат цэргийн алба хаагчидтай англи хэл, зарим сургалтын талаар ярилцах үеэр хуримтлалын оновчтой шийдэл, санхүүгийн суурь мэдлэг олгох зорилготой “Level Up” хөтөлбөрт нийт бие бүрэлдэхүүнийг хамруулах талаар санал солилцлоо.

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн алдраар овоглосон энэ хамт олон Төрийн ёслолын арга хэмжээ, тэр дундаа дипломат ёслолын үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. Төрийн торгон цэрэг хэмээх эрхэм тодотголтой Төрийн хүндэт харуул тусгай ротын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэд түүхт энэ хугацаандаа төрийн болон цэргийн ёслолын нийт 5966 үүргийг нэр төртэй биелүүлж иржээ.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн цэргүүд алба хаах хугацаандаа цэргийн болон тусгай мэргэжлийг өндөр түвшинд суралцаж, эзэмшиж байна. Төрийн хууль, журмыг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлдэг, орчин цагийн эрх зүйн өндөр соёлтой иргэн болж төлөвших нь Зэвсэгт хүчний салбарт төдийгүй нийгэмдээ зөв үлгэрлэл, манлайлал болж, цэргийн албаны нэр хүнд, бахархлын залгамж халаа болох учиртай билээ.